|

Г.Отгонцэцэг: Би драмын театрт орсондоо харамсдаггүй

Драмын театрын жүжигчин Г.Отгонцэцэгийг "Урлаг” буландаа урилаа. Тэрээр уран бүтээлийн гараагаа "Хувьсал” продакшнаас эхэлсэн ч босго өндөртэй Драмын театрт олон жүжгийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Мөн театртаа үнэнч үлдэж буй цөөхөн жүжигчдийн нэг юм.

-Уран бүтээлийн гараагаа "Хувьсал” продакшнаас эхэлж байлаа. Урлагийн төлөө гэсэн үе тэнгийн уран бүтээлчидтэйгээ хамт өнгөрүүлсэн хором бүхэн эргээд бодоход сайхан санагддаг. Гэхдээ би драмын театрт орсондоо хэзээ ч харамсдаггүй.

-Театрт ороод анхны авсан гол дүр минь "Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдо. Би энэ дүрдээ илүү хайртай. Учир нь найруулагч маань шинэ, залуу уран бүтээлч надад итгээд энэ дүрийг өгсөн болохоор итгэлийг нь алдахгүйг хичээж байлаа. Үзэгчид ч сайхан хүлээж авсан.



-Үзэгчдэд намайг таниулсан дүр бол "Орхидос” киноны хойд ээжийн дүр. Хүнд дүр байсан. Ялангуяа хүүхдийг түлдэг хэсэг. Бид зураг авалтаа Зүүнхараад хийсэн юм. Би жаахан зөөлөн хандчих гээд байсан. Гэхдээ найруулагчдаа загнуулаад, өөрийгөө нэлээд хүчилж байж тоглосон. Харин киноны дараа хүмүүс намайг дүрээр минь хүлээж авч, ойлгоод байсан. Тэгэхээр үзэгчдэд бага ч болтугай хүрч дээ гэж ойлгосон.

-Харин анх дэлгэцийн бүтээлтэй "Боолын гэрээ” киноны Булгаа гэдэг эмэгтэйн дүрээр танилцаж байсан. Энэ киног одоо ч үзэгчид үзэх дуртай. Тухайн үед нэлээд шуугиан тарьсан бүтээл байлаа. Мөн "Амьдралын амт” гээд кино бий. Энэ бүтээлд ангиараа тоглосон учир сэтгэлд нэг л ойрхон санагддаг юм.

-1984 онд Г.Доржсамбуу агсаны найруулсан "Нора” жүжгийг манай театр дахин тавьсан. Би Норагийн дүр дээр ажилласандаа баяртай байдаг. Тухайн үед Ардын жүжигчин Н.Сувд багш маань тоглож байсан юм билээ. Миний хувьд энэ дүрээр театраас зарласан дүрийн уралдаанд орж, гол дүр бүтээх эрхээ авсан.

-Мэдээж урлагийн хүн учир гоо сайхандаа тодорхой цагийг зарцуулалгүй яахав. Энэ нь бидний үүрэг гэж боддог. Гэхдээ би хоолны дэглэм барьдаггүй. Дуртай бүхнээ иддэг. Өлсвөл орой хэдэн цагт ч хамаагүй хоол идчихдэг. Харин үргэлж хөдөлгөөнтэй байж, фитнессээр хичээллэхийг хүсдэг юм. Би заримдаа охидуудыг ойлгодоггүй. Турна гээд баахан эм тариа хэрэглэх юм. Энэ нь буцаад эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх жишээтэй. Би тийм зүйлээс хол байхыг хичээдэг.

-Би СУИС-ийн Хөгжимт драмын ангийг төгссөн болохоор "Гоолингоо” дуулалт жүжигт тоглох нь ч хүнд байгаагүй. Намайг оюутан болоход анхны Хөгжимт драмын ангид элсэлт авч байлаа. Багаасаа дуулж, бүжиглэдэг байсан учир энэ ангид орохоор шийдсэн.

-Бүсгүй хүнд хоёр гоо сайхан байдаг гэж би боддог. Гадаад үзэмжнээс гадна сэтгэлийн гоо сайхан гэж чухал зүйл бий. Сэтгэлийн шаналалгүй, өөрийгөө амар амгалан байлгаж чаддаг эмэгтэй цаанаас л гэрэлтээд сайхан харагддаг. Мөн бүсгүй хүн ээж болохоор их олон зүйл нь өөрчлөгддөг юм шиг. Ямар ч эх хүн сэтгэлд нэг л ойр, дулаахан санагддаг юм.

-Би гоо сайхны мэс заслыг дэмждэг. Бүсгүй хүн бүхэн сайхан харагдахыг хүсдэг. Манайд энэ салбар, мэргэжлийн эмч нар хөгжиж байна. Зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд хүртэл гоо сайхандаа анхаарах болсон үе. Хүн өөрөө өөртөө таалагдах нь чухал.

-Надад сэтгүүлийн хуудаст нүцгэн зургаа авахуулаач гэсэн санал ирдэг. Гэхдээ тэр бүхнийг авахыг хүсдэггүй. Зургаа хэзээ, хаана ,ямар тохиолдолд авахуулах вэ гэдгээ хэрэгтэй. Түүнээс үргэлж  нүцгэлээд байвал утгагүй байх.

-Ирээдүйн ханиа амьдралын ухаантай, эмэгтэй хүнийг ойлгодог, халамжтай хүн байгаасай гэж хүсдэг. Гэр бүлийн амьдрал бүсгүй хүний хатан ухаанаас гадна эр хүний нөмөр нөөлөг, уужуу бодол дээр оршин тогтнодог болов уу гэж боддог.

-"Үзэсгэлэн гоо” дууныхаа клипэнд нүцэглэсэн. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шүү дээ. Тэр утгаараа дуундаа зориулж тийм дүрс оруулсан юм.  Монгол ардын дуу учраас даруухан байдлаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илтгэхийг зорьсон. Хүмүүс олон янзаар хүлээж авсан ч би үүндээ харамсдаггүй.

-Амьдралын утга учир гэр бүл шүү дээ. Тиймээс надад ч сайхан гэр бүлтэй, өнөр өтгөн айлын эзэгтэй болох мөрөөдөл бий. Харин одоогоор зөвхөн уран бүтээлдээ л анхаарлаа хандуулж байна. Хүссэн хүсээгүй би хүүхэд төрүүлж, ажлаасаа хэсэг хугацаанд хөндийрнө. Үүнээс өмнө урлагтаа бүхий л сэтгэлээ зориулаад гүйж байя.

-Багаасаа бүжиглэдэг байсан учир "Ододтой бүжиглэе” шоунд оролцоход хүндрэлтэй зүйл гараагүй. Харин ч бүжиглэх тусам илүү эрч хүч мэдрэгдэж байсан. Жүжигчин учраас мэргэжлийнхээ онцлогийг бүжиг бүртээ шингээхийг хүссэн.

Ч.Гантулга

Эх сурвалж:

1791
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.