|

Монгол шүүгчийн асуудал Путины хэмжээнд очлоо

Чөлөөтөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Оросын аварга шалгаруулах тэмцээн сүр дуулиантай эхэлсэн шигээ төгсгөлөө адилтгасан.

Оросын аварга шалгаруулах тэмцээнээр Монгол шүүгчдийг луйвар хийсэн гэх асуудал даамжирсаар Ерөнхийлөгчийн чихэнд хүрлээ. Тэмцээний үеэр ерөнхийлөгч В.Путин Грек улсад айлчлал хийж байсан.

Дуулианы эхлэл Оросын АШТ-ий 57кг-д хагас шигшээд дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Исмаил Мусукаев нарын барилдаан. Рио-2016 зорихын төлөөх Якут, Дагестан бөхийн тэмцлийг олон улсын шүүгч Д.Сэрээтэр дэвжээнд шүүсэн. Хэрхэн шүүснийг барилдаанаас үзээрэй. 


Үүнээс л үүдэж дэвжээнд бужигнаан үүсч Дагестаны багийн дасгалжуулагчийн зүгээс шударга бус шүүлт боллоо, барилдааны дүнг эргэн харахыг шаардсан. Оросын спортын бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шүүгчидтэй хамтран бичлэгийг үзэж барилдааны дүнг хэвээр үлдээж  дөрвөн шүүгчийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан. Энэ барилдаанд Анатолий Ковалёв /Орос/, Ашот Хачатрян /Армян/, Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нар шүүгчээр ажилласан юм.

Шүүгч нарыг хөөсөн ч Дагестаны баг тайвширсангүй шударга бус шүүлттэй тэмцээн хэмээн бөхчүүдээ оролцуулахгүй гэдгээ мэдэгдээд орхиж явсан.  Орос гүрнийг төлөөлж "Рио-2016” олимпийн наадамд оролцох бөхчүүдийн чухал тэмцээн байсан учраас энэ асуудал ёстой л нэг газар авч орхив.

Орос, Дагестаны хэвлэлээр Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар бус Монголын шүүгчид хэмээн муугаар бичигдэж байна. Дагестаны тал төдийгүй ОХУ-ын бөхийн хүрээллийн томчууд дуугарч эхэлсэн бол дэмжлэг авсан бөх Виктор Лебедев уучлалт хүсч олимпийн наадамд оролцохгүй гэсэн мэдэгдэл хийлээ.

ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко

ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко

 "Дагестаны бөхчүүд тэмцээнийг орхиж явна гэдэг нь их эвгүй сонсогдож байна. Би энэ үйлдлийг сайшаахгүй байна. Би ерөнхийлөгч М.Мамиашвилитэй утсаар ярьж байдлыг хяналтдаа авахыг хүссэн. Шүүгчдийн зүгээс алдаа гарсан бол шийдвэрийг өөрчлөх боломж байх ёстой, барилдааныг дахиулчихаж ч болно шүү дээ”.

ОХУ-ын  чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили

ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили

"Энэ барилдаанд техникийн алдаа гаргсан. Олон улсын бөхийн дүрмээр Исмайл Мусукаев 4-2-оор Виктор Ледеведийг хожсон. Гэвч шүүгч нарын шийдвэр нэгэнт гараад хожсон болохоор олон улсын бөхийн дүрмээр  шүүгчдийн шийдвэрийг буцаах эрх байхгүй. Тийм болохоор энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөхөд олимпийн эрх олгохгүй болсныг мэдэгдэж байна. Яаж олимпийн эрхээ авах вэ гэхээр олон улсын тэмцээнд оролцсон байдал, магадгүй ахиж сорилт барилдаан явуулж байж шийдвэр гаргана” хэмээн тавдугаар сарын 27-нд мэдэгдэл хийсэн.

Олимпийн гурван удаагийн аварга, ОХУ-ын Төрийн думын гишүүн  Александр Карелин 
Олимпийн гурван удаагийн аварга Александр Карелин

"Шүүгч хэдийгээр хүн ч гэсэн алдаатай шүүх эрхгүй. Муу шүүлтээс болж онцгүй явдал гарлаа. Тус барилдааныг хянасан шүүгчдийн багийг шийтгэх ёстой. Манай дотоодын тэмцээнийг Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон гэж үү”.

Якутын бөх Виктор Лебедев

Дэлхийн хошой аварга Лебедев

"Энэ жил манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон нь үнэн. Миний талд шүүж байгаа нь өөрт минь таалагдаагүй. Шүүгч нар миний талд байсан нь үнэн. Би тасархай түрүүлэхийг хүссэн ч тэр хэмжээнд бэлтгэлгүй байсан минь үнэн. Мусукаев, Богомоев нартай хийсэн барилдаанаа дүгнэхэд би үнэндээ ялагдсан.

Би "Рио-2016”-д оролцохгүй. Олимпийн наадамд түрүүлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байгаа ч алтан медаль зүүхдээ би баярлахгүй. Сэтгэлд нэг юм үлдчихлээ. Намайг луйвардаж шүүлээ гэхэд би тэсээд гарч чадна. Харин намайг илт дэмжиж ялуулахыг би тэвчихгүй. Надад хүн чанар бий. Тамирчин хүний ард гэр бүл бий. Олон жил хөдөлмөрлөж хөлс хүчээ шавхчихаад луйвардуулж ялагдана гэдэг ямар хэцүү байдгийг би мэднэ”.

Дагестаны бөх Исмаил Мусукаев

Европын залуучуудын аварга Исмаил Мусукаев

Би гомдолтой байна. Лебедев өөрийн хүчээр ялаагүй гэдгээ мэдэж байсан. Шүүгч нар алдаа гаргасан. Тэмцээнийг зохион байгуулагч нутгийн бөхийг илт дэмжсэн. Би өрсөлдөгчөө цохиогүй. Тэр ч намайг цохиогүй. Бид хоёр нэг, нэгнийгээ түлхсэн. Дагестаны баг тэмцээнийг орхиж явсан талаар гэвэл бид нэг баг. Хэрвээ өөр бөхийг шүүгч ингэж луйвардсан бол би ч гэсэн орхиод л явах байсан.

Дагестаны дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов

Оросын аварга шалгаруулах тэмцээнд яагаад Монгол шүүгчдийг дуудсаныг ойлгохгүй байна. Тэд хэнд хэрэгтэй юм. Тэд Оросын шүүгч нараас юугаараа илүү байж чадах юм. Эсвэл өмнө нь энэ тэмцээнд Монгол шүүгч нарыг бас урьж байсан юм уу.

Дагестаны "Яблоко” намын төлөөлөгчид Якутад болсон дээрх тэмцээний талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гомдол гаргажээ. "Алсын хараагүй албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж ОХУ-ын эв нэгдэл, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, улс орны нэр хүндэд аюул учирч байна. Дэлхийн хошой аварга Виктор Лебедев нь Якутын хамгийн том "ALROSA- Diamonds of Russia” компанийн захирлын туслах Михаил Эверстов гэдэг хүний хүргэн. Түүнчлэн Лебедевийн хадам аав нь Сахагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Егор Борисовын дотны найз. Иймээс энэ удаагийн тэмцээнд албан тушаалтнуудын нөлөө орсон гэж Дагестаны "Яблоко” намын гишүүд үзэж байгаа аж. Путин илгээсэн захидалдаа Монгол шүүгч нар шүүгчийн байж боломжгүй бүдүүлэг алдаа гаргаж улмаар Лебедев ялалт байгуулсан талаар дурджээ. 

"Владимир Владимирович та өөрөө тамирчин хүний хувьд ялалт ямар өндөр үнээр олддог болохыг сайн мэднэ. Амжилтад хүрэх, урагшаа явахын тулд тамирчин хүний хувьд тэмцээн, уралдаан шударга явагдана гэсэн итгэл үнэмшил хэрэгтэй байдаг. Михаил Эверстов шиг хүмүүс олимпийн наадамд дагестаны тамирчидгүйгээр оролцсон ч болно гэж хэлж байхад манай тамирчид ямар сэтгэл зүйгээр дэвжээнд гарах вэ. Иймээс Якутад болсон тус тэмцээнийг нарийн мөрдөн шалгах мөн Виталий Мутко, M.Mамиашвили, Д.Тевеев, E.Борисов, М.Эверстов зэрэг хүмүүсийг шалгах тушаалыг ОХУ-ын Мөрдөн байцаах хороонд гаргах хүсэлтийг танд явуулж байна” гэжээ.

Дагестанчуудын гомдол цаашлаад энэ асуудал Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд хүрэх байх. Рио-2016 олимпийн наадмыг Б.Төмөрбаатар шүүгч шүүхээр болсон. Гэтэл олимпийн наадмын хариуцлагатай цаг үед Монгол шүүгч, бөхчүүдийн эсрэг том турхиралт боллоо. Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спорт хөгжлийн төв, Эрүүл мэнд спортын сайд үүнд анхаарлаа хандуулж хариуцлага тооцох ёстой. Виктор Лебедев шиг Монгол шүүгч та ОХУ болон Дагестаны чөлөөт бөхийн шигшээ багаас уучлалт гуйж чадах уу.

594
  • Хойд Солонгосын “Spice Girls” хамтлаг Үзсэн   2037 2015-01-21
  • Бурханы дуу хоолой Үзсэн   898 2017-04-03
  • Хятадууд өндөгийн ингэж хуурамчаар хийдэг юм байна Үзсэн   2900 2014-08-29
  • Банан хүртэл дуулж байх юм хаха Үзсэн   1336 2014-08-12
  • 21 дарь эхийн ачлал Үзсэн   2450 2014-07-17
  • Оклахома Сити Тандер цувралын эхний хожлоо байгууллаа (Тоглолтын тойм бичлэгтэй) Үзсэн   837 2016-05-18
  • В.Путин бол ДААМ байнаа /Орос улсад од болж байгаа бичлэг/ Үзсэн   9816 2015-03-24
  • Гэрийн нөхцөлд өндөгтэй бургер хийх арга Үзсэн   1666 2015-08-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.