Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ салбарын бүх цаг үеийн хамгийн тааруухан бөгөөд хийтэй сайд гээд нэрлэчихвэл маргах хүн хэр байх бол. Тэрээр дипломат ёсонд нийцэмгүй олон үг хэл, үйлдлээрээ шуугиулдаг нэгэн. Сайд болоод удаагүй байхдаа танхимынхаа сайдыг матаж, хов жив хөөсөн хэрэгт унаж улмаар сахилгын шийтгэл хүртэж байсан бол сүүлд л гэхэд хойд хөршийн Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалын үеэр баахан дуулиан дэгдээснийг сануулж болох.
Тэгвэл саяхан АСЕМ-ийн үеэр яаж зүгээр өнгөрөх вэ гэсэн мэт бас л олны нүдийг орой дээр нь гаргасан үг амнаасаа унагаад амжиж. Тэрээр мэдээлэл хийх үеэрээ "Хоёр өдөр дэлхийн анхаарлын төвд байлаа, бид нарт аз гэхээр юмуу хоёр үйл явдал болсон. Францын Нис, за Ницца ч гэж хэлдэг байх, тэр хотод болсон террорист гэж хэлж болох халдлагад 80 гаруй хүн амь үрэгдсэн…” хэмээжээ. Террорист халдлага ямар шалтгаанаар монголчуудад аз болсныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд олон улсад тайлбарлах шаардлага гарах вий дээ.