Galaxy S8, S8+ утаснуудын тухай ДЭЛГЭРЭНГҮЙ
Samsung компани өнгөрсөн шөнө Нью Йорк хотод цоо шинэ Galaxy S8 болон S8+ утаснуудаа танилцууллаа. Үндсэн товчлуур байхгүй болж, хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахтай, бараг л ирмэггүй шахам загвартай, нумарсан дэлгэцтэй, утасны ар хэсэгт байрлуулсан хурууны хээ таних систем гээд өмнө нь яригдаж байсан бүх зүйлс биеллээ олжээ.
5,8 инчийн төгсгөлгүй мэт үргэлжлэх Super AMOLED дэлгэцтэй загварыг нь S8 гэж нэрлэсэн бол 6,2 инчийн төгсгөлгүй дэлгэцтэй загварыг нь S8+ гэж нэрлэсэн байна. Хоёр утас аль аль нь Quad HD+ нягтралтай бөгөөд дэлгэцийн харьцаа нь 18.5:9.
АНУ-д худалдаанд гарах загварууд Qualcomm-ын найман цөмт Snapdragon 832 чиптэй, 4GB RAM, 64GB багтаамжтай. Харин бусад улсад худалдаалагдах загварууд нь Exynos чиптэй байх юм. Гар утас сонирхогчдын хувьд хамгийн чухал зүйлсийн нэг үндсэн камер энэ удаад 8 мегапиксел болж сайжирчээ.
S8, S8+ загваруудын хувьд iPhone-оос хоёр зүйлээрээ ялгаатай. Нэгдүгээрт уламжлалт чихэвчийн оролтыг устгаагүй, хоёрдугаарт нэмэлт microSD картын оролттой. Мэдээж хэрэг ус, тоосны хамгаалалттай.
Хүмүүсийн хамгийн их сонирхож буй зүйл нь магадгүй шинэ загварууд өмнөх утасны алдааг давтах эсэх байх. Samsung-ын хувьд өнгөрсөн жилийн алдаанаас болгоомжлохын тулд S8 утсыг S7 загвартай адил 3000mAh батарейтай, S8+ загварыг 3500mAh батарейтай үйлдвэрлэжээ.
ЦАРАЙ ТАНИХ СИСТЕМ
Note 7 загварыг танилцуулахдаа Samsung компани хоёр төрлийн био хэмжүүрт таних системийг санал болгож байсан. Нэг нь хурууны хээ нөгөө нь нүдний торлог бүрхэвч. Харин S8 утасны хувьд царай таних системтэй болов.
Анх S4 загвар дээр танилцуулж байсан царай таних систем одоо илүү сайжирч, утасны дэлгэц түгжээтэй байсан ч гэсэн ажилладаг болжээ.
BIXBY ЦОО ШИНЭ ТУСЛАХ
Гадна талаас харагдах байдал нь өөрчлөгдсөнөөс доторх эд ангийн үзүүлэлт тийм ч их өөрчлөгдсөнгүй. Харин үүний гол шалтгаан нь Samsung программ хангамжид илүү их анхаарал хандуулсантай холбоотой.
Өнгөрсөн жил Vive компанийг өөртөө нэгтгэсэн Samsung Bixby хэмээх хиймэл оюун ухаант туслахыг танилцууллаа. Шинэ системийн нэг давуу тал нь зүгээр аппликейшн ачаалах, интернетээс хайлт хийхээс гадна хэрэглэгчийн тушаалыг үг дуугүй биелүүлнэ.
Жишээлбэл "Bixby наад зургаа зүүн тийш эргүүл” эсвэл "Bixby энэ зургийг түүнд илгээ” гэх мэтээр дэлгэц дээр хийж болох үйлдэл бүрийг дуу хоолойгоор хийдэг болжээ. Гэхдээ одоогийн байдлаар Bixby зөвхөн 10 аппликейшнийг ингэж ажиллуулж чадах бөгөөд цаашид хэрэглээнд нэвтрэх аппликейшнүүд бүгд дотроо Bixby дэмжих кодтой болох юм.
ХЭЗЭЭ, ХЭДЭЭР...
Galaxy S8 загвар өнөөдөр зах зээл дээр байгаа бараг бүх утаснаас илүү загварлаг болжээ. Шилэн, метал хосолсон загвар дээрээс нь бараг ирмэггүй мэт харагдах дэлгэц.
Хар, саарал, мөнгөлөг болон алтлаг, цэнхэр өнгийн сонголтуудтай
Тэгвэл хоёр төрлийн хэмжээтэйгээр худалдаанд гарах эдгээр загварууд өнөөдрөөс урьдчилсан захиалга авч эхэлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр худалдаанд гарах юм байна.
Galaxy S8 загварын үнэ 720 ам. доллароос эхлэх бол S8+ загварын үнэ 840 ам. доллароос эхлэх аж.
Сэтгүүлч А.Ихсанаа |