|

Ард түмний өмч гэгдэх “Оюутолгой” ард түмэнд огтхон ч хүртээлгүй

Оюутолгойгоос хэд дахин жижиг "Эрдэнэт” үйлдвэрийн тухайд:

Монгол Улсыг хагас зуун жил ганцаараа тэжээж буй "Эрдэнэт” үйлдвэрийг бид зүгээр ч нэг "манай ганц саалийн үнээ” хэмээн нэрлээгүй. Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг "Эрдэнэт” үйлдвэрээс улс мөнгөний хэрэг гарахаараа мөнгө авч, тэнд ажиллаж буй дарга нар нь "утгаа алдсан шагнал урамшуулал”-аар өөрсдийгөө булж, эндээс нэр бүхий дарга нар нь янз бүрийн бараа бүтээгдэхүүн өндөр үнээр шахаж ёстой л нэг "саах” шиг болдог. Хэрэгтэй, хэрэггүй бараа бүтээгдэхүүн шахаж, мөнгө хийх гэсэн нөхдүүдийн буянаар өдгөө "Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Эрдэнэт” үйлдвэрт шахсан 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бэлгэвчнүүд өдгөө тус  үйлдвэрийн агуулахад хог болон хэвтэж байна. Оросууд "Эрдэнэт” үйлдвэрийн цэвэр ашгийн 49 хувийг нь авч байхад шүү дээ. Магадгүй Оросууд 49 хувийг нь эзэмшсэн тулдаа "Эрдэнэт” үйлдвэр зальхай, луйварчин дарга нарын гараар сүйдчихэлгүй өдийг хүртэл Монголчуудыг тэжээсэн байх. Өдгөө "Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны "нууц охин компани” авсан гэх асуудал бизнесийнхэн болон улстөрчдийн арааны шүлсийг жинхэнэ утгаар нь асгаруулж буй.

Тэгвэл "Эрдэнэт” үйлдвэрээс хэд дахин том, дэлхийд ховорт тооцогдох алт, зэс зэрэг үнэт метал бүхий цул эрдэнэсийн орд Оюутолгойг бид яагаад анхаарахгүй байна

Уг нь "Оюутолгой”-г "Эрдэнэт” үйлдвэр шиг ашигласан бол Монгол Улс "Азийн бар” улс болоход байг гэх газаргүй, ард иргэд нь жаргалтай, элдэв стресс бухимдалгүй орон болоход ойрхон байлаа. Харамсалтай нь, алтны нөөцөөр нь асгарч буй бороог дүрслэм тийм ховор их алттай "Бороо Гоулд”-оос гаднынхан 45 тонн алт ухчихаад Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй шиг "Оюутолгой”-г ч мөн бид алдаж байна. Мэдээж эндээс цөөн хэдэн нөхдүүд л баяжиж, түүнийгээ өөрийнхөө болон өөр хүний нэр дээр оффшорт нууж, гадаадад зургаа долоогоор нь хаус худалдаж авсан. "Бороо Гоулд”-ын хувьд 50 орчим тонн алтны нөөцтэй бөгөөд тогтвортой байдлын гэрээ хэмээх Засгийн газраас авсан олон жилийн хугацаатай хууль бус эрхийнхээ хүрээнд гаднынхан хэдхэн жилийн дотор нөөцийг нь шавхаж, гадагш нь зөөсөн. Монголчуудыг ашиг хүртэх гэсээр байтал алтыг нь аваад, авдрыг нь хаяад гаднынхан гараад зугтав. Болоогүй баахан дураар авирлаж, хууль бус үйлдэл хийсэн гаднын хөрөнгө оруулагч нэртэй луйварчид өөр компанийн нэрээр Монголд дахин орж ирж, үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг нь ч манайхан хаацайлдаг.

"Монголын жирийн иргэдэд Оюутолгой огтхон ч хамаагүй”

Тэгвэл "Оюутолгой” өнгөн талаасаа өөр ч угтаа бол яг "Бороо Гоулд” болоод байгаа юм. Монгол Улс "Оюутолгой”-гоос 2037 он хүртэл ашиг хүртэхээргүй болсон. С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хүмүүс анхлан Монгол Улс "Оюутолгой”-гоос 2023 он хүртэл ашиг хүртэхээргүй гэрээ хийсэн. Түүнийг нь Ч.Сайханбилэг Дубайд очиж, 2037 он хүртэл ашиг хүртэхээргүй болгож сунгасан. Монгол Улсыг хүртэх ёстой ашгийг бүхэл бүтэн 14 жилээр хойшлуулсны хажууд Ч.Сайханбилэгийн Дубайгаас олж ирж, үр ашиггүй зарцуулсан 500 сая ам.доллар юу ч биш. Зарим нэр бүхий эдийн засагчид "30 жилийн Монгол Улс Оюутолгойгоос ашиг хүртэх нь битгий хэл өртэй хоцорно, Оюутолгойгоо барьцаалаад урьдчилж баахан зээлсэн мөнгөний өрөө төлсөөр байгаад 2048 оноос нааш ашиг хүртэхгүй” гэх зэрэг таамаг, дүгнэлтийг хийгээд буй. Ямартай ч, Монгол Улсыг ашиг хүртэх гэсээр байтал гаднынхан алтыг нь аваад, авдрыг нь хаяад гарах вий. Ингэхдээ ханаж цаддаггүй цөөн хэдэн дарга, сайд нарт эх орон, ард түмнээсээ урвасных нь хөлсийг өгөөд шүү дээ. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нэгэнтээ хэлсэн, Улаанбаатарт чуулсан Улсын сайн малчдын зөвлөгөөн дээр "Та нар Тавантолгойд бус таван хошуу малдаа найдаж амьдар аа” гэж. Ухаандаа аймаг, сум бүрийн тэргүүний малчдаар дамжуулж орон нутгийн иргэд, цаашлаад нийслэл, улсын хэмжээнд ард түмнийг өөрсдийнх нь өмч болсон газрын баялгуудыг харалгүйгээр амьдар гэж хэлсэн юм.

"Оюутолгой” ба "Зууны луйвар”

Үндсэндээ хуулиндаа "Газрын доорхи баялаг Ард түмний өмч” хэмээн заасан Монгол Улс дээр дурдсанчлан ард түмний өмч "Бороо Гоулд”-ыг алдсан, одоо "Оюутолгой”-г алдаж байна. Үлдээд буй нь, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаагаар тараагдсан Тавантолгой юм. Тэгвэл Тавантолгой цаашлаад, газрын доорхи баялгийг ард түмэнд хамаагүй гэж хэлж буй нь ард түмнийг доромжилсон хэрэг бус уу. Нөгөө талаас таван хошуу малаар хөгждөг бол нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улс дэлхийн хамгийн баян, хөгжингүй орон болох байсан байх. Хамгийн гол нь, нэг хэсэг сайд дарга нар нь алдаатай шийдвэр баталж, түүнийг нь гаднынхан ашиглаж завшиж байхад дараагийн сайд, дарга нар нь гарч ирээд өөртөө унац харж, улам дордуулдаг байдал газар авчээ. "Оюутолгой”-нхон хэрхэн луйвардаж буйг Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог нарын УИХ-ын гишүүдийн ахалсан ажлын хэсэг тогтоож, гэтэл Ч.Сайханбилэг түүнийг нь хааж, дур мэдэн Дубайд очиж гэрээ байгуулж, мөнгө авсан юм. Тухайн үедээ энэ асуудлаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас нь огцруулах ч багадна хэмээж байв.

Эцэст нь, Оюутолгойгоос нөөцөөр бага, ашгаар бага "Эрдэнэт” үйлдвэрээ л бод. Бүхэл бүтэн нэг хотыг улстай нь, ханаж цаддаггүй дарга нартай нь хамт хагас зуун жил тэжээлээ. Эрдэнэт хэмээх том хот босч, хөгжин цэцэглэж байна. Харин Оюутолгойд юу байна, юу ч байхгүй. Монгол Улсаас муу луйвардаж байна хэмээн дарга, захирлуудаа сольж, олон улсад "танигдсан”, мэргэжлийн гаршсан луйварчдыг урьж дарга, захирлаараа томилж байна.

912
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2016-08-18
    • Бичсэн: Зочин
    Хохино ирээдүй та нарыг булшнаас чинь гаргаж шүүх болно