|

Ард түмнээ мэхлэх гэсэн эрх баригчдын оролдлого талаар болов

2015 оны 2 сарын 23-ны шөнө. Яг энэ шөнө Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ноён уул, "урт нэртэй” хуулиа хамгаалан өлсгөлөн зарлагсдыг эрх баригчид хүчээр тарааж магад гэдэг түгшүүр хүмүүст хэдийнээ байсан. Учир нь өмнөх өдрүүдэд, ихэвчлэн шөнө дөл болсон хойно элдэв мэдэгдэл бичиг гардуулах гэж оролдох зэргээр цагдаагийн дарамт ямагт мэдрэгдэж байв. Нээрээ ч тэр орой 22 цагаас эхлэн талбай хавийн цагдаагийн хамгаалалт гэнэт нэмэгдэж, хэдэн зуун цагдаа цугларав. Сүхбаатар дүүрэг дээр хоёр ачигч машин, талбайн хажууд эмнэлгийн хоёр машин, олон тооны цагдаагийн машин бэлэн зогсож, ачааны том тэрэг хүртэл иржээ. Удалгүй цагдаа нар зам хааж тэмцэгчдийг бүслэн талбай руу зүглэгдсийг оруулахгүй болов. Бас тагнуулын тусгай хэрэгсэл ашиглаж утасны сүлжээг унагаасан тул Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдэх залуус болж буй явдлын талаар утсаар ярих, Фэйсбүүкээр мэдээлэх боломжгүй болов. Тэр бүү хэл төв шуудангийн ард ачааны машинтай буутай цэргүүд нуугдаж байхыг харсан гэж гэрчлэх хүн ч цөөнгүй байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдыг хамгаалахаар ирсэн 50 орчим залуус болон охид, бүсгүйчүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул заналхийлж эхлэв. Иймд Босоо Хөх Монгол бүлгэмийнхэн гэрээ тойрон хамгаалж, цагдаа нарыг ирэхэд элдэв эсэргүүцэл үзүүлэхгүй, тайван байхыг цугларсан залууст чандлан захижээ.

Утасны сүлжээ унаснааc хойш хэдхэн минутын дараа буюу шөнийн 12 цаг орчимд цагдаагийн хурандаа нар ирж, Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамжийг уншиж, албадан буулгах тухай мэдэгдэв. Хариуд нь өлсөгчдийг эмнэлэгт бүгдийг нь цугтаа байлгахыг зөвшөөрвөл шаардлагыг хүлээж авна гэж Босоо Хөх Монгол бүлгэмийн удирдагчид хэлжээ. Ингээд талууд тохиролцож, өлсөгчдийг гаргаж машинд ачсан байна. Энэ тухай цагдаагийн ерөнхий газрын хурандаа Б.Баатархүү "Өлсгөлөн зарлаж байсан 7 хүний эрүүл мэнд доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн …тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан… "Босоо Xөх Монгол” ТББ-ын өлсгөлөн зарласан гишүүд ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эмнэлэг рүү явсан…Өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлэг рүү авч явахад иргэд, цагдаа нарын дунд ямар нэгэн зөрчил гараагүй” гэж мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, өлсгөлөн зарлагсад эмнэлэг рүү сайн дураараа явахад анд нөхөд нь гар даллаад үлдсэн гэх.
 
 

Тэгвэл цагдаа нарыг явмагц гар утас нь ажилд орсон залуус "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өлсгөлөнг цагдаа нар хүчээр тарааж, Босоо Хөх Монгол бүлгэмийн удирагч залууст хүч хэрэглэн халдаж, чирч гулдарсаар машиндаа чихээд явчихлаа” гэсэн хэдэн зуун мессэж бичсээр үлдсэн юм. Хамгийн идэвхтэйгээр зураг, видео тавьж байсан нэг охиныг бас цагдаа нар саатуулж, шөнийн 4 цагийн орчимд суллахдаа бүх зураг, видеог нь устгасан байв. Талбай дээрээс тарсан зарим залуусыг гэртээ харихад араас нь цагдаагийн машин гэрт нь орох хүртэл дагасан байна. Түүгээр ч зогсохгүй, тэнд байсан хоёр сартай жирэмсэн эмэгтэй T.-г Босоо Хөх Монголынхны машиныг ачуулахгүй гэснийх нь төлөө баривчилж, бас бүх явдал дууссаны дараагаар Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж, Хөшөөний тэнд очиж дээлээ нөмрөн хэвтсэн 2 залууг ч бас баривчилж тус тус хорьсон байна.

 



 

Тусгай ажиллагааны үеэр цагдаагийнхан зураг авч бичлэг хийсэн залуусын камер, гар утасыг хурааж, мэдээллийг устгасан. Тийм болохоор цагдаа нар өөрсдийн хийсэн бас бузгай монтаажтай бичлэгийг онлайн тавьж, бүх юм хуулийн хүрээнд болсон гэж мэдэгдэж байгаа юм. Харин та бодит үнэнийг мэдэхийг хүсвэл устгалд оролгүй үлдсэн доорх бичлэгийг үзээрэй. "Цагдаа нарын шаардлагыг биелүүлж нийгмийн хэв журам зөрчихгүй байхыг хүсье!” гэж чанга дуугаар тасралтгүй уншиж сүрдүүлсэн энэ бичлэгийг анхааралтай үзвэл:

3:35 —өлсгөлөн зарлагсдыг машинд ачиж байгаа,
4:05 — Босоо Хөх Монгол бүлгэмийн Удирдах Зөвлөлийн (УЗ) гишүүн Төмөрсүхийг 6 цагдаа хүчлэн гулдчиж, машин руу чихэж байгаа. Цаана нь хүмүүс "аллаа!” гэж хашгирч байгаа,
4:48 — Босоо Xөх Монголын УЗ-ийн тэргүүн Баяраа, УЗ-ийн гишүүн Бээжин (малгай өмссөн нь–Э.А.) нарыг олны дундаас 10 гаруй цагдаа чирч түлхэн гаргаж, машин руу чирж байгаа зэрэг цагдаагийнхны хүч хэрэглэсэн үйлдлүүд нь тодорхой харагдаж байна.

 

 

 



 

Эрх баригчдын найруулсан жүжиг энэ удаа амжилтгүй боллоо. Залуус маань эх орон, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг, ухаантай, зоригтой, тэвчээртэй бас эв нэгдэл, зохион байгуулалттай гэдгээ нотлон харууллаа. Тэд цагдаагийн хүчээр түрээ барьж, энгийн номхон иргэдийнхээ эрхийг зөрчиж, дээрэлхэн хүчирхийлж буй эрх баригчдын зүүдэг ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ, АРДЧИЛСАН гэдэг хуурамч багийг хуу татаж чадлаа.

Та нартаа баярлалаа. Ноён уул, "урт нэртэй” хуулиа хамгаалах бидний тэмцэл үргэлжилсээр байна.

 

Э.Амарлин

 

Э.Амирлингийн бусад нийтлэлийг түүний Golomt.org вэблогоос уншина уу?

1126
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.