|

Кимийн ачаар жижигхэн Армян дэлхийн топ мэдээнд багтжээ VIDEO

Армяны нийтлэлч Гагик Батикяны материалыг товчлон хүргэж байна.

Филиппинээс өгсүүлээд Америк хүртэл, Австралиас Умард туйл хүртэлх дэлхийн тэргүүлэгч мэдээллийн хэрэгслүүд сүүлийн хэдэн өдрийн турш Өмнөд Кавказын жижигхэн улс Армяны тухай тасралтгүй ярьж, мэдээллээ.

Эндээс нефть олоогүй, төрийн эргэлт гараагүй, бурхны авралаар байгалийн гамшиг тохиолдсонгүй.

Зүгээр л реалити шоуны од, загвар өмсөгч бөгөөд зарим хэвлэл мэдээллийнхний өргөмжилснөөр "дэлхийн хамгийн хүслэнт эмэгтэй" Ким Кардашян өөрийн эгч, охин, нөхрийн хамт өвөг дээдсийнхээ нутагт айлчилсан.

Кардашяны гэр бүлийг ирэх тухай бүгд мэдсэн бөгөөд нэлээд шуугиан дуулиан тарина гэж хүлээж байсан. Гэтэл орон нутгийн болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ийм асар хүчтэй, хар шуурга өрнөнө гэж хэн ч төсөөлсөнгүй.

Зочдын алхам бүрийг шууд баримтжуулан зах хязгааргүй интернэтийн орон зайд тоо томшгүй удаа хувилан цацсаар л, тэдний гадна дүр төрх, хувцас хунар, Ким ба Хлое Кардашяны үсний өнгө, Армяны тухай тэдний сэтгэгдэл, тэдний бие хамгаалагчид гээд бичээгүй сэдэв ч алга.  

Ким Кардашяныг Ереванд хөл тавьмагц хамаг биеэ далдалсан дэндүү даруухан түүний хувцсыг хараад сэтгүүлчид, папарациуд шууд л ер бусын айлчлал гэдгийг мэдэрч, огт өөр Кимийг олж харсан. Дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр "Тэр яагаад ийм даруухан хувцаслав?”, "Жинхэнэ Кимийг харахыг хүсч байна уу?”, "Баггүй Ким” гэсэн гарчиг эрээлжилж өглөө.

Манай гарагийн өнцөг булан бүрд байдаг фанатууд нь бүгд Ереванаас ирэх сураг чимээг амьсгаа даран хүлээх болжээ.

Армян улс ингэж дэлхийн топ мэдээнд багтлаа. Удалгүй сэдэв Ким ба түүний гэр бүлээс хальж гаран, "Бидний мэддэггүй улс орон”, "Хүн амьдралдаа ядаж ганц удаа очиж үзэх ёстой Армяны хамгийн сайхан газрууд”, "Кардашяны гэр бүлтэй цуг Армянаар жуулчил” хэмээн "Daily Mail”, "Telegraph”, "Associated Press”, "France Press”, "New York Times” уралдан бичиж гарав.

Дэлхийн бүх гяланцаг сэтгүүлүүд гэнэт армянчуудын геноцидын тухай ярьж эхэллээ. Ким өөрийн дэгжин даашинз шигээ гал улаан цэцгээ "Цицернакаберд” дурсгалын цогболборт өргөн Мөнхийн галын өмнө өвдгөө сөхөрч буй зураг шууд хорвоогоор нэг түгэн тархаж, дэлхийн таблоидын гол зураг болжээ.

Алдарт рэпперийн инээмсэглэл
Кимийн нөхөр Канье Уэст ч мөн Ереванд бөөн дуулиан тарилаа. Грэммийн 21 шагналтай рэпперийн инээмсэглэж байгаа зураг хэдхэн секундэд дэлхийг тойрч амжив.

"Өөрийгөө хүндэтгэдэг рэппер камерын өмнө инээмсэглэх ёсгүй” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан Канье Уэст хэзээ ч инээмсэглэдэггүй, түүний инээмсэглэсэн зураг огт байдаггүй. Харин одоо "Тэр жинхэнээсээ инээмсэглэж байна”, "Канье эцэст нь нэг юм Ереванд инээмсэглэлээ”. Тэгэхээр Армян түүний зүрхийг хайлуулж чаджээ.

Шоу бизнесийнхний атаархал
Кардашяны фанатууд оддын гэр бүлийг хөл тавьсан эхний өдрөөс л хаа сайгүй дагалдаж байсан. Энэ хэд хоногт Армяны нийслэл тансаг буудлын гадаа хоноглодог бөөн бөөн залууст дасчээ. Зарим нь бүр шүтээнүүдээ даган Гарни, Гегард, Гюмри хот руу явсан юм.

Гэтэл Кимийг хэт халуун дотноор хүлээн авч байгаа нь орон нутгийн зарим алдартны дургүйг хүргэжээ. Ялангуяа шоу бизнесийнхний. Тэд бүр гомдчихжээ.

Армяны алдартай жүжигчин Сос Джанибекян "Би биечлэн Ким Кардашянд Ереваны нэгэн дурсгалт газрыг үзүүлмээр байна, Цготнер гэдэг эмсийн хүрээлэнг” гэжээ.

Харин дуучин Ева Ривас "Та нар өмнө нь Кимийг хорвоо дэлхийд байхгүй тийм шавар бохирт хутгаж байсансан. Харин одоо түүнийг ирмэгц Армян тэр чигтээ өмнө нь өвдөг сөхөрлөө. Хүмүүс яг жоом шиг онгоцны буудал рүү жооргонож, Есүс-2 мэт түүний араас гүйлдэх юм. Миний ард түмэн ийм худал, хуурмаг, хиймэл байгаад дургүй минь хүрч байна. Ким Одыг энд байхад та нар хайлж урсаад л харин түүнийг байхгүй үед шаварт хутгаад” гэж бичжээ.

Энэ дуучин хэдэн жилийн өмнө улсаа төлөөлөн "Евровидение” тэмцээнд оролцож байсан гэдгийг зарим нь мэдэх байх. Тэр бүү хэл Ева Ривас "Би энэ улсын төлөө дахиж юу ч хийхийг хүсэхгүй” гэж мэдэгдэхэд олон хүн "Тэр ер нь улсынхаа төлөө юу хийсэн юм” гэлцэж байлаа.

Кимийг эсэргүүцэгчид
Кардашяны гэр бүлийн айлчлалыг эсэргүүцэн зарим нь Засгийн газрын байшингийн өмнө эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг уриалжээ.

Гэвч уг эсэргүүцлийн ажиллагаанд 3 хүн л оролцжээ. Дэлхийн хэвлэлүүдээр Армяны тухай шинэ нийтлэл гарах бүрд Кимийг шүүмжлэгчдийн тоо цөөрсөөр байв.

Дэлхийн одын төлөвлөөгүй тоглолт
Ням гарагийн шөнө зочид нисэх ёстой байлаа. Гэтэл шөнө дунд болоход хагас цаг дутуу байхад Кимийн твит гэнэт цэлмэг тэнгэрээс аянга буулгах шиг болов.

"Канье Уэст төлөвлөөгүй, үнэгүй концертоо Ереваны төвд "Хунт нуур”-ын дэргэд шөнө дундад тоглоно” гэж Ким твитэлжээ.

Шөнө дундын алдад "Хунт нуур” луу бөөн бөөнөөрөө гүйлдэх хүмүүсийг хараад мэдэхгүй хүн ёстой дайн эхэлсэн эсвэл газар хөдөлсөн гэж бодмоор. Ердөө 15-хан минутад цөөрмийг тойроод хэдэн мянган хүн цугларчээ.

Концертыг үнэхээр төлөвлөөгүй байсан нь илт, тусгай эффект, гэрэл ч байхгүй, тэр бүү хэл дэлхийн тэргүүлэгч рэпперийн зиндаад тохирох дууны техник хэрэгсэл ч алга.

Гэхдээ үзэгчид үүнийг анзаарсангүй, тоглолт үнэхээр галын наадам шиг гайхалтай болж өнгөрлөө. Канье өөрийн хит дуу "Stronger”-г дуулж эхлэхэд цугласан олон сэтгэл хөдлөлдөө автан галзуурах шиг болжээ.

Үзэгчдээ үл тоомсорлодог гэдгээрээ цуутай рэппер яагаад ч юм армян үзэгчиддээ ихэд халамж тавин, амьдралдаа хэзээ ч хийдэггүй алхмаа хийлээ.

"Good Life” дуугаа дуулж байхдаа Канье нуурын нөгөө эрэгт байсан үзэгчдээс "Би та нарт харагдаж байна уу?” гэж асуун халамж тавив. Тэгснээ Канье гэнэт гүйсээр цөөрөм рүү үсрэн ороход олон арван фанат ч мөн дуурайлаа.

Канье Уэст тоглолтоо дуусгаад буудалдаа орсны дараа ч шүтэн бишрэгчид нь "Thank you, Kanye!” гэж шөнийн нам гүмийг цочоон Ереваны агаарыг доргиулан удтал хашгиралдсаар байв.

Ким ба Канье нисээд явчихсан. Гэхдээ тэд сүүлийн хэд хоногт энэ том дэлхийд ганцаараа биш гэдгээ мэдэрсэн Армяны мянга мянган шүтэн бишрэгчид, энгийн иргэдийн сэтгэлд асар том, гэрэлт ул мөрөө үлдээлээ.

 

 

 

 

 

 

 

 

 


 


www.mnews.mn

 

1568
  • Олимпод зориулсан ГАЙХАЛТАЙ 5 ХӨРӨГ Үзсэн   991 2016-08-18
  • Т.Баярхүү : Ард нийтийн санал асуулгыг эсэргүүцэж буй хүмүүс хамгийн "но"-той шүү Үзсэн   1036 2015-11-13
  • Шинэ үеийн жүжигчин Билгүүний "Гэгээн Домог" хошигнол.. Үзсэн   1547 2014-10-04
  • АМЬДРАЛ УСК-ны дуу AMIDRAL OST дуучин Б.САРАНТУЯА Үзсэн   904 2020-08-25
  • Супер од төрсөн түүх буюу гайхамшигт Adam Lambert Үзсэн   1182 2015-08-20
  • Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй Үзсэн   761 2020-11-04
  • Бяцхан токиогийн дэрэмчид УСК Үзсэн   1535 2015-01-07
  • Бөмбөрчин муур Үзсэн   2119 2014-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.