|

“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”

“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга П.Энхтайвантай барилгын салбар дахь ХАБЭА-н асуудлаар ярилцлаа.

-Барилгын салбарын ХАБЭА-н ойлголтын талаар ярилцлагаа эхлье?

-Барилгын салбарын ХАБЭА нь нэг номерын яригдах зүйл. Манайд хэвийн бус нөхцөлтэй 4 салбар бий. Үүний нэг нь мэдээж барилгын салбар. Хуулиндаа ч мөн адил тэгж заасан байдаг. Ер нь ямар ч салбарыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь чухал гэдгийг бид мэднэ. Тус салбарт ХАБЭА-н мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байж осол аваар гарахгүй байх боломжтой. Хэрвээ мэргэжлийн бус хүн нь удирдаад ирэхээр доошоо тавигдах шаардлага нь сулраад ирж байгаа юм. Хэвийн бус нөхцөлтэй ажил олгогч аж ахуйн нэгжийн хуулийн өмнө хүлээх үүрэг хариуцлага нь тодорхой байгаа боловч түүнийг мэдэх хүн ховор болсон байна. Өнөөдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт суларсан. Тиймээс тэд үүргээ мэдэхгүй байна. Ингэснээр тухайн ажилчдад эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч чадахгүй байгаа юм. Гэхдээ барилгын салбарын ХАБЭА-н сахилга бат зөвхөн ажил олгогчоос хамаарах асуудал биш гэдгийг онцолж хэлье.

-Ажил олгогч тухайн ажилтныг анх ажилд авахдаа эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстой юу?

-Тухайн ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эрүүл мэндийн үзлэгт оруулах нь ажил олгогчийн гол үүрэг. Жишээлбэл, ажилд орох гэж буй ажилтан харааны болон сонсголын бэрхшээлтэй эсэх, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй эсэх зэргийг тодорхойлуулсны дараа энэ хүн энэ ажлыг хийж болно гэсэн эмнэлгийн дүгнэлт гарна. Үүний дараа ХАБЭА-н нийт ажилчдын сургалтад хамруулна. Байгууллага өөрөө ХАБЭА-н сургалт явуулах эрхгүй бол сургалтын байгууллагатай хамтарч ХАБЭА-н сургалтыг зайлшгүй явуулах ёстой. Ингээд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөгөө өгсний дараа ажилд гаргана. Зааварчилгааг тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон онцлогт тохирсон, тусгай сургалтын анги танхимд 2 цагаас багагүй хугацаагаар явуулна.

-Ажилтан тухайн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ хийхээс гадна аюулгүй байдлын гэрээг хамтад нь хийх шаардлагатай гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аж ахуйн нэгж байгууллага тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг аюулгүй байдлын гэрээтэй хамт хийх ёстой гэж хууль дүрмэндээ заасан байдаг. Аюулгүй байдлын гэрээ гэдэг нь ажилчин болоод ажил олгогч ямар үүрэг хүлээх, харилцан энэ үүргийг хүлээх, хариуцлагаа хүлээхгүй бол ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Ингээд ажилтан ажлынхаа цагаас хоцрохгүй, хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн өмсөж, өгсөн зааварчилгааны дагуу ажиллах ёстой. Мэдээж цалин хөлсөө цаг тухайд нь авах ёстой. Энэ процессүүд алдагдахаараа л цаашаа явах үйл ажиллагаа нь доголдоод байгаа юм. Тэгэхээр тухайн ажилтан өөрийнхөө эрх үүргийг маш сайн ойлгож, биелүүлэхгүй бол эрсдэл гарах аюултай. Мөн тухайн бригадыг ахлагч нь хүний амь насыг хариуцаж байгаа гэдгээ бүрэн ойлгосон бол ХАБЭА-н анхан шатны зааварчилгаа, сургалт, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байнга өгөх ёстой. Ажилтан үүнийг үл ойшоож алдаа гаргасан бол түүний буруу болно.

-Барилгад хөдөө орон нутгийн ХАБЭА-н мэдлэг ойлголтгүй хүмүүс ажиллах нь элбэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь осол, аваар гаргах шалтгаан гэж үзэж болох уу?

-Манайд Хойд солонгос болон Хятад иргэд гэрээгээр ажиллах нь элбэг байна. Амьдрахын тулд орон нутгаас ирж барилга дээр ажиллаж буй нь буруу биш л дээ. Тэд ажил хийж болно. Гэхдээ тэднийг хамгийн гол нь дүрэм журмын хүрээнд ажиллуулах ёстой. Мэдээж эхлээд ХАБЭА-н сургалтад хамруулж, шалгалт авна. Тэнцэж байгаа тохиолдолд ажилд авахад асуудалгүй. Угаасаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэг номерт тавихгүй бол болохгүй байна. Түүнчлэн ХАБЭА-н чиглэл алдагдаж, хүний амь нас эрсдээд байгаа нь тоног төхөөрөмжтэй холбоотой. Уг нь хөдөлгөөнт машин механизмтэй харьцах аюулгүй ажиллагааны дүрэм гэж байдаг. Үүнийг мэдэхгүй болохоор осол гараад байгаа хэрэг. Барилгын салбар зохион байгуулалт, менежментээ зөв хийвэл аюул, осолгүй байх боломжтой. Харин түүнийгээ хангаж чадахгүй бол хамгийн эрсдэлтэй салбар. Гэтэл сүүлийн үед уул уурхайн салбарт осол аваар гарах нь бага болоод байна. Яагаад гэвэл тэд урьдчилан сэргийлэх сургалтуудаа маш сайн явуулдаг. Ингэснээр ажилчдынх нь ХАБЭА-н мэдлэг дээшилж, тархи нь цэнэглэгдээд байгаа юм. Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ яс баримталж, урьдчилан сэргийлэх заавар, зааварчилгаагаа өгөөд явахад осол гарахгүй гэдгийг дахин дахин онцолж хэлмээр байна.

-Барилгын салбар нь улирлын шинж чанартай учраас олон цагийн сургалт явуулахад цаг алддаг байж болно шүү дээ?

-Хүмүүс барилгын салбарыг зөвхөн зун ажилладаг гэж ойлгодог. Яахав зун ид ачаалалтай байж болно. Гэхдээ жилийн дөрвөн улиралд ажлаа явуулж буй компаниуд байна. Эдгээр нь өвөл ажиллах аюулгүй ажиллагааны заавараа гаргаж, зохион байгуулалтай явж байгаа учраас аль аль талдаа асуудал гарахгүй байна. Харин ХАБЭА-н хууль дүрмээ баримтлаагүй байгууллагууд л осол аваар гаргаад байна. Энэ л хамгийн аюултай.

-Тухайн ажилтан хадаасан дээр гишгэж хөлөө гэмтээхэд хэнийх нь буруу болох вэ?

-Хадаасан дээр гишгэсэн хүн өөрөө нэгдүгээрт буруудна. Яагаад гэвэл аюултай орчинд ажиллахгүй байх эрхтэй гэдгээ мэдээгүй. Мөн хадаастай мод талбай дээр байлгаж байгаа талбайн инженерийн буруу. Яагаад гэвэл ажлын байрны нөхцөл бололцоог хангаж өгөөгүй гэсэн үг. Ажлын байрны нөхцөл бололцоог хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсний дараа тэр хүн гэмтэж байвал тухайн хүний буруу. Ийм л хоёр талтай. Тэгэхээр аюулгүй ажиллагаа нь ажил олгогч, ажилтан хоёроос шууд хамааралтай.

-Ажилчин эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхтэйгээ тэр болгон мэдэхгүй байх тохиолдол байдаг. Хуулиндаа энэ талаар яг юу гэж заасан байдаг вэ?

-Хөдөлмөрийн хуулийн 18-р зүйлд ажилчин хүний эрх, үүргийг заасан байдаг. Үүнд ажил олгогч ажилтанд эрүүл аюулгүй ажлын байр бэлдэж өгөөгүй бол ажилтан хөдөлмөрлөхгүй байх эрхтэйг заасан. Ажилтан өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангуулах эрхтэй. Үүний дараа ажлаа хийх үүрэгтэй.

-Танай байгууллага барилгын салбарын ХАБЭА-н асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манай төв нь барилгын салбарын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайдын А/33 дугаар тушаал, MNS-4969:2000 стандартаар оногдсон төрийн үйлчилгээ үзүүлэх эрхийнхээ дагуу хууль эрх зүйн орчин, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь ямар түвшинд байна гэдгийг нь хянах хүрээндээ ажлаа явуулж байна. Бид тухайн байгууллагад очиж зааварчилгаа өгөх, зөвлөмж хүргүүлэх, сануулах үүрэгтэй. Сануулсан хугацаанд алдаагаа засаагүй бол дараагийн шатны арга хэмжээг авах буюу МХЕГ-т хандана гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.

 

 


755
  • Айлгах тактик Хөгжилтэй агшинууд Scary tactik Funny moments Үзсэн   1499 2015-03-04
  • Таван Толгойн асуудлаас шийдэлрүү Үзсэн   8307 2015-03-24
  • Камбожийн зочид буудлын эзэд дахин хаалгаа барихаас айж байна Үзсэн   339 2022-01-18
  • Үс боох хялбар арга Үзсэн   2960 2014-07-22
  • Шууд үсрээд л хаалгыг маш амархан онгойлгож буй муур /video/ Үзсэн   1103 2014-08-16
  • Sony компани Vision-S цахилгаан машинаа танилцууллаа Үзсэн   868 2020-01-11
  • Jungle Jail (Богино хэмжээний хүүхэлдэйн кино) Үзсэн   1310 2014-10-03
  • Хайрын рекорд Уран сайхны кино Үзсэн   2821 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.