|

“РУБИК ШООГООР хичээллэснээр IQ НЭМЭГДЭЖ, СЭТГЭН БОДОХ чадвар тэлдэг”

Монголын рубикчид улсын дээд амжилтыг 19 удаа эвдсэн талаарх мэдээллийг бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан билээ. Тэгвэл хравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотод болсон Азийн рубик шооны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тус багийнхантай бид сонирхолтой яриа өрнүүллээ.


Зүүн гар талаас Ө.Мягмардорж, С.Бат-Эрдэнэ, Ш.Мөнхдэлгэр,
"МонГул Куберс" клубын ахлагч Б.Есүхэй, Б.Отгонбаяр, Х.Наранхун, Э.Эрдэнэмандах нар

 

YOLO: Юуны өмнө Азийн рубик шооны тэмцээнд амжилттай оролцоод ирсэн нь баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар яриач?
Б.Есүхэй: Хятадын Бээжин хотноо болсон Азийн аварга шалгаруулах рубик шооны тэмцээнд "Mongol Cube” клубийн тамирчид оролцоод ирлээ. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1100 гаруй тамирчин өрсөлдсөн. Манай  тамирчид нийт 11 төрөлд оролцсон ба улсын рекордыг давтагдсан тоогоор 19 удаа эвдэж, шинэчлэн тогтоосон.

Бидний хувьд энэхүү тэмцээн анхны бөгөөд хамгийн том олон улсын тэмцээн байсан. 19 удаа дээд амжилтаа эвдэж, хагас шигшээд шалгарсан маань ирэх тэмцээнүүдэд илүү амжилт үзүүлэх урам болсон.

YOLO: Рубик шооны спорт хэзээнээс үүссэн бэ?
Б.Есүхэй: Дэлхийн шооны үүсэл 1975 оноос эхтэй. Анх худалдаанд гарсан даруйдаа маш богино хугацаанд олон хувь борлуулагдсан бүтээгдэхүүн гэдгээрээ нэгдүгээрт ордог, түүний дараа iPhone утас ордог юм байна лээ. 80-аад оны эхэн үе хүртэл маш их дэлгэрсэн. Хамгийн анхны дэлхийн аваргын тэмцээн 1982 онд зохион байгуулагдсан ба Тайланд гаралтай Мих Тай хэмээх залуу 22,85 сек-ийн хугацаанд эвлүүлж байсан. 80-аад оны сүүлээс хөгжил нь буурсан ч 2000 оны эхээс дахин хүчээ авч 2003 оноос хойш Дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа зохиогддог болсон.

YOLO: Харин Монголд хэзээнээс үүссэн бэ?
Э.Эрдэнэмандах: 1980-аад оны үеэс л эхтэй юм байна лээ. Залуучуудын холбооны дэргэд шоон тэмцээн зохиогддог байсан. Тухайн үед хүүхдүүд их хичээллэдэг, аваргуудаа тодруулдаг байсан гэсэн.

YOLO: Рубик шоог зөвхөн IQ өндөртэй эсвэл сэтгэн бодох илүү чадвартай хүмүүс тоглох ёстой гэж зарим хүн ташаа боддог. Ер нь хэдэн ч настай хүн тоглож, хичээллэж болох уу?
Э.Эрдэнэмандах: Тэгэлгүй яахав. Шоон спортоор хичээллэхэд хүний IQ нэмэгдэнэ. Оюуны спортын нэг төрөл гэдэг утгаараа олонд илүүтэй танигдсан тоглоом. Зарим хүн яг таны хэлсэн шиг ойлгох гээд байдаг. Гэтэл үүнийг ямар ч насны хэн ч сурах боломжтой. Бүр маш сайн ч сурах боломжтой. Хамгийн багадаа гурван настай хүүхдэд ч зааж байсан. Мэдээж сурах хугацаа нь харилцан адилгүй л дээ. Рубик шоонд чадварлаг 3 нас 2 сартай Хятад хүү Гиннесийн номд ч бичигдсэн нь бий. Тэгэхээр энэ маань насны хувьд хязгааргүй тоглоомын нэг төрөл, хэдэн ч наснаасаа, ямар ч IQ-тэй хүн хичээллэж болно.

Зургийг хажуу тийш гүйлгэнэ үү.

 
 

YOLO: Энэ спортоор хичээллэснээр хүний ямар чадвар илүүтэй хөгждөг юм бол?
Хоёр гар, тэр дундаа арван хуруу зэрэг ажиллаж байна гэдэг нь баруун зүүн тархи хоёул ажиллаж байна гэсэн үг. Мөн өнгийг маш хурдан ялгаж харснаар харааны чадвар сайжирна, хурдан бодохын тулд сэтгэн бодох чадвар сайжирна. Маш бага хугацаанд шийдвэр гаргаж эвлүүлэх оролдлого хийдэг учир хувь хүний зан төлөвд ч аливаа зүйлийг хурдан хугацаанд сэтгэн хийх чадварыг суулгаж өгдөг. Сурах тусам л IQ нэмэгдээд байна гэсэн үг. Би хэдий багшлаад явж байгаа ч сурч амжаагүй арга барил байдаг.

YOLO: Шоог эвлүүлэхийн тулд аргачлал их чухал байх тийм үү?
Тийм, их олон аргачлал байдаг. Жишээ нь 3x3 харьцаатай шоог ямар ч нөхцөлд байсан хамгийн багадаа 20 үйлдлээр эвлүүлж болдог. Хурдлах тусам л аргууд нь нарийсч тооцоолол нь ихсэж байдаг гэсэн үг. Энэ нь цаанаа математикийн ухааныг бас агуулж байдаг. Мөн хуруу гарын хөдөлгөөн маш чухал, хурдан хөдөлгөх ёстой. Үүнийг шооны спортод finger trick гэж нэрлэдэг. 15 секунд ажиглаад, төлөвлөсний дараа шоогоо эвлүүлж эхэлнэ.

YOLO: Шоон спортоор хичээллэснээр өөр гарсан ямар өөрчлөлт байна вэ?
Э.Эрдэнэмандах: Би анх 10 наснаасаа сурсан. Тухайн үед IQ-ийн сургалтанд явдаг байсан, мөн би тийм ч сайн байгаагүй. Төгсөхөөсөө сарын өмнө шоон спортоор давхар хичээллэж эхэлсэн. Харин төгсөх үед IQ маань огцом өсөж 128 болсон байсан. 10 настай хүүхдийн хувьд энэ нь их өндөр тоо. Тэгэхээр энэ бол яах аргагүй хүний  IQ-д нөлөөлдөг спорт юм.

Ө.Мягмардорж: Би бага болон дунд ангидаа тогтож сууж чаддаггүй, ер нь л их сахилгагүй хүү байсан. Шоо эвлүүлдэг болсноосоо хойш ер нь тэвчээртэй, суух чадвартай болсон гэж өөрийгөө боддог. Мөн мэдээж сэтгэн бодох чадвар нэмэгдсэн.

9 настай Ш.Мөнхдэлгэр: Би жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Ой тогтоолт сайжирсан, тэр маань ч хичээлд их хэрэг болж байгаа.
 

 

 

 

YOLO: Яаж ч үзээд ерөөсөө эвлүүлж чадахгүй байвал яах вэ?

Ө.Мягмардорж: Нухаад л байна. (инээв) Нухсаар байгаад заавал эцсийг нь үздэг.
Б.Есүхэй: Унтахаасаа өмнө эвлүүлж байж санаа амрах тохиолдол ч байна. Өдөрт заавал нэг удаа эвлүүлэхгүй бол ямар нэгэн зүйл дутуу байгаа юм шиг санагддаг. Шоо эвлүүлэх нь нэг бодлын амралт болж оюуны алжаал тайлж чаддаг.

YOLO: Дэлхийн рекорд хэдэн секунд байдаг юм бол?
Үндсэн төрөл буюу 3x3 харьцаатай шоог 4,90 сек-ийн хугацаанд эвлүүлсэн Америкийн 15 настай Лукас Иттер гээд хүү бий. Тэр өнгөрсөн хавар дэлхийн рекордыг ийнхүү шинэчлэн тогтоосон. Дэлхийн рекордуудыг эвдэж байгаа тамирчдын хувьд нас нь улам залуужиж байна. Сая Азийн тэмцээнд Зибро Шюү хэмээх 10 настай  хүү финалд үлдэж чадсан бол Солонгосын тамирчин Син Юу Нам гэдэг 15 настай хүү түрүүлсэн. Тэгэхээр энэ спортоор амжилт гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байдаг.

YOLO: Оролцохоор төлөвлөж буй дараагийн тэмцээн уралдаан юу байна?
2017 оны долдугаар сард Франц улсад Рубик шооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно, үүнд бид оролцох бодолтой байна. Наана нь буюу он гаргаад Хятад эсвэл ОХУ руу тэмцээнд оролцох төлөвлөгөө байна. Учир нь Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцохын тулд наана нь сайн бэлтгэж өөр жижиг тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй.

YOLO: Шоо эвлүүлдэг хүүхдүүд их олон байдаг уу?
Эвлүүлж чаддаг гэвэл мэдээж олон хүүхэд байгаа байх. Аргачлалыг нь сайн мэддэг, хурдан хугацаанд эвлүүлж сурсан нь гэвэл манай клубын төгсөгч мянга гаруй хүүхэд бий. Хөдөө орон нутгуудын ч хүүхдүүд байдаг. Одоогоор шоон холбоо болон төв байхгүй учир нарийн тоон мэдээлэл байхгүй байна.

 

 

 

YOLO: Хүүхдүүд өөрсдөө аргачлалыг нь бие даан сурах боломж хэр байдаг вэ?
Тэр маш боломжтой. Интернэт хөгжчихсөн энэ үед бүх мэдээллийг тэндээс авчихаж байна. Бидний ихэнх нь аргачлалыг ютүбээс үзэх, PDF файлаар нь татаж, ном товхимолоос унших гэхчлэнгээр сурч байсан. Тэгэхээр шоо эвлүүлэх аргыг бие даан өөрөө сурах боломж их байдаг ч мэргэжлийн багшаар заалгавал илүү хялбар, хурдан хугацаанд сурах боломжтой.

YOLO: Тэгэхээр сонирхогч хүүхдүүдийг нэг дор цуглуулж, чадавхжуулахын тулд цаашид та бүхэн үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ?
Шоон спортыг олон нийтэд илүү их түгээн дэлгэрүүлэх, чадварлаг тамирчдыг бэлтгэх цаашлаад тив, дэлхийн гээд олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох зорилготой байна. Тиймээс одоо "МонГул Куберс" клубээ төрийн бус байгууллага болгон өргөжүүлж илүү өргөн хүрээтэй ажиллах болно. Ингэснээр бид шоон спортоор хичээллэхийг хүссэн хүүхдүүдийг идэвхижүүлж чадавхжуулах, мөн мэргэжлийн тамирчин бэлтгэх, тэдний дунд дотоодын тэмцээн уралдааныг зохиох, сургалт зохион байгуулах, сургуулиуд дээр өдөрлөг болон сургалт зохион байгуулах болно.

Тиймээс сонирхож байгаа, шоонд дуртай, шоо эвлүүлдэг хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцох болон сургалтанд хамрагдахад манай үүд хаалга үргэлж нээлттэй. Сургалтанд 6-аас дээш насны ямар ч хүүхэд хамрагдах боломжтой. Мөн албан байгууллагатай хамтарч ажиллаж, компанийн логог олон шоогоор өрж хийх, ажилтан болон суралцагчдад хичээл заах боломжтой.

YOLO: Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Биднийг урьж ярилцсанд маш их баярлалаа.

 

1293
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.