Хар тамхи хэрэглэснээр...!!! /бичлэг/
Нийтийн дунд зүгээр л хар тамхи гэсэн их хар айдас үүслээ. Удаан хугацааны хэрэглээний дүнд ядарсан царайтай болж, турж, арьс шаргалтаж, хумс салж унан, гарын судсанд тарианы соривнууд үлддэг. Хэл ягаарч, цагаан өнгөр тогтоно. Мөн нүүрний арьсанд идээт бижрүүнүүд гарч, шарх сорвины эдгэрэлт удааширдаг. Үс, хөл хэврэгшин, дуу хоолой сөөнгө болж хэл хагарч, хатууран, хэлний арьс хуурдаг. Судасны хана хатуурч, цусны бөөмөнд биржрүү үүсч, унтах шаардлагагүй болно. Биеийн жингээ огцом алдаж, турж эцэн, нойргүйтэх, ядаргаа стресст орох, байнга толгой өвдөх, хамар нармайн өвчин тусч улмаар хамрын таславч цоорох, бэлгийн сулралд орно. Хар тамхи хэрэглэснээс хойш 2-12 жилийн дотор нас бардаг байна.
Манай Эрүүгийн хуульд "Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” хэмээх 22-р бүлэг, 192 -196 дугаар зүйлд энэ тухай хуульчлахдаа "Борлуулах зорилгогүйгээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл,бодисыг олж авсан хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, гурваас зургаан сар баривчлах эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн Манай улсад мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, хадгалах, өөрөө хэрэглэх, бусдад худалдах, хууль бусаар хил нэвтрүүлэх гээд бүх төрөлд 10-15 жилийн хорих ял оноодог. Ямар ч ялгамж байдаггүй.
Үнэндээ нэг грамм хар тамхи арван доллараар л гардаг боловч зарагдахдаа 100-400 болдог аж. Ер нь маш товчоор бол энэ бэлдмэлийг хэрэглэсэн хүн нь биш зарж борлуулдаг бэлдэж хийдэг хүмүүс л гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд жирийн иргэдэд дамлан худалдаж л мөнгө олдог юм байна. Түүнээс тэрийг татаад агсам тавьж догшрох гэж бараг үгүй, харин түүнд донтсон хүн түүнийгээ олохын тулд яахаас ч буцахгүй болж хамаг юмаа зарах, мөнгө олохын тулд гэмт хэрэг хийх нь бий.
Дэлхийн улс орнууд дундаас энэ тал дээр хамгийн харгис хуультай орноор манай өмнөд хөрш онцгойрдог байна. Мөн Зүүн өмнөд азийн БНХАУ, Тайланд, Малайз гээд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу хуультай улс байна. Нэг жишээ дурдахад 2003 онд гуравхан сарын хугацаанд 2300 хүнийг цаазаар авч байсан тохиолдол Тайланд улсад гарч байсан байдаг. Хятадууд Британи, Япон зэрэг маш олон улсын иргэдийг хилээр хар тамхи оруулж ирсэн, гаргасан гэх зүйл ангиар цаазлан хороожээ. Манайхаас ч одоогоор олон хүн цаазын ял сонссон, бас насаараа хоригдох ялтай сууж байгаа. Хятадын эрүүгийн хуульд мансууруулах бодисыг хилээр оруулах зарж дамлах маш хүнд ялтай бөгөөд цаазаар авах насаар нь хорих ялтай байна.
ЦЕГ-ын мэдээллээр 2015 онд хар тамхины хууль бус наймааны гаралт өсч 79 хэрэгт 169 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өнгөрсөн оныхоос 29.5 хувиар өссөн байна. Тэгвэл энэ он гараад эхний зургаан сарын байдлаар бүр ч сэтгэл шимшрэм судалгаа харагдаж байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдсан хэрэг 43 гарч 130 хүнийг баривчилсан нь өмнөх оны мөн үеэс 75 хувиар өссөн үзүүлэлт юм. Хууль бус наймаачдыг жил ирэх тусам олноор барьж байгаа нь сайшаалтай ч үүний ард худалдаа, хэрэглээ тэр хэрээр нэмэгдэж байгаагийн баталгаа.
Хар тамхины хэрэглээнд нас бол хамаагүй болсон юм билээ. 15-21 хүртэл насны охид хүртэл хэрэглэдэг. Нэг гр "мөс”-ийг нэг жи гэдэг. Нэг жи 300.000-500.000 төгрөгийн үнэтэй. Нэг удаагийн хэрэглээнд нэг жи хангалтгүй. Хангалттай татна гэвэл нэг удаа 1 000 000 төгрөгийн жи-гээр хэрэгцээгээ хангадаг. Хар тамхины хэрэглээ аль эрт 1990 оноос аюулын харанга дэлдэж, 2000 оноос эхлэн Монголчууд хар тамхины тээвэрлэгч болж амь амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөөгөө зольсон олон гашуун түүх байдаг. Үүнийг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор хөндөн тавьж, төр засгаас шийдвэртэй бодлого шаардаж ирсэн. Харин уншигч та, залуус та бүхэн аливаа зүйлд болгоомжтой өөрийн үзэл бодол оюун санаагаа зөв зүйлд чиглүүлэж элдэв ятгал хөнгөн хийсвэр юманд орооцолдохоос аль болохоос зайлсхийж байх нь өөрийгөө болоод өрөөлд учруулах гэмт хэрэг, эрүүл мэнд ирээдүй хойчдоо үлгэр дуурайлал зөв чиглэл болох юм. Хар тамхи бол тахал. Түүнээс хол хөндий байх нь зөв юм.
Ингээд хар тамхинд хэт донтсоноор ямар байдалд хүрэхийг бичлэгээр хүргэж байна. Бичлэгийг насанд хүрээгүй болон жирэмсэн, зүрх судасны өвчтэй хүн үзэхийг хориглоно.
М.Буянжаргал