|

МАНЗУШРИ ХИЙДИЙГ ЖИЛД 1.3 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БОЛГОНО

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
 
Манзушри хутагт сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачлагын дагуу Төв аймгийн нутаг дэвсгэр, Манзушри хийдийн суурин дээр "Манзушри цогцолбор” аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар болжээ.
Гурван зуун жилийн түүхтэй Манзушри хийдийн түүхэн дурсгалт цогцолборыг сэргээн засварлаж, түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох төслийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах уулзалт өдөрлөг өнөөдөр Монголын архитектурын ордонд боллоо. Манзушри хийдийг жилд 1.3 сая хүлээн авах хүчин чадалтай аялал жуулчлалын цогцолбор болгосноор дэлхий даяар амьдарч байгаа 530 сая буддын шашинтныг татах нэг гол эх сурвалж болно гэдгийг төслийг санаачлагчид хэлж байлаа Энэ төслийн хүрээнд жуулчдын шилжилт хөдөлгөөний урсгалыг сайжруулах ажлын хүрээнд Манзушри-Цэцээ гүн-Зайсан толгой чиглэлд дүүжин лифт татаж чадвал жилд 1.3 сая хүнд үйлчилнэ. Харин Манзушри-Цэцээ гүн чиглэлд татвал 800,000 хүнд үйлчлэх боломжтой юм байна. Хэрвээ 17.4 км урттай дүүжин лифтийг татвал дэлхийн хамгийн урт дүүжин лифт болохын зэрэгцээ жуулчид, иргэдийн нийт шилжилт хөдөлгөөний 77 хувийг дангаар гүйцэтгэх юм байна. Энэхүү дүүжин гүүр нь 6.1 метр секундын хурдтайгаар явах бөгөөд Зайсангаас Цэцээ гүний орой хүртэлх зайг ердөө 13 минутад туулах тооцоо гарчээ. Нийт 114 тэрбум төгрөгөөр 17.4 км дүүжин лифтийг татах бөгөөд жилд 13-14 тэрбум төгрөгийн орлогыг уг гүүрээр олох тооцоолол гарчээ. Манзушри цогцолборын нийт төсөвт өртөг нь 270 орчим тэрбум төгрөг боловч улсын төсвөөс 37 тэрбум төгрөг, бусад бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх бүрэн боломж байгаа аж. Хэрвээ энэ төсөл бүрэн хэрэгжвэл анхны хөрөнгө оруулалтаа 8.3 жилийн дотор нөхөн олох тооцоо гарсан байна. Манзушри цогцолборыг байгуулахын тулд одоогийн хамгаалалтын бүсийг 12 га талбайгаар нэмэгдүүлж, 49 га болгох аж. Энэ төслийн зөвлөхөөр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ажилласан бол төслийг санаачлагчаар УИХ-ын гишүүн М.Энхболд ажиллажээ.
Ерөнхий архитектор н.Ганзориг:
Манзушир цогцолбор төслийг бид Байгаль орчны яамны захиалгаар гүйцэтгэлээ. Уламжлалт шашин соёлын аялал жуулчлалын концепц, уламжлалт хэв маягийг орчин үеийн архитектурын хэв маягтай сүлж өвөрмөц шийдэл бүхий зураг төслийг гаргалаа.  Энэ төслийн хүрээнд гурван орноос бүрдсэн орон зайн бүтцийн загварыг зурлаа. Төлөвлөлтийн дизайныг судалгааны багаас өгсөн санал дүгнэлтэд суурилан хийсэн. Хот мандлыг суурийг дөрвөлжин, гурвалжин, дугуй сууриар хийлээ. Богд Уулын энгэрт, Манзушир хийдийн суурин дээр Монголын анхны их, дээд сургуулийн анхны шав тавигдаж байсан юм билээ.  Энэхүү аялал жуулчлалын цогцолбороо Майдар хот, Зуун мод хот, Нисэхийн шинэ суурьшлын бүсийн хөгжилтэй уялдуулан төлөвлөлтөө хийсэн. Манзуширийн хийдээс Цэцээ гүний оргилтой холбосон каблекар татахаар төлөвлөсөн.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
Манзушри цогцолбор төслийг өнөөгийн түвшинд хүргэсэн "Арчер” ХХК-ийн хамт олонд, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье. 2010 онд долдугаар Манзушри хутагт тодорсны дараа Манзушри хутагт санг хэсэг хүмүүс байгуулж намайг тэргүүнээр сонгож байсан. Бид долдугаар Манзушри хутагтын үйл ажиллагааг дэмжих, өмнөх дүрүүдийн бүтээл туурвилыг судлах, сурталчлах, ажлыг хийж байгаа. Бид Төв аймгийн хойд аманд байгаа Манзушри хийдийн үйл ажиллагааг сайжруулах санаачлагаа холбогдох байгууллагуудад танилцуулж байсны дүнд өнөөдрийн амжилтад хүрлээ. Түүх соёлын дурсгалт газрыг хөгжүүлснээр Улаанбаатар хоттой хамгийн ойр, олон улсын түвшинд хүрсэн төслийг боловсруулж чадлаа. Яагаад Манзушри цогцолборын төслийг санаачилсан бэ гэхээр энэ хийд Монгол Улсын нийслэлтэй түүхэн сэжмээр салшгүй холбоотой. Анхдугаар Манзушри хутагт 1790 онд тодорсны дараа шашин номын үйлээ эхлүүлж, Монголын сүсэгтнүүд 1937 оныг хүртэлх хугацаанд 21 том байшин барилга, сүм хийдийг босгож чадсан юм аа. Хэдхэн хоногийн дараа буюу есдүгээр сарын 06-ны өдөр долдугаар Манзушри маань гэвш цолыг хамгаалах ёслол болно. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:
Олон эрдэмтэн мэргэд энэ төсөлд оролцож байгаад баяртай байгаа. Энэ бол гарцаагүй бидний хийх ёстой ажил. Улс оронд маань ч хэрэгтэй. Олон газрын жуулчдыг татахад ч тэр, шашин номыг хөгжүүлэхэд ч тэр. Энэ газар бурхны шашинтай холбоотой учраас Монголын төр харж байдаг юм. Бурхны шашин дэлгэрээгүй улс орон дэлхий дахинд нэг ч байхгүй гэдгийг Заваадамдин тэргүүтэй шашны мэргэд тогтоосон байдаг. Монгол Улсад бурхны шашин гурван удаа дэлгэрч байсан баялаг түүхтэй. Шашин ч бай, төрч бай, өөрийн гэсэн бодолтой, өөрсдийнхөө толгойг дааж явах цаг болсон. Сүсэгтэн олныгоо дотооддоо татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон. Наймдугаар Богд Жибзундамба өөрөө өөртөө зарлиг гаргаж, шашин номын ажлаа өөрөө хийдэг болгож байсан түүхтэй. Бид өөрсдөө ашигтай зүйлийг дэлгэж, хийх цаг ирсэн. Хүний эрх, эрх чөлөөг чөлөөтэй тавьсан энэ цаг үед шашнаар ард түмнийгээ нэгтгэж байгааг бид бусад улсуудаас харж болно. АНУ-д ч тэр, Европод ч тэр.

630
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.