|

“Каннын арслангууд 2014”-ийн “Гар утас”-ны төрөлд шалгарсан шилдэг рекламууд

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээллийн чөлөөт урсгал бий болсноор өөрт хэрэгтэй мэдээллээ мэдлэг болгон ашиглаж чаддаг нэгэнд нь гайхалтай боломжуудыг нээгдсээр.

Өмнө нь хүн өөрт шаардлагатай мэдээллээ сонгодог байсан бол өнөөдөр гудманд асах гэрэлт самбараас эхлээд байрны цахилгаан шатан дотор наасан хуулгууд хүртэл бидэнд мэдээллийг тулгадаг болж.

Радио, телевиз, сонин, интернэт сайтуудын тоо асар олон болж, мэдээллийн тоо төрөл, өнгө будаг эрс нэмэгдлээ. Үүнд реклам ч багтана.

Нэгэнт биднийг чиглэх мэдээллийн суваг олширсон болохоор зарим нь залхах маягтай болж, зөвхөн өөрийн орон зайг бий болгохоор FB, Twitter-ийг илүүд үзэх болов. Харин мэдээлэл болон реклам боловсруулагчид өрсөлдөөний орчныг маш сайн мэдэрдэг.

Тэд улам их овсгоо самбаа гарган, зах зээл дээрх олон мянган бүтээгдэхүүн дундаас зөвхөн нэгийг нь товойлгон гаргаж чаддаг. Энэ бол реклам бүтээгчдийн ур чадвар. Хэдийгээр бүх маркетерүүд худалч гэдгийг бид мэддэг ч тэдний санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээнд өөрийн эрхгүй хошуурдаг. Энэ нь өнөөх л рекламны ид шид. Хэдхэн секунд үргэлжлэх реклам бүтээх ажил нь он цагийн уртад мэргэжлийн өндөр ур, бүтээлч санаа, шинэлэг байдал зэргийг шаардах болов.

Иймд кино урлагийн хамгийн алдар хүндтэй шагнал болох Каннын наадмыг зохион байгуулагчид "Каннын арслан” гэх шинэ шагнал гардуулах болсон нь адтай реклам бүтээгчдэд зориулжээ.

58 дахь жилдээ болсон энэ жилийн уралдаанд нийт 37 мянган бүтээл ирүүлсэн гэхээр "Каннын арслан” уралдааны цар хүрээ хэрхэн өргөжсөнийг бэлхнээ харуулна. Хэвлэмэл реклам, гудамж талбайн реклам, шууд худалдаа, танилцуулга, олон нийттэй харилцах, загвар, гар утас, кампанит ажил болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн 18 төрөлд дээрх бүтээлүүд өрсөлджээ.

Эдгээрээс 1143 бүтээлийг "Алтан арслан”-гаар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг л гэхэд 9500 хүн үзэж сонирхжээ. Тэдний 2000 нь бүтээлээ өрсөлдүүлсэн рекламчид.

Энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон бүтээл ирүүлснийг зохион байгуулагчид дэлхийн эдийн засгийн хямрал замхарч эхэлсний шинж гэж дүгнэжээ.

Мөн 37 мянган бүтээлээс интернэт, гар утасны технологиуд толгой цохиж байсан ч рекламчид ирэх жилүүдэд телевиз, хэвлэл бидний амьдралд чухал байр суурь эзэлсээр байх болно гэдэгт санал нэгджээ.

2011 оноос эхлэн Каннын олон улсын рекламны наадмын нэрийг "Шинийг бүтээгчдийн наадам” болгон өөрчилсөн юм. Ингэснээр шинэ бодол, бүтээлч санаа рекламчдын төвлөрөх ёстой гол ажил гэдгийг харуулахыг зорьжээ.

Долоо хоног үргэлжилдэг наадмын үеэр дэлхийн өнцөг булангаас ирсэн рекламчид зөвхөн өрсөлдөөд өнгөрдөггүй. Тэд олон тооны хэлэлцүүлэг, хуралд оролцон, салбарын шилдгүүдээсээ үг сонсдог юм.

Ингээд 2014 оны Mobile буюу Гар утасны төрөлд тэргүүлсэн гурван бүтээлийг танилцуулъя.

NIVEA PROTECTS буюу NIVEA ХАМГААЛДАГ

Энэ нь сайн видео клип болсны сацуу олон нийтэд түгсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьжээ. Үр дүнд нь олон зуун эцэг эх энэ апликэйшнийг гар утсандаа татаж авсан байна. Удалгүй NIVEA SUN KIDS-хүүхдийн нарны тосны борлуулалт Рио Де Жанейро хотод 62 хувиар өссөн амжилт үзүүлсэн юм.

Гар утаснаасаа дээрх рекламыг үзсэн 10 хүн тутмын 8 нь эпликэйшнийг татаж авчээ. Мөн иргэдээс NIVEA компанид хандан, хүүхэд хамгаалах бугуйвчийг өдөр тутам зүүх боломжтойгоор үйлдвэрлэх хүсэлт маш их иржээ.

Nivea хамгаалдаг эпликэйшн хэрхэн ажилладаг вэ?

Ялангуяа залуу ээжүүдэд ихээхэн тус дэм болох энэ эпликэйшнийг утсандаа суулган, хүүхдэд бугуйвчийг нь зүүлгээд, тухайн бугуйвчийг утсандаа таниулна. Дараа нь хүүхдийнхээ танаас холдох хамгийн хол зайг сонгоод л болох нь тэр. Таны сонгосон зайнаас хүүхэд чинь хэтэрсэн бол таны гар утсанд дохио өгнө. Радарын тусламжтай ажиллах энэ системийг ээж аавууд наран шарлагын газарт, паркт, тоглоомын талбай, нийтийн усан сан зэрэгт өргөн ашигласан байна.

Стратеги

Энэ ажлын гол зорилго нь хүүхдийн нарны тос хэрэглэгчдийн тоог өсгөх байв. Ингэхдээ тэд "NIVEA ТАНЫ ХҮҮХДИЙГ ХАМГААЛДАГ” гэдэг мессежийг л эцэг эхэд өгөхийг зорьжээ. Наран шарлагын газарт хүүхдүүд алга болох нь түгээмэл байдаг нь реклам бүтээгчид санаагаа олоход нь тусалжээ.

 

 

 

 

ТА ЮУ Ч СОНСОХГҮЙ Ч...

Энэ кампанит ажлыг Австралид явуулжээ. Та ... дугаар руу залгахад танд хэн ч хариулахгүй. Гэхдээ таны нэгж унана. Энэ нь Австралийн ахмад дайчдад туслах зорилготой, хөрөнгө босгох кампанит ажил юм. Залуу үе рүү чиглэсэн энэ ажил маш их амжилтад хүрч, гурван сая ам.доллар босгожээ. Энэ мөнгийг ахмад дайчид болон тэдний гэр бөүлд зориулсан байна. Энэ кампанит ажил одоо ч үргэлжилсээр байгаа юм.

Чимээгүй нэг минут

Кампанит ажлыг санаачлагчид шинэ дугаар аваад, үүнийгээ ЧИМЭЭГҮЙ НЭГ МИНУТ гэж нэрлэжээ. Та тэр дугаар руу залган, нэг минут хүлээхэд л хангалттай. Зээлийн картаар төлөх, эпликэйшн татах шаардлагагүй. Дараа нь танд видео мессеж ирэх бөгөөд нэгэн ахмад дайчин талархлаа илэрхийлдэг байна.

Хандивын аяны рекламыг хэвлэмэл, видео, аудио зэрэг олон төрлөөр бэлтгэн, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр түгээсэн байна.

Стратеги

Австралийн ахмад дайчдад зориулан анх удаа хөрөнгө босгосон нь энэ биш юм. Өмнө нь ахмадууд өөрсдөө гудманд гарч, тэмдэг сэлт зэргийг худалддаг байжээ. Гэтэл өнөө үед хүмүүс картаар төлбөр тооцоогоо хийх болж, бэлэн мөнгө авч явах нь ховор болов. Мөн ахмад дайчдад туслах аянд өндөр настнууд идэвхтэй оролцдог ч залуу үеийнхэн хойрго хандах болжээ. Иймд тэдэн рүү чиглэсэн, шинэ арга зам хайх шаардлага үүсчээ. Ингээд хүн бүрийн халаасанд байх ухаалаг утас ашиглахаар шийдсэн байна.

 

 

 

 

ЦУСАН ГУУРС

Энэ рекламыг бүтээгчид 2013 оны хоёрдугаар сараас эхлэн телевизээр нэг цагийн шоу хийж эхэлжээ. Тэднийг Sony зэрэг олон компани дэмжсэн байна. Ингээд зургаадугаар сараас эхлэн "Цусан гуурс” нэвтрүүлгийг Японы телевизүүдээр шууд дамжуулах болжээ.

Цусан гуурсны стратеги

Японд нэг жилд 100 сая ширхэг телевиз, 50 сая ширхэг ухаалаг гар утас худалддаг байна. Эдгээрийг хослуулах хэрэгтэй гэсэн санаанаас төсөл мэндэлжээ. Ингээд олон нийтийн, харилцан үйлчлэлтэй, энтертэйнмэнт систем байгуулсан байна. Энэ нь олон сая телевиз үзэгчдэд телевизээ үзэнгээ ухаалаг утсаараа тоглоомд оролцох боломжийг бүх орон даяар олгосон юм. Тоглогч зөвхөн утасныхаа дэлгэц рүүгээ харах бөгөөд түүний үйлдэл тэр даруйдаа телевизийн дэлгэц дээр тодорч, өөрийнх нь төдийгүй найзуудынх нь оноог хэлэх нь олон сая Япончуудад зугаатай санагдсан байна.

Цусан гуурсны үр дүн

Энэ төсөл амжилтад хүрсэн тул Японы зургаан гол телевиз "Цусан гуурс” бүтээгчдэд санал тавин, ижил төрлийн өөр шоуг хамтарч хийе гэжээ. Ингээд телевиз, ухаалаг утсыг хослуулсан 30-аад нэвтрүүлэг төрөн гарсан байна. Эдгээрийг ивээн тэтгэсэн компаниуд ч сэтгэл хангалуун байна. "Цусан гуурс”-ын ялагчдад 10 ам.долларын худалдан авалт хийх эрх өгч байв. Нэвтрүүлийн дараа буюу 30 минутын дотор ялагчдын 70 хувь нь цахим худалдааны сайтад гишүүнээр бүртгүүлжээ.

Иймд зөвхөн эхлэл нь байсан "Цусан гуурс” төсөл цаашид дэлхий нийтийн энтертэйнмэнтийн чиг хандлагыг өөрчилж болзошгүй гэж үзэж байна.

 

 

 

1040
  • Баярцэнгэл Ган-Эрдэнэ - Чамтай хамт явмаар байна Bayartsengel Gan-Erdene - Chamtai hamt ywmaar baina Үзсэн   639 2019-03-25
  • ХИЛЭН МУСК Үзсэн   3975 2014-07-21
  • Mask Production - 4 ихэр Цоо шинэ хошин шог Үзсэн   2240 2016-08-08
  • Монголчууд 1980 онд Олимпийн аваргатай болж байсан бичлэг Үзсэн   1436 2015-09-21
  • Дэлхийн хамгийн азтай залуу /Бичлэг/ Үзсэн   1294 2014-11-17
  • 1 ХОРОМ "ЧОНО ХАМТЛАГ" Үзсэн   471 2019-03-25
  • С.Кэрриг Пол Жорж зогсоох уу? эсвэл ЛеБрон уу? Үзсэн   997 2015-12-07
  • Ээдээ энэ эрчүүд үү: Дэргэд суугаа залуу чинь ингээд байвал яах вэ охидоо Үзсэн   2546 2015-02-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.