|

Үхэлд хүргэх аюултай хулхи архи орж ирэх эрсдэлтэй

- Хойд хөршид хуурамч архинаас үүдэн 18 хүн нас баржээ -

Шинэ он солигдох мөч хаяанд ирсэн энэ өдрүүдэд  "Хуурамч архи хил дамнан орж ирэх аюул нэмэгдэж байна” гэсэн мэдээллүүд дотоодын болон гадны хэвлэлүүдэд бичигдэх боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжинням "Гар дээрээс орос архи худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус. Мөн хуурамч бүтээгдэхүүн байх магадлал маш өндөр” хэмээн анхааруулсан байна. (эх сурвалж )

Учир юу гэвээс, харилцан визгүй болсон хойд хөршид маань ганцхан сарын өмнө 18 хүн чанаргүй, баталгаагүй архи ууснаас хордож үхсэн тухай мэдээлэл цацагдав. Бас болоогүй, өөр 35 хүн өнөө маргаашаа хүлээн сэхээн амьдруулах тасагт хэвтэн шаналж байгаа талаар мужийн эрүүл мэндийн газраас түгшүүр зарлан мэдэгдэл хийсэн билээ. Хэрэг явдал Красноярск хотод болсон тухай анх "Риа Новости” мэдээлж байсан юм.

Хуурамч архины чимээ бүр ч наашлах болж, Эрхүү, Улаан-Үд хотуудад хэд хэдэн хуурамч архины бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг болж таарлаа.  Хэдийгээр Оросын тусгай албаныхан, хуулийн хүрээнийхэн нэн даруй өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хуурамч архи байж болзошгүй сэжигтэй шилэн савлагаа бүхий согтууруулах ундаа илэрвэл даруй цагдаагийн хэлтэст авч ирэхийг олон нийтэд уриалсаар байгаа ч нууц бүлэглэлүүдийн арга улам л нарийсах төлөвтэй болжээ. Тэр хэрээр далд гараар эргэлдэж буй хуурамч савлагаатай архи, согтууруулах ундааны тоо хэмжээ асар их байгааг орос "ах нар” нуусангүй.     

Үхэлд хүргэх хортой архи орж ирвэл яах вэ?

Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн мэдээ байдаг. Улмаар ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн талаар мэдээлэл өмнө нь цацагдаж байсан юм. Бүр, гаалийнхан нэгдсэн хяналт шалгалт явуулахад өдөрт хэд хэдэн удаа хил нэвтэрч, хэдэн арван литр архи оруулж ирдэг бүлэглэл эрчээ авсан байна. Гаалийнхан өдөр шөнөгүй хяналт шалгалтын ажлаа хийдэг боловч Эрхүү, Улаан-Үдээс чанарын баталгаагүй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус, тусгай зөвшөөрлийн тэмдэгт үгүй архи, согтууруулах ундаа мэр сэр хил давахгүй байгаа гэх баталгаа үгүй. 

Хэдийгээр үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан боловч хил гаалиар орж ирж байгаа архины үнэ хямдхан учраас иргэдэд баталгаагүй, хаана үйлдвэрлэж, ямар найрлагатайгаар савлагдсан эсэх нь чухал биш болоод байна. 

МХЕГ-ын сэрэмжлүүлэгт, шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски,  конъяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ. Энэ сэрэмжлүүлэгт таны зайлшгүй анхаарах зүйл бол "Виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүр”-ээс авахгүй байх явдал. Сарын өмнө архинд хордож өөд болсон 18 хүний нэг нь Чувашит амьдардаг цагдаагийн алба хаагч байсан. Тэрээр найзуудын хамт наргихдаа дөнгөж өглөө нь баталгаагүй дэлгүүрээс хурааж авсан чанарын тэмдэгтгүй архийг хүртсэнээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байх юм. 

Харилцан визгүй болсноос хойш урд хөрш Хятадаас генийн аргаар үржүүлсэн зургаан хөлт тахиа, сэнснээс гаргаж авсан хуурамч тос орж ирэх аюул харанга дэлдэж байхтай зэрэгцэн хойд зүгээс ОХУ-ын хил дамнан техникийн спиртээр сүрдүүлсэн чанарын баталгаагүй согтууруулах ундаа оруулж ирэх явдал маш их эрсдэл дагуулсаар байна. Иргэн та эрүүл мэнд, амь нас ганцхан гэдгийг ухаарч хил, гаалиар орж ирж буй согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний чанарын тэмдэгтийг зайлшгүй шалгах, эсвэл дотоодын үйлдвэрийн стандартад нийцсэн, чанарын тэмдэгттэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн найдвартай арга гэж манай улсын хууль хяналтынхан давхар сануулж байгааг тунгааж үзээрэй.

Архины импортын татварыг нэмэх нь зүйтэй

ОХУ-ын зах зээлд борлуулагдаж буй согтууруулах ундааны зах зээлийн 30 хувь нь чанарын баталгаагүй, техникийн спиртээр нэрсэн үхэлд хүргэх аюултай байж болзошгүй талаар тус улсын эрх баригчид албан ёсоор анхааруулаад байгаа. Тэгвэл хөрш зэргэлдээ манай улс хилээр орж ирж буй архины онцгой албан татварыг дотоодын бүтээгдэхүүнтэй тэнцүүлэх бодлого яригдаж эхлээд байна. Үүнээс болж дотоодын согтууруулах ундааны бүтээгдэхүүнд тавих чанга хяналт сулардаг гаж үзэгдэл тогтоод байна. Бас иргэдэд хямдхан архи оруулж ирж ашиг унаган, наймаа хийх сэдэл төрдөг бөгөөд Оросын хуурамч архи үйлдвэрлэдэг бүлэглэлүүд тэдгээр иргэдийн тархийг угааж, баталгаагүй бүтээгдэхүүн шахаж эдийн засаг, эрүүл мэндэд нь шууд заналхийлэл учруулах явдал он гарсаар хавтгайраад байгаа. 

Хямд архи орж ирэх нөхцөл хэд хэдэн үндсэн шалтгаанаас бүрдэж байгаагийн нэг бол чөлөөт худалдааны гэрээгээр хэд хэдэн оронтой хил, гаалийн ижил тэгш татвар баримталдаг стандарт. ОХУ-аас чанаргүй, хууль бусаар үйлдвэрлэгдсэн үхэлд хүргэх аюултай бүтээгдэхүүн орж ирэх гол нөхцөл нь дотоодын бүтээгдэхүүнтэй яг ижил татвар ногдуулдагт оршиж байгаа. Ингэснээр хямд үнэтэй чанаргүй архийг хилээр оруулж ирэх урсгал үлэмж нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй хүчин зүйл үүсээд байна.

Алтанбулагт согтууруулах ундаа оруулж ирдэг бүтэн сүлжээ бий болсон

Энэ талаар Шингэн хүнс үйлдвэрлэгчдийн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батгэрэлийн хэлснээр Алтанбулагт архи согтууруулах ундаа оруулж ирдэг бүхэл бүтэн сүлжээ дэлгүүр бий болсон гэнэ. Тэрбээр "Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд  манай улсын иргэд визгүй зорчдог, хүнсний бүтээгдэхүүн ихээр импортлодог хойд, урд хоёр хөршийн хуурамч хүнсний бүтээгдэхүүнд илүү болгоомжтой хандах ёстой болоод байна” гэв. 

Түүний жишээ татаж ярьснаар "Хятадын Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компани хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрсэн. Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригдсан. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлж байсан” гэжээ. 

Эцэст нь Оросоос орж ирж буй хуурамч архины талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжинням анхааруулга өгсөнийг бүтнээр нь хүргэе. Тэрбээр "Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотойгоор гар дээрээс орос архи худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус. Мөн хуурамч бүтээгдэхүүн байх магадлал маш өндөр. Иймээс ер нь болж өгвөл орос архийг гар дээрээс худалдан авахгүй байх нь эрүүл мэндээ хамгаалсан алхам болно” гэжээ. 

 

 

 

Т.Бат

time.mn

1238
  • Жижигхэн машин бас л авсаархан юм аа, мөргөлөө ойлоо Үзсэн   10058 2014-08-01
  • Тэнгэрээс ер бусын дуу нүргэлжээ /видео/ Үзсэн   980 2016-10-29
  • " Хийморь орших нутаг " Дуучин: Н.Дашдэмбэрэл /МУСТА/ Г.Батсүх /МУСТА/ Д.Пэрэнлэйлхавга /МУСТА/ Үзсэн   576 2020-11-30
  • Маск - Ач хүү /хошин шог/ Үзсэн   1829 2015-01-15
  • "Элсэн уран зураг"-ийн гайхамшиг /Frozen/ Үзсэн   2897 2014-07-23
  • Г.Эрдэнэчимэг "Мөнх тэнгэрийн хурай" Үзсэн   763 2018-03-05
  • Г.Уянга: Шударга ёс эвсэл наймаа хийж байна Үзсэн   1267 2015-12-11
  • Бэлтгэлээ хийгээд гарсан тамирчдаас татаас авах нь зөв үү Үзсэн   554 2019-12-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.