|

Үл тайлагдам оньсого мэт "Тунгусын солирын" тухай

XX зууны түүхэнд тэнгэрээс "зочилсон” хамгийн том сансрын биет болох Тунгусын солир унасан цагаас хойш зуу гаруй жил өнгөрч байгаа боловч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрсэн зүйлгүй, маргаан өрнөсөн хэвээр байна.

Алс тэртээх 1908 оны зургаадугаар сарын 30-нд орон нутгийн цагаар 07:14 цагт Ванаварын суурингийн ойролцоо/одоогийн Эвений автономит тойргийн Тунгус-Чун дvvргийн Ванавар гацаа/ Чулуут Тунгус голын ойролцоох Өмнөд намагт нүргэлсэн их чимээ гарган унасан тэрхүү "сансрын зочин” чухам юу байсан талаар одоог хүртэл оньсого хэвээр байсаар...

Уг үзэгдэл болохоос гурав хоногийн өмнөөс буюу 1908 оны зургаадугаар сарын 27-ноос эхлэн Европт, ялангуяа Оросын европын хэсэгт болон Баруун Сибирьт мөнгөлөг үүлс, хурц тод гэрэлтэлт гэх мэт агаар мандлын ер бусын үзэгдлүүд ажиглагдаж байсан аж. Британийн одон орон судлаач Уильям Деннингийн өгүүлснээр, 30-ны шөнө Бристолын тэнгэрт одод бараг харагдахааргүй гэрэлтэй, тэнгэрийн хойд хэсэг улаан, зүүн хэсэг ногоон туяатай байжээ.

30-ны өглөө Сибирийн төв хэсэг дээгүүр хойд зүгийг чиглэсэн галан бөмбөлөг нисэн өнгөрч, түүнийг тэр хавийн нутаг дэвсгэрийн оршин суугчид харсан ба удалгүй аянга мэт нүргэлэх дуу чимээ гарсан байна.

Тэр үеийн гэрчүүдээс хамгийн алдартай нь Ванавар суурингийн оршин суугч Семён Семёновын мэдээлэл байдаг: "Гэнэт хойд зүгт тэнгэр хуваагдах шиг болон тэнгэрийн хойд хэсгийг нэлэнхүйд нь хамарсан том галан бөмбөлөг ой дээгүүр гараад ирсэн. Яг энэ үед миний өмссөн цамц шатаж буй мэт халуун мэдрэмж төрөн, би цамцаа урж хаян чулуудахаар завдтал гэнэт зүгээр болон маш хүчтэй цохилт сонсогдсон. Доргилтын хүч намайг довжоон дээрээс гурван алхам хиртэй газар чулуудан, тэнгэрээс чулуу унаж буй мэт, эсвэл их буугаар буудаж байгаа мэт чимээ сонсогдон газар чичирч байлаа. Би чулуунд толгойгоо цохиулахаас айн, гараараа толгойгоо халхлан тэврээд газар хэвтсээр байв. Яг тэр үед хойд зүгээс зурвас халуун салхи үлээн, газар дээр зам хэлбэрийн мөр үлдээж байлаа. Хожим нь маш олон цонх хагарч, юм хадгалдаг жижиг байшингийн цоожны төмөр цуурга хугарсан байхыг харж билээ...” хэмээн дурссан байдаг.

Тунгусын дэлбэрэлт 800 км алсад сонсогдсон ба 2100 кв.км газрын ойг сүйтгэсэн байжээ. Сонирхолтой нь, тэдгээр унасан модод бүгд нэг зүгт нарны цацраг мэт хэлбэртэй байсан гэж зарим эх сурвалжид дурдсан байдаг. Мөн дэлбэрэлтийн дараа соронзон шуурга эхлэн 5 цаг үргэлжилсэн байна.

Голомтын төв нь маш их бартаа саадтай газарт таарсан тул тухайн үед судалж амжаагүй бөгөөд хожим  20 жилийн дараа буюу 1927-1939 онд ЗСБНХУ-ын шинжлэх ухааны академийн солирын тухай мэдээлэл цуглуулах экспедицийн ахлах мэргэжилтэн Леонид Куликын удирдлагаар дөрвөн баг очиж байжээ.   

Энэхүү солирын үлдэгдэл гэхээр зүйл огт олдоогүй нь эрдэмтдийг төөрөгдөлд оруулан, өөр өөрийнхөөрөө таамаглан тайлбарлаж, маргаан үүсэх учир шалтгаан болсон билээ.

 

 

1869
  • Яг түүн шиг С. Гантогоо (Big Bang G Dragon) Үзсэн   1026 2017-06-05
  • Хүний хэл мэддэг нохой Үзсэн   1261 2014-08-25
  • Охиныхоо үсийг тоос сорогч ашиглан боох арга гэнээ Үзсэн   3337 2014-07-20
  • Faraday Future-ийн анхны машин 1050 морины хүчтэй Үзсэн   861 2017-01-04
  • Леброн Жеймс амьд домог болж, Cleveland анхны аваргын цомоо хүртлээ Үзсэн   1143 2016-06-20
  • ИМАКО институтын харилцагчид ярьж байна. "Скайтел" ХХК Д. Болор Үзсэн   1369 2015-01-02
  • "Исламын улс" бүлэглэлийг дууриан дүрс бичлэгээр элэглэжээ Үзсэн   2380 2015-02-28
  • Онигооны уралдаан Үзсэн   1196 2015-11-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.