|

Б.Энхзаяа: Би аялгуу сайхантай дууг сонгож коверлодог

-Таныг уншигчид ковер дуучин Энхүүш гэдэг нэрээр тань мэднэ. Бидэнд өөрийгөө жаахан дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Б.Энхзаяа гэдэг. Дархан хотод амьдардаг. Энэ жил 17 дугаар сургуулийг төгсөнө.

-Хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ. Яагаад заавал ковер дуулах болов?
-Би 6 настайгаасаа эхэлж дуулсан. Сургууль, цэцэрлэгийн арга хэмжээнд их оролцдог хүүхэд байлаа. Нэг хэсэг хичээл номын мөр хөөж байгаад саяхнаас амьд хөгжмийн хамтлагт дуучнаар орсон. Тэгээд хамгийн анх "Халуун сэтгэл” дууг коверлон дуулж байлаа. Энэ дууг коверлож дуулах саналыг хамтлагийн маань ах санал болгож байснаар дуулсан л даа. Үнэндээ эхлээд сэтгэлд багтахгүй байсан ч дуулаад үзье гээд зориглосон. Тэгээд дуулаад, энгийн бичлэг хийгээд youtube-д тавьсан чинь маш олон хүн үзсэн байсан. Энэ нь надад их урам өгсөн л дөө. Тэр цагаас хойш дуу коверлох нь ер нь зүгээр юм байна гэж бодоод дуулах болсон.

-Одоогоор хэдэн дуу коверлож дуулаад байна?
-5-6 дууг коверлож дуулаад youtube-д тавьсан байгаа. Бас бус олны хүртээл болгоогүй ковер дуунууд бий.

-Ихэвчлэн эрэгтэй дуучдын дууг коверлосон байх шиг санагдсан. Тэр дундаа "Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуунуудыг их дуулсан. Хэр баргийн хүн Лхагваагийн дууг дуулъя гэж зориглодоггүй байх...?
-Би аялгуу сайхантай дуу сонгож дуулдаг. Сайхан аялгуутай дууг коверлож дуулахад илүү амар санагддаг юм. Ийм дуу олонд ч их амархан хүрдэг. Тэр утгаараа л дуучин Х.Лхагвасүрэнгийн дуунуудыг сонгож дуулдаг. Яахав эмэгтэй хүн учраас эрэгтэй хүний дууг ихэвчлэн сонгож дуулдаг гэж бас хэлж болно. Учир нь эрэгтэй дуучны дуулсан дууг эмэгтэй хүн яаж ч дуулсан арай өөрөөр дуулдаг. Тиймээс энэ дуучинтай адилхан дууллаа гэж шүүмжлүүлэх болов уу гэх айдасгүйгээр дуугаа дуулдаг даа.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид орохоор төлөвлөсөн байгаа. Ковер дуулж эхэлснээс хойш жүжигчин болмоор санагдах болсон. Хүн өөрийнхөө сонирхлоор л мэргэжлээ сонгох хэрэгтэй гэж би боддог.

-Би таныг дуучин болно гэж хариулах байх гэж бодож байлаа...?
-Дуучин болно гэх бодол төрнө л дөө. Гэхдээ ганцхан дуу дуулаад явна гэхээр жаахан уйтгартай санагдсан учраас жүжигчин болмоор санагдсан. Жүжигчин болсон ч дуугаа хаяхгүй гэж бодож байгаа.

-Хүндэлж, биширдэг жүжигчин тань хэн бэ. Би яг л тэр жүжигчин шиг болно гэсэн мөрөөдөл бас бий байх?
-Надад хошин урлагийн жүжигчид илүү ойр дотно санагддаг. Тэр дундаа Н.Одончимэг эгч шиг мундаг чадвартай жүжигчин болох юм сан гэж боддог. Би энэ хүний мэдрэмжийг маш их үнэлдэг.

-Дууны ая, үг зохиодог хүмүүсээс "Энэ дууг дуулаач” гэх санал хэр их ирж байна вэ?
-Ийм санал их ирдэг. "Энэ дууг дуулчихвал яасан юм”, "Та хоёр өөрсдийн гэсэн дуутай болох уу” гэж хүмүүс санал тавьдаг. Гэхдээ одоохондоо дуулаагүй байгаа. Ер нь бол цаашдаа өөрийн гэсэн дуутай болъё гэх бодол бий. 

-Понаграммтай дуулах, амьд хөгжмийн хамтлагтай дуулах хоёр нэлээд ялгаатай байх?
-Амьд хөгжмийн хамтлагтай дуулах хэцүү. Би хамтлагтаа дөнгөж орж байхдаа туршлага дутаад их хэцүү байдаг байсан. Жишээлбэл, амьд хөгжмийн хамтлагтай дуулахын тулд маш чанга, хөгжмөөсөө давж дуулах ёстой байдаг. Гэтэл миний хоолой нэлээд сул гээд бэрхшээл их тулгардаг байлаа. Тэгээд удаан дуулаад, хамтлагтаа уусаад эхлэхээр тэр бэрхшээл алга болсон л доо. Би хамтлагтаа гоцлож дуулахаас гадна төгөлдөр хуур тоглодог болсон. Манай хамтлаг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.

-Амьд хөгжимтэй дуулж байгаад алдаа гаргахыг гярхай үзэгчид мэддэг ш дээ. Ийм зүйл тохиолдож байв уу?     
-Анх дуулж байхад хамтлагийнхандаа нэлээд загнуулдаг байсан. Өнгө алдах юм бол би дуулж байснаа гэнэт зогсох гэх мэтээр алдаа их гаргадаг байлаа. Амьд хөгжимтэй дуулж байх үед алдсан ч цаашаа алдаагаа засаад дуусгах хэрэгтэй байдаг. Одоо бол сурсан /инээв/.

-Танай хамтлаг Дарханд уран бүтээлээ хийж байна уу?
-Тийм ээ. Номадсийн сүлжээ ресторануудад гэрээгээр дуулдаг. Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймагт дуулахаас гадна Улаанбаатараас ирж дуулаач ээ гэх урилга ирвэл бас ирж дуулдаг. 

-Ингэхэд чамд дууг нь коверлож дуулдаг дуучидтайгаа хамтарч дуулах юмсан гэх бодол төрдөг үү. Жишээлбэл, дуучин Х.Лхагвасүрэнтэй...? 
-Тийм бодол төрдөг. Тэр мундаг хүнтэй хамтарч дуулж үзэх юмсан гэж боддог.

"Universe best songs”-т дахин оролцохгүй

-Өнгөрсөн жил "Universe best songs” тэмцээнд хамтлагийнхантайгаа оролцож байсан санагдаж байна. Тэр үеэ дурсвал?
-Өнгөрсөн жил тус тэмцээнд оролцоод дөрөвдүгээр шатнаасаа хасагдсан. Одоо бодоход дууны сонголт буруу байснаас л хасагдсан гэж боддог юм. Миний хувьд энэ тэмцээнд ороод түрүүлэх нь чухал байгаагүй. Зүгээр л шинэ мэдрэмж авсан минь сайхан байсан.

-Дахиж оролцох бодол байна уу? 
-Оролцохгүй ээ. Дахиж оролцох шаардлага байхгүй гэж бодож байгаа.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Айлын хэд дэх хүүхэд билээ?
-Манайх ам бүл тавуулаа. Би айлын ууган охин. Хоёр дүүтэй.

-Танай удамд дуулдаг хүн байдаг уу. Урлагийн авьяас удам дагах нь бий?
-Аавын маань талд л бий. Гэхдээ яг дуучин болчихсон хүн байхгүй ч дуулах сонирхолтой, дуулдаг хүмүүс аавын маань хамаатнуудад их байдаг. 

-Ингэхэд хамтлагийнхантайгаа аялан тоглолтоор удаан хугацаанд явахад гэрийнхэн нь, ээж, аав нь яаж хүлээж авдаг вэ? 
-Анх энд тэнд тоглолтод оролцохдоо аав, ээжтэйгээ бараг хамт явдаг байсан. Яваандаа хамтлагийнхантай аав, ээж дотно болоод ирэхээр энэ асуудал бага багаар цэгцэрч, одоо бол бүр сурчихсан. Аав, ээж минь маш их дэмжсэний үндсэн дээр би өнөөдрийн энэ түвшинд хүрчихээд явж байна.

-Таны фэйсбүүкээс Зууны манлай дуучин Б.Сарантуяатай авахуулсан хоёр зургийг харсан. Нэг нь бүр жаахан байхдаа, нөгөө нь арай том болоод даруулсан зураг байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Намайг жаахан байхад манайх Шарын голд амьдардаг байлаа. Тэндээ зочид буудал ажиллуулдаг байсан. Тэр үед дуучин Сараа тоглолтоор явж байгаад манайд буудалласан. Тэгэхдээ надад CD, тоглолтынхоо палкат зэргийг бэлэглэж байсан. Би тухайн үед нэг их дуулдаггүй, Б.Сарантуяаг ч сонсдоггүй байсан л даа. Тэр цагаас хойш Б.Сарантуяа эгчийн дууг маш их сонсдог, фэн нь болсон. Харин дараа нь эмэгтэйчүүдийн баярын нэг арга хэмжээ нь дээр бид хоёр хамтдаа дуулах хувь тохиосон. Тэр үед Сараа эгчтэй хамт авахуулсан багынхаа зургийг харуулсан чинь "Яасан том болчихсон юм бэ” гэж байсан. 

-Дуучин Б.Сарантуяагийн дууг коверлож дуулъя гэсэн бодол байна уу?
-Ер нь бол коверлож дуулдаг. Гэхдээ олонд нийтлэхээс жаахан санаа зовоод байдаг юм. Би энэ хүмүүс шиг мундаг чадалтай хоолойтой биш, дуу коверлож дуулдаг учраас олонд хүргэнэ гэхээр зориг хүрдэггүй. 

-Өөрийнхөө дууг дуулах, бусдын дууг коверлох хоёр хэр ялгаатай юм бэ?
-Миний хувьд бусдын дууг коверлож дуулна гэдэг тухайн дууг анх дуулсан дуучнаас нь огт өөрөөр бусдад хүргэх гэж боддог. Анхны дуучинтай нь адилхан дуулаад байх нь ковер дуу биш байх.

-Дууг коверлож дуулах нь сүүлийн жилүүдэд их хөгжиж байна. Гадаадад бол манайхнаас арай өмнө дуу коверлож эхэлсэн. Тэгэхээр чиний хувьд гадаадын ковер дуучдаас суралцдаг уу. Монголын ковер дуучидтай хэр холбоотой байдаг вэ?
-Мэдээж туршлага судалж, байнга сонсдог. Ковер дуучид тиймэрхүү дуунуудыг сайн сонсож "чихээ онгойлгох” хэрэгтэй л дээ. Тэгж байж дууг маш сайн коверлож чаддаг. Миний хувьд бусдыг дууриаж биш өөрийнхөөрөө л дуулдаг. Бусад хүн яг ингэж дуул гээд заачих юм бол чаддаггүй. Манай Монголын ковер дуучдын хувьд уулзаж туршлага солилцдог гэсэн. Гэхдээ миний хувьд хотод бус Дарханд амьдардаг учраас одоохондоо тэдэнтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаа. Дараа жил хотод ирэхээрээ уулздаг болох байх. Саяхан МҮОНТ-д нэвтрүүлэгт орохдоо хэдэн ковер дуучинтай танилцсан. Удахгүй бүр олныг танидаг болох байх аа. 

-Дууг коверлоход хэдий хэр хугацаа шаардагддаг юм бол?
-Хугацаа хэлэх боломжгүй л дээ. Миний хувьд дууг коверлохдоо зүгээр л бичиж үзье л гэж боддог болохоос бусдад цацъя гэж боддоггүй. Анх "Халуун сэтгэл”-ийг дуулахдаа ч тэгсэн. Энэ дууг дуулаад 5-6 сар болсныхоо дараа Youtube-д тавьж байсан. Тэгсэн хүмүүс их сонирхсон учраас дараагийн уран бүтээлээ хиймээр санагдсан л даа. 

-Амьд хөгжим, ковер дуучин гэхээр хамгийн түрүүнд гитартай дуулж байгаа нь төсөөлөгддөг. Цаашид гитараа өөрөө дараад дуулах уу?
-Тийм бодол төрдөг шүү. Одоо гитар тоглож сурах бодолтой байгаа.

-Ер нь өөрөө дууныхаа шүлгийг бичээд, дуулах бодол бий юу. Сүүлийн үед үг, аяыг өөрөө зохиогоод өөрөө дуулдаг "мода” их дэлгэрч байх шиг? 
-Надад шүлэг бичих бодол ерөөсөө төрдөггүй. 

"Энэ нөгөө ковер дуулдаг охин байна шүү дээ” гэхээр сайхан байдаг

-Гадуур явж байхад чинь хүмүүс хэр их таниж байна. Хотдоо төдийгүй улсдаа нэртэй болоод байгаа? 
-Гадуур явж байхад хүмүүс "Энэ нөгөө ковер дуулдаг охин байна шүү дээ” гэх мэтээр ярих нь сонсогддог. Надад энэ одоохондоо маш шинэлэг, сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа. Хүмүүс ингэж байгаа нь надад нэг талаараа их урам өгдөг. Саяхан Хөх хот руу тоглолтоор яваад ирсэн. Тэнд явж байхад хүмүүс хамтдаа зураг татуулъя гэж байсан нь их гоё санагдсан.

-Хичээлийнхээ хажуугаар уран бүтээлээ туурвина гэхээр аль нэг нь орхигдох тал байх уу?
-Тийм асуудал нэг их гардаггүй ээ. Зохицуулж болдог. 

-Энэ жил зуны амралтаа хэрхэн өнгөрөөв?
-Тоглолтоор нааш цаашаа явсан. Энэ сарын хувьд хурим найр их байгаа учраас нэлээд хэдэн газар уригдаж дуулсан.

-Нууц байж магадгүй юм. Гэхдээ тоглолт, "халтуур”-аас олсон орлогоо яаж хуваадаг вэ?
-Сүүлийн үед хамтлагаараа явахаа больсон. Энэ жилээс Бэлээ ахтай хоёулахнаа уран бүтээлээ туурвиж байгаа учраас олсон ашгаа 50/50-иар бодоод л авчихдаг.

-Редакцид маань хэсэгхэн хугацаанд саатаж, ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэхийн сацуу сургуулиа төгсөөд мундаг жүжигчин, дуучин болохын цагт дахин редакцид маань уулзах ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

 

 

 

1289
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.