|

Сэлбэгээ МАШИН болгож зардаг, даварсан ЧЕНЖҮҮД

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Монголчуудын дийлэнх нь Японоос оруулж ирж байгаа хуучин машин унадаг. Монголоос гадна Орос, Шинэ Зеланд, Мянмар, Тайланд гээд дэлхийн 20 гаруй улс Японоос машин импортолдог ажээ. Эдгээр улсын зарим нь япон машиныг хил гаалиар нэвтрүүлэхдээ маш нарийн шалгуур тавьдаг гэнэ.

Жишээлбэл, ОХУ гэхэд таван жилээс дээш ашигласан, осолд орсон машиныг хилээрээ нэвтрүүлдэггүй бол Шинэ Зеландад зөвхөн 4 үнэлгээтэй, 100 мянган км-ээс бага явсан гүйлттэй машиныг хилээрээ оруулахыг зөвшөөрдөг. 

Харин Монголд бол Японд авто замын осолд орсон, засвартай, 300-600 мянган км-ээс дээш гүйж, ашиглалтын хугацаа нь дууссан машиныг ч гаалиар нэвтрүүлж, өнөөдөр бидний дийлэнх нь тэдгээр машинаар хөл залгуулдаг. Хууль, дүрэм журамдаа ч шалгуур үзүүлэлт тавиагүй учир энэ мэтээр хог, хаягдал болсон машинууд Монголын хилээр чөлөөтэй орж ирсээр л байдаг. Иргэд хамаг мөнгөө зориулж, банкнаас зээл хүсч, машин авлаа гэж боддог ч яг үнэндээ зөвхөн сэлбэг худалдаж авдгаа мэддэггүй нь харамсалтай. Магадгүй, мэддэг ч энэ нөхцөлтэй эвлэрсэн ч байдаг байх. 

Дийлэнх иргэд осолд ороод тохиргоо нь алдагдсан, аюулгүйн дэр нь задарсан, гүйлтийг нь ухраасан, засвар хийсэн (Вьетнам засвар) машиныг шалгаж авч мэдэхгүй учир ихэвчлэн хямд үнэтэйгээс нь түрүүлж сонголт хийдэг. Ингэснээр өөрийнхөө амь нас, гэр бүл цаашлаад орчин тойрноо эрсдэлд оруулж байгаа гэдгээ бид төдийлөн ухаж бодохгүй байна. Хэдхэн хоногийн өмнөхөн Prius-30 маркийн автомашины батерей дэлбэрч, хажууд нь байсан машинууд ч шатаж, гэмтсэн осол гарсан. Хэрвээ тэр машин хөдөлгөөнд оролцож явах үед дэлбэрсэн бол хүний амь эрсдөх өндөр магадлалтай байсан. 

Арлын орноос авчирч байгаа автомашинуудын дийлэнхийг Auction буюу дуудлага худалдаанаас авч, Монгол руу зөөвөрлөдөг гэдэг. 

Япончууд дуудлага худалдаагаар зарах машиныхаа бичиг баримтыг цэг, таслалын алдаагүй бүрдүүлдэг зарчимч улс. Тиймээс хэрэв та орж ирсэн машин худалдаж авах гэж байгаа бол тийм бичгийг шалган, нягталж үзэхэд гэмгүй юм. Учир нь саяхан Японоос дуудлага худалдаагаар дамжуулан авч, Монголд авчирсан машинууд эвдрэл гэмтэлтэй олон машин байгаа тухай хил дээрх гаалийн агуулахын бичлэг дэлгэгдэж, шуугиан тариад байгааг сануулъя. 

Бичлэгээс харахад, Японы экспортлогч SBT, INLINE компаниас оруулж ирсэн эвдрэл, гэмтэлтэй автомашинууд агуулахад байсан бөгөөд худалдан авагчид нь ихэвчлэн ченжүүд байсан гэх. Уг нь зүй ёсоороо бол Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэтэл ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичигтэй болгон өөрчлөх мэтээр иргэдийг хуурах аргыг сурамгай эзэмшиж, даджээ.  Албаны эх сурвалжийн тодотгосноор бол гаалиар эвдрэлтэй машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг байна. Тэрхүү сэлбэг хэмээн оруулж ирсэн машиныг ченжүүд  бүтэн болгоод зардаг аж. Тээврийн хэрэгслийг аукцион, импортлогч улсын техникийн паспорт, гаалийн албан татвар төлсөн бичиг зэргийг нь үндэслэн үзлэгт оруулдаг. Үзлэгт оруулж, стандартын шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа тухайн тээврийн хэрэгсэлд гэрчилгээ, дугаар олгох ёстой. Үзлэгт ороод тэнцээгүй бол дугаар, гэрчилгээ олгодоггүй. Эвдрэлтэй автомашин бүртгүүлэхээр орж ирвэл гэмтлийг нь тодорхойлоод засуулаад ир гэх шаардлага тавьдаг байна. Харин эвдрэлтэй ченжүүд машиныхаа эвдрэл гэмтлийг засахын оронд, эврэлтэй гэсэн бичгийг засчихдаг аж. 

2017 онд улсын хэмжээнд зам тээврийн 30,588 осол гарч, амиа алдсан хүний тоо гурван хувиар өсч, 980 хүн хүнд, хүндэвтэр бэртжээ.

Замын цагдаагийн газрын статистикт дурдсанаар, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дунджаар зам тээврийн ослын улмаас жилд 500 хүн нас барж, түүнээс гурав дахин олон тооны хүн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Монгол Улс сүүлийн долоон жилийн хугацаанд зөвхөн зам тээврийн ослоор 4000 гаруй хүнийхээ амь насыг алдсан байна.

Харин эдгээр авто ослын нэлээд хувийг "Жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон” гэх шалтгаан эзэлж байгааг анхаарна уу!!! Импортоор орж ирж байгаа машинуудад тодорхой шаардлага тавьж, анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг дээрх тоо баримтууд хангалттай илтгэнэ. Тийм ч учраас сэлбэг оруулж ирчихээд түүнийгээ МАШИН болгон зардаг даварсан ченжүүдэд хэзээнээс хариуцлага тооцдог болохыг асуумаар байна. Хэрвээ Монгол Улсад энэ мэт эвдрэл, гэмтэлтэй машин оруулж ирэхийг бүр мөсөн зогсоочихвол зам тээврийн осол багасахаас гадна Улаанбаатар хотын энэ их түгжрэл ч буурах бүрэн боломжтой билээ. 



1045
  • Дуучин Т.Ариунаа “21 жилийн дараа” эргэн ирлээ Үзсэн   655 2017-10-21
  • Шанелийн Хүүхдийн загварын үзүүлбэр Үзсэн   749 2018-06-01
  • Ангараг дээр ус УРСАЖ байна Үзсэн   1158 2015-09-29
  • “Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Амьдрал чиний төлөө” Үзсэн   1609 2014-08-16
  • Urban Talk S02E03 Үзсэн   754 2019-10-28
  • Хээрийн сургуулийн үеэр нам унтсан цэргийг "олзолсон" нь /бичлэг, хөгжилтэй/ Үзсэн   724 2016-12-14
  • Дэлхийд Ганцхан МОНГОЛ НААДАМ 2013-7-11 Үзсэн   2335 2014-07-18
  • Э.Энх-Эрдэнэ I 3-р шат I Дугаар 2 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1416 2016-11-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.