|

Р.Чойном: Нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулья

Нүгэл хэмээн маяглаж

Нүдээ таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдая

Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг  алдаршуулъя

Янаг минь, чи хувцсаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ

Яг л урд минь, чи бүрмөсөн нүцгэл

 Алдарт зураачийн зурсан

Адам Ева хоёр шиг

Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа

Рафаэлийн биирээр амилсан

Амирлангуй нэгэн дүр

Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө

Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг

Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа

Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан

Янаг минь, чи хувцсаа бушуухан тайл

Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн

Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл

Газрын холоос  цанган анган тэмүүлсээр

Гал халуун нулимсаа хаян мансуурдаг

Гар хүрвэл хиртчихмээр ариухан

Гантиг чулуун цээжийг чинь бахдая

Залуу насны чадал дуудсан оргил шиг

Замба тивийн тахилга нь болгон шүтмээр

Ганган шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг

Ганган товчлуурт мээмийг чинь бахдая

Занабазарын урласан дарь эх шиг

Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахдая

Бүхэл зуунаар шагших найрагчийн

Бүжин хархан нүднээс албаар доошлон

Бүлээн халуун эсээр цангаа тайлан

Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя

Тансаг дээд нейлон капроныг

Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй

Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж

Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя

Нүцгэн бие мандтугай

Нөмөрсөн хувцас нүд далд хаана

Нүцгэн бие нүглээ нуудаггүй

Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна

Нүгэлтэй юм хаана байна?

Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь

Гүйцэд харах хүслэн надад байна.

Усны цээлд жараахай шиг булгилан

Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь магтъя

Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж 

Жавхаалаг биений чинь илчийг хүртэж хайрлаж

Хуурын хялгас шиг уян зөөлөн

Хун цагаан  гарыг чинь бахдая

Сар хүртэл сүүтгэнэн чичигнэх

Сайхан цагаан хасыг чинь алдаршуулъя

Уруул хацрыг улам доошлуулж

Уудам хорвоотой учран золгохоор

Хайлан уйлан тэмүүлж гарсан

Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя

Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч

Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн

Хүн бүхний яс цусанд шингэсэн

Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя

Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр

Эр хүн эр хүнээс төрсөнгүй

Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг

Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж

Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан

Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахдая

Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж

Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн

Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя

Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг

Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя

 

2125
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.