|

Бээжин 2022: Олимпын тэнгэрт гялалзсан шинэ од 15 настай Камила

Бээжингийн өвлийн олимп эдгээр өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Өвлийн олимпын хамгийн их үзэгчтэй, өрсөлдөөнтэй төрөл бол уран гулгалт. Бээжингийн олимпод шуугиан тарьж, олны анхаарлыг татсан шинэхэн од Камила Валиевагийн талаарх баримтуудыг хүргэж байна.  

КАМИЛА ОЛИМПЫН НААДМЫН ТҮҮХЭНД ДӨРВӨЛСӨН ЭРГЭЛТ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙ УРАН ГУЛГАГЧ БОЛЛОО

Энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн богино болон чөлөөт үзүүлбэрт өрсөлдөж буй ОХУ-ын тамирчин 15 настай Камила Валиева ОХУ-ын шигшээ баг багийн төрөлд алтан медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал энэ сарын 6-нд болсон эмэгтэй богино үзүүлбэрт тэрбээр 90.18 оноо авч, уран гулгалтын шигшээ багаа эхний байрт авч ирсэн. Улмаар өнөө өглөө болсон чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан риттбергер, гурвалсан аксель гэсэн уран гулгалтын төрлийн хүнд элементүүдийг маш чадварлаг гүйцэтгэн, 178.92 оноо авлаа. Ингэснээр багийн тэмцээний нийт дүнгээр ОХУ-ын шигшээ баг 74 оноо авч, олимпын алтан медаль хүртлээ. Тэрбээр уран гулгалтын түүхэнд дөрвөлсөн эргэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгалч боллоо. Энэ бол Камилагийн анхны олимп гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

УРАН ГУЛГАЛТААР ГУРВАН НАСТАЙГААСАА ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН 

Камила Валиева гурван настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн. Түүний анхны дасгалжуулагч нь Ксения Иванова байв. Камила таван нас хүртлээ балет, бүжиг, гимнастикаар зэрэг хичээллэж байсан ч эцэст нь уран гулгалтын спортод анхаарлаа хандуулахаар шийджээ. 2018 оноос тэрбээр алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлага руу шилжсэн юм. Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн одууд болох Юлия Липницкая /2014 оны Европын аварга, "Сочи-2014” олимпын наадмын багийн алтан медальтай/, Алина Загитова /2018 оны Пёнчаны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрлийн олимпын аварга/, Евгения Медведева /2018 оны Пёнчаны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрлийн мөнгөн медальт тамирчин/ нарыг олимпын медальд хүргэсэн билээ.  

КАМИЛА НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД ХОЁР АМЖИЛТЫГ НЭГЭН ЗЭРЭГ ЭВДСЭН 

Орос, Европын аварга, өсвөр үеийнхний 2020 оны дэлхийн аварга Камила Валиевагийн хувьд өнгөрөгч 2021 онд насанд хүрэгчдийн тэмцээнд орж эхэлсэн бөгөөд түүний анхны тэмцээн нь Финланд улсад зохиогдсон "Finlandia Trophy" байсан юм. 

Тэрбээр тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэг өдөр дэлхийн хоёр дээд амжилт эвдэж шуугиан тарив. Тодруулбал тухайн тэмцээний үеэр Камила богино үзүүлбэрээр 74.93 оноо, чөлөөт үзүүлбэрээр 174.31 оноо авч өмнөх дэлхийн дээд амжилтыг найман оноогоор ахиулав. Улмаар түүний хоёр үзүүлбэрийн нийлбэр дүн 249.24 оноо болсон нь мөн л дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.  


ТҮҮНИЙ ҮЗҮҮЛБЭРИЙН ДАРАА ӨРСӨЛДӨГЧИД НЬ БҮГД СУУДЛААСАА БОСОЖ, АЛГА ТАШИВ

15 настай Камила охин Бээжингийн олимпын уран гулгалтын чөлөөт үзүүлбэрээ үзүүлсний дараа түүний бүх өрсөлдөгчид суудлаасаа босож, алга ташиж баяр хүргэв. Валиева тус үзүүлбэрээрээ 90.18 оноо авч, багтаа арван оноо авчирсан. Улмаар багийн тэмцээний нийлбэр дүнгээр Орос нэгдүгээр байр руу дээшилсэн. Камила Валиевагийн чадварыг өрсөлдөгчид нь үнэлж, бүгд хүлээн зөвшөөрсний илрэл хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхлэх бөгөөд Камила Валиева мөн адил өрсөлдөх юм. 

792
  • Grand VS Prius20 - Аль нь түрүүлэх вэ Үзсэн   946 2016-12-07
  • Үндэсний Супер лигийн СЭТГЭЛ СЭРГЭЭМ ШИЛДЭГ 10 АГШИН Үзсэн   1457 2014-12-04
  • Муурнуудын хөгжилтэй агшин Үзсэн   2240 2014-07-23
  • Богино үстэй бүсгүйчүүдэд хүргэх зөвлөгөө Үзсэн   2863 2014-12-17
  • 2017 ОНД СОШИАЛД ХАМГИЙН ОД БОЛСОН ХҮМҮҮС Үзсэн   1108 2017-12-27
  • Нэг хэсэг шуугиулсан дуудаа тиймээ Үзсэн   1345 2015-04-20
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   829 2020-03-03
  • Мөрөөдлийн театр – Рашаантын 18 хошин шог Үзсэн   1469 2015-10-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.