|

Валерия Лукьянова: Намайг “Барби” гэж дуудахад дургүй, гэхдээ...

Дэлхий дахинаа "АМЬД БАРБИ” нэрээрээ алдаршсан Украйны дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валерия Лукьянова Монголд ирээд хоёр хонож байна. Тэрбээр манай улсад анх удаа зохион байгуулж буй "Face of Beauty International 2016” тэмцээний шүүгчээр уригдсан билээ.

2007 онд Украйны миссээр өргөмжлөгдөж тэрбээр барби хүүхэлдэйг санагдуулам дүр төрх, бие галбираараа олонд танигджээ.

-Та өнөө өглөө Монголд ирлээ /аравдугаар сарын 5/. Улаанбаатарт ямар байна вэ? Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.
-Маш сайхан байна. Би танай тал нутаг, монгол гэрийг хурдхан л үзмээр  байна. Тиймээс зохион байгуулагчаас надад аялах боломж гаргаж өгөхийг хүсч байна. Тэмцээний оролцогч бүсгүйчүүд аль хэдийнэ энэ бүхнийг үзчихсэн. Харин би тэсэн ядан хүлээж сууна.

-Та тэмцээний шүүгчээр ажиллаж байна. Оролцогчдын юунд илүү анхаарч үнэлгээ өгөх вэ?
-Би гоо үзэсгэлэнг чанга шүүдэг хүн. Учир нь би төгс төгөлдрийг эрхэмлэгч. Өнөөдрийн тэмцээнд /АСЕМ Виллад болсон Үдшийн даашинзтай шилдэг 15 оролцогчийг тодруулах тэмцээн/ гурван шалгуур үзүүлэлтээр шилдэг 15 оролцогчоо тодруулсан.

Тухайлбал, гоо бүсгүйчүүд хэрхэн алхаж, биеэ авч явж байгаа болон хэрхэн харагдаж байгаа зэрэгт үнэлгээ өглөө. Бүгд л өөртөө итгэлтэй байсан учраас ихэнх оролцогчдод 10 оноо өгсөн. Харин гадаад төрх тал дээр илүү хатуу хандсан. Царайнаас гадна сайхан эмэгтэйн биеийн галбир, тэр дундаа хөх, өгзөг, хөл гээд бүхий л зүйл нь сайхан байх ёстой гэж би боддог. Тиймээс надад шүүлт хийхэд их хүндрэлтэй байлаа. Гэхдээ зарим бүсгүйчүүдэд би өндөр оноо тавьсан.

-Тухайлбал, ямар орны бүсгүйчүүд танд илүү таалагдсан бэ?
-Жишээ нь, Хятад, Япон, Орос, Молдав, Киргизстаны бүсгүйчүүд сайхан галбиртай санагдсан.

-Танд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлага бий. Хэрвээ  гоо бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөөч гэвэл юу хэлэх вэ?
-Сайхан бие галбир, сайхан арьс, сайхан хувцастай байж, өөртөө итгэлтэй байхын тулд хамгийн гол нь тэмцээндээ маш сайн бэлдэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Надад бол сайхан галбиртай байх нь хамгийн чухал гэж боддог.

-Та өөрийнхөө талаар ярихгүй юу. Сүүлийн үед Украинд юу хийж байна вэ?
-Би Мексикт амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Би өөрийн гэсэн эзотерикийн /эзотерик-далд ухаан/ сургуультай. Семинар зохион байгуулж, лекц уншдаг. Бас хажуугаар нь  дуулдаг, DJ  хийдэг, модель бас жүжигчин.

-Ямар сэдвээр лекц тавьдаг вэ?
-Би сэтгэлийн мөн чанарыг хөгжүүлэх чиглэлээр лекц уншдаг. Бясалгах хийх, астрал аялал хийх /сүнсэн биеэ орхиод хүссэн газраа очих/, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Жишээ нь, яаж залхуурлаас ангижрах, яаж муу зуршилтайгаа тэмцэж, архи тамхинаас гарах, турах зэрэгт зөвлөгөө өгч ажилладаг.

-Тэгвэл эрүүл мэнд болон гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Би ер нь  өвдөөд байдаггүй. Цагаан хоолтон болоод бараг 10 жил  болж байна. Цагаан хоолтон болсноос хойш миний дархлаа сайжирч огт өвдөхөө больсон. Эрүүл мэнддээ их сэтгэл хангалуун байдаг.

-Бас гоо сайхандаа ч гэсэн үү?
-Гоо сайхандаа бас тийм ч сэтгэл хангалуун байдаггүй. Миний үзэл бодол өөрчлөгдөж байна. Одоогоор надад амазон бүсгүйчүүд их таалагддаг болсон. Эмэгтэй хүн булчинлаг харагдах нь гоё санагдсан. Тиймээс гадаад төрхөндөө төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй. Ямартай ч би булчинлаг болохыг эрмэлзэж, өөртөө таалагдахын тулд ойролцоогоор дахиад нэг жил орчим биеэ хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Өсвөр насандаа таныг амьдралдаа өөрчлөлт хийсэн гэдэг юм билээ.
-Өсвөр насандаа би өөртөө анхаарч эхэлсэн. Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж, загварын дугуйланд явж, турж, аль болох сайхан бие галбиртай болохыг эрмэлзсэн. Учир нь 15 настайдаа би бага зэрэг гэдэстэй болчихсон учраас гурилан идэх юмнаас татгалзсан. Түүнээс хойш би гэдэстэй болоогүй.

-Таныг Барби гэж дуудахад хэрхэн ханддаг вэ. Дургүйцдаг уу?
-Тийм ээ. Надад сайхан санагддаггүй. Гэхдээ энэ бол миний ажлын нэг хэсэг учраас би эвлэрээд явдаг. Гэхдээ амьдрал дээр би хэзээ ч ийм хувцас өмсөж, ийм дүр төрхтэй явдаггүй. Гэлээ ч хүмүүс намайг "Амьд Барби” гэдгээр хүлээж авдаг.

Миний стилиэс биш хүүхэлдэй шиг нарийхан бэлхүүс, урт хөл, сайхан галбир, төрхтэй учраас л тэр. Түүнээс биш би гадаад төрхөө ийм болгохын тулд зориуд ямар нэг зүйл хийдэггүй. Өнөөдөр намайг Барби гэдгээр маань урьсан учраас би энэ дүр төрхийг бүрдүүлсэн хэрэг.

Хүмүүс гадаад төрхөд тань их анхаарал хандуулж ач холбогдол өгч яриад байвал ямар хариу  өгдөг вэ?
-Би тийм үеийг эергээр ашиглахыг хичээдэг. Би эргүүлээд тухайн хүнд тусалж, илүүдэл жингийн асуудал, хоол хүнсээ хэрхэн тохируулах, эрүүл хүнс хэрхэн сонгож хэрэглэх, спортоор хичээллэх зэргээр зөвлөгөө өгөхийг хичээдэг. Үнэхээр миний гадаад төрх таалагдаж байвал тэдэнд туслахыг хичээдэг дээ.

-Гадаад төрхөө та яагаад өөрчлөхөөр шийдсэн юм бэ?
-Үнэндээ би гадаад төрхөө өөрчилсөн юм биш. Учир нь гоо сайхны хагалгааны талаар миний тухай ярьдаг зүйл бол зүгээр л цуурхал. Надад байгаа бүхэн эхээс заяасан шүү дээ. Хэрвээ би өөрийгөө арчилдаггүй байсан бол би ийм бэлхүүсгүй байх байсан. Би бага иддэг, корсет зүүж, спортоор хичээллэдэг. Ер нь би төрөлхийн туранхай хүн.  

Тэрбээр хэрхэн Барби төрхөнд хувирдаг бичлэгээ тавьжээ



-Таныг аймшгийн кинонд тоглосон гэсэн?
-Жил орчмын өмнө би "The Doll" киноны зураг авалтанд орсон. Халловины баяраар кино маань нээлтээ хийх байх. Надад энэ кино их таалагдсан. Учир нь би аймшгийн кинонд ир дуртай. Багаасаа л гаж донтой алуурчны дүрд тоглохыг хүсдэг байлаа. Тиймээс энэ кинонд тоглох санал тавихад эхэндээ надаар тоглоод байна уу л гэж бодсон. Гэтэл бүр Холливүдийн кино байсан. Намайг гол дүрд нь тоглуулсан болохоор үнэхээр сайхан санагдсан л даа. Зураг авалт хүнд байсан ч үнэхээр гайхамшигтай байлаа.

-Энэ кинонд хүүхэлдэйн дүрд тоглосон уу?
-Тийм. Нэгэн солиотой эрдэмтний бүсгүйчүүдийн цогцсоор зохион бүтээсэн гаж алуурчин хүүхэлдэйний дүрд тоглосон. Тэр эрдэмтэн бүсгүйчүүдийн биеийн хамгийн сайхан хэсгүүдийг цуглуулаад намайг бүтээдэг. Ингээд танилцах сайтаар дамжуулан хэн нэгэнтэй танилцаад, уулзаж тэр хүнээ алдаг тухай кинонд гардаг.

-Таныг барилга архитектурын мэргэжилтэй гэж уншиж байсан юм байна.
-Үгүй. Би хөгжмийн талын мэргэжилтэй хүн. Төгөлдөр хуурч, дуурийн дуучин мэргэжилтэй. Би барилгын сургуульд суралцаж байсан л даа. Гэхдээ сургуулиа хаяад дуучнаар төгссөн.

-Дуурьд дуулж байв уу?
-Яг дуурьд дуулж байгаагүй. Гэхдээ дуурийн дуу дуулдаг. Миний зохиосон 150 гаруй дуу бий. Үг, ая бүгдийг нь би өөрөө зохиосон.

-Youtube-д таны клипүүд нэлээн хэд байдаг юм билээ.
-Тийм ээ. Дээх нь тэдгээр клипүүдээ хийж байсан. Одоогоор цаг зав багатай учраас тэр бүр хийж амжихгүй л байна. Би саяхан Лос-Анжелест гэрээ хийж, миний уран бүтээлийг дэмжиж ажиллана гэсэн. Тиймээс удахгүй намайг сонсдог хүмүүс миний шинэ уран бүтээлүүдтэй танилцаж, хуучин дуунуудыг маань шинэ хувилбараар сонсох байх.


-Ирээдүйд та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Би саяхан  өөрийн гэсэн эзотерик сургуультай болсон. Энэ сургуульдаа би хүмүүст далд чадвараа хөгжүүлэхэд зааж сургадаг. Одоогоор хичээлээ интернэтээр явуулж байна. Тиймээс цаашдаа сургуулиа бодитоор байгуулж, салбарыг нь дэлхий даяар нээхийг хүсч байна.

-Ертөнцийг үзэх үзлийнхээ талаар ярихгүй юу?
-Би ямар нэг шашин шүтдэггүй. Гэхдээ буддизм надад илүү ойр санагддаг. Яагаад гэвэл тэнд үнэн оршдог. Энэ шашинд диваажин, там гэж байдаггүй, харин үйлийн үр гэж байдгийг хэлдэг. Би үүнийг үнэн гэж боддог учраас итгэдэг. Яагаад гэвэл би урд насандаа Мексикт амьдарч байснаа санадаг юм. Тиймээс л би Мексик рүү нүүсэн.

Иймд би мэдлэгээ бусадтай хувцаалцаж, зүгээр ч нэг ярих биш, практик дээр туршиж үзэж, түүнийг шалгах боломжоор хангахын тулд энэ сургуулиа нээсэн юм. Энэ бүхэн надад маш чухал.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Баярлалаа. Надад бас үнэхээр сонирхолтой байлаа.

Сэтгүүлч А.Наранцацрал | GoGo.mn

990
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.