|

Монгол дуу Ирланд клиптэй болжээ

Хэд хоногийн өмнө Tigerfish хамтлагийн "Борооны дуу”-ны клип Youtube сайтад тавигджээ. Намуухан, уянгалаг дууны энэхүү клипэнд Ирландын "Кода”   богино хэмжээний хүүхэлдэйн киноны хэсгээс албан ёсоор авч ашигласан байна. Гадны уран бүтээлийг Монгол дуутай хослуулсан энэхүү клипний талаар тус хамтлагийн дуучин Б.Аззаяагаас тодрууллаа.

-Та бүхэн шинэ дууныхаа клипэнд Ирландын "Кода” хүүхэлдэйн киноны дүрснээс ашигласан гэсэн. Яагаад энэ киног сонгов?
-Бид  энэ зун "Борооны дуу” нэртэй дуу хийгээд бичлэгийн ажлаа зургаадугаар сард дуусгасан юм. Удалгүй клипний санаа оноо, зохиолоо бодож байх үедээ санамсаргүй байдлаар энэ богино хэмжээний хүүхэлдэйн киног олж үзсэн. Гэтэл киноны зохиол, дүрс, өнгө манай дуутай ярьсан юм шиг нийцэж байлаа.

Бид дуундаа яг л тийм зөөлөн, урсаж байгаа дүрстэй, утгын хувьд дууны маань цаад утгыг илэрхийлсэн клип төсөөлчихсөн байсан болохоор хүүхэлдэйн киноны хэсгээс  клипэндээ ашиглах талаар судлах санаа төрсөн юм. Кино нь олон улсын 20 гаран фестивалиас тэргүүн байрын шагнал авсан кино байж таарсан. Ингээд киног бүтээсэн Ирландын  "And Maps And Plans” студийн уран бүтээлчидтэй холбогдож санал тавихад "Сонсож үзлээ, гэхдээ энэ олонд танигдаад шагнал авчихсан кино учраас давхар ашиглаж болох эсэхийг бид ярилцаж байж хариу өгье” гэсэн.

Хариу ирэлгүй нэлээд хугацаа болохоор нь бид хүлээлгүй өөрсдийн зохиолоо гаргаад эндээ клипээ хийхээр шийдсэн юм. Харамсалтай нь санхүүжилтийн асуудлаас болоод энэ ажил маань эхлэхгүй явсаар өдийг хүрээд байлаа. Ингээд аль аль нь бүтэхгүй бол дуугаа зөвхөн фм радиогоор цацъя гэж байтал хэдхэн хоногийн өмнө өнөөх студиэс маань "зөвшөөрч байна” гэсэн хариу ирсэн нь энэ.

-Хүүхэлдэйн кино нь өнгөтэй ч танай клип хар цагаан байх юм. Яагаад ийм болгосон юм бэ?
-Студиэс "Биднийг шийдвэр гаргаж хариу өгөлгүй удсанд уучлаарай. Хоорондоо ярилцаад зөвшөөрөхөөр шийдлээ. Гэхдээ манай хүүхэлдэйн киног эх хувилбараас нь өөр байлгахын тулд та бүхэн хар цагаанаар ашиглана уу ” гэсэн байсан тул дуу маань хар цагаан дүрстэй болсон. Энэ нь нэг талаараа гадны уран бүтээлийг өөрсдийн уран бүтээлтэй нийлүүлсэн шинэлэг зүйл болсон болов уу гэж харж байна.

-Дууны цаад утга гэлээ, ямар утгыг хэлж байна?
-Энэ дууг хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээж авах байх, шууд утгын хувьд нэрнийхээ дагуу "бороо” эсвэл "борооны дусал” өөрийнхөө тухай дуулж байгаа юм. Тэр эхлээд уур болж  дээш хөөрөөд ус болон бууж ирдэг, буухдаа хаана очиж шингэхээ хайж яваад хүссэн тэр газраа ирэн бороо болон орж байгаа тухай  илэрхийлсэн юм. Уг нь ийм л утгатай дуу бичсэн, гэтэл уншихаар шүлэг маань давхар утга илэрхийлж байсан.

Хүний сүнс биеэ орхиод төөрөн тэнүүчилж хэн нэгнийг хайж явсаар төрлөө олоод түүндээ уусан шингэж байгаа тухай болсон байсан. Тэгээд л клипний зохиолоо энэ сэдвээр гаргаад байсан юм.

-Ирландын студид хүсэлтээ илгээхдээ дууныхаа үг утгыг тайлбарласан уу?
-Тиймээ, шүлгийг нь англиар орчуулаад дууныхаа бичлэгтэй нь явуулсан. Дуу чинь та нарын хэлснээр үнэхээр таарч бидэнд сонирхолтой санагдлаа. Таалагдаж байгаа болохоор зөвшөөрч байна гэсэн.

-Дуу хэрхэн бүтсэн талаар ярихгүй юу?
-Бидний дуу эхлээд ая нь, дараа нь тэрэндээ тааруулсан шүлэг нь бүтдэг.  "Борооны дуу”-ны аяыг Зандаа (хамтлагийн ахлагч) бид хоёр хамтарч хийсэн. Шүлгийн хувьд бидэнд хэд хэдэн сайхан шүлгүүд ирсэн боловч дууны маань аянд таарч өгөөгүй, ингээд өөрсдөө бичихээс өөр аргагүйд хүрсэн (инээв).

Шүлгийн санааг Зандаа гаргасан байсныг би аяндаа тааруулж зохиосноор "Борооны дуу” бүтсэн юм. Энэ дуун дээр эгшиглэж байгаа хийл хөгжмийн аяыг "Pause” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Энхбаяр ах зохиосон. "Бага Тойрог” хамтлагийн ”Мишээл”, "Шөнийн галт тэрэг” хамтлагийн хэд хэдэн дууны хийлийн аяудыг зохиосноор нь хүмүүс таних болов уу. Найруулгын хувьд үкүлэлэ хийл хосолсон дуу болсон.

Баярлалаа. Амжилт хүсье.

 

 

А.Наранцацрал

1887
  • Жинхэнэ Timberland гутлыг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? Үзсэн   957 2016-11-28
  • Зэвүүн яриа-Жүжигчин Цэцэг Үзсэн   1479 2017-08-22
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1209 2018-03-23
  • Үзэх тоолонд сэтгэл эмзэглэнэ Үзсэн   1805 2014-08-18
  • П.Анужин “Алтан баззер”-аа 13 настай охинд зориулж шүүмжлэлд өртөв Үзсэн   1077 2018-09-17
  • Насандаа баймааргүй эвлэгхэн хөөрхөн дуусдаг охин байна даа Үзсэн   1418 2015-08-11
  • Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна Үзсэн   395 2021-09-20
  • ”Авьяаслаг Монголчууд” шоу: Авьяас Билэг хамтлаг – “ Өнгөлөг охид” Үзсэн   1425 2016-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.