|

Киану Ривз: Надад хэн ч байхгүй, би ганцаардмал нэгэн залуу

Жүжигчин Киану Ривзийг "Хурд”, "Матрикс” гэх мэт шилдэг киногоороо олноо танил болсон, холливуудын од хэр нь энгийн хэв маягаар амьдардаг гэдгээр нь олон нийт мэддэг. 

Түүний тоглосон "John Wick: Chapter 3-Parabellum” киноны нээлт тавдугаар сарын 19-нд Лос Анжелес хотноо болох үеэр The Jakarta Post хэвлэл Киану Ривзтэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Өдгөө 54 настай жүжигчин эр Нью-Йоркт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ихэд нээлттэй, нөхөрсөг байсан нь олныг гайхашруулжээ. Гэхдээ л тэрээр хар тамхины хэргээр шоронд хоригдаж байгаа аавынхаа талаар, хүн болж чадаагүй хүүхдээ (жүжигчин Женнифер Саймтай хамтран амьдарч байхдаа) алдах мөчид юу бодогдсон талаар өмнөх ярилцлагууддаа хэзээ ч ам нээсэн удаагүй юм.

Киану Ривз нь Ливан улсад төрсөн, Канадын иргэн бөгөөд түүний ээж нь Британи, аав нь Хятад-Хавайн гаралтай юм. Түүний Киану хэмээх нэр нь Хавай хэлээр "Уулсын дээгүүрх сэрүүн салхи” гэсэн утгатай аж. Кианугийн бага насанд гэр бүл нь Торонтод суурьшихаас өмнө Нью-Йорк хот, Австрали улсад амьдарч байжээ. Түүний ээж нь алдартай дуучдын хувцас дизайнер байсан бөгөөд ааваас нь салсны дараа найруулагч Пол Ааронтой гэрлэжээ. Киану 18 настай байхдаа найруулагч хойд аавтайгаа Лос Анжелес руу нүүн суурьшжээ. Тэрээр 1986 онд River’s Edge киноны гол дүрийн жүжигчнээр сонгогдсон нь түүний дэлгэцийн уран бүтээлийн гараа эхэлсэн гэж хэлж болно. 


-"Матрикс” кино таны хувьд мэдээж ихээхэн ач холбогдолтой бүтээл. Ингэхэд та Неотой хэр төстэй хүн бэ?
-Тэр надаас хавь илүү залуу. Би харин ч түүн шиг үнэ цэнэтэй нэгэн болохыг хичээдэг.  

Мотоциклийн гоо сайханд би татагддаг. Би түүний чичиргээ, давхих хурд, хөдөлгөөн, юунаас ч үл хамаарах төгс байдалд нь маш их дуртай.

-Түүний чухам ямар үнэ цэнэтэй чанарыг та хүндэлдэг вэ?
-Би маш гайхалтай хүний дүрд тоглосон. Тринитид зориулсан түүний хайр маш цэвэр ариухан. Би түүнийг үнэхээр мэдэрсэн шүү. Мөн аливаа зүйлийн хариултыг олохыг хичээж байгаа түүний хичээл зүтгэл надад таалагддаг. Тэр маш эерэг, өндөр ёс суртахуунтай, чадах бүхнээ тултал нь хийдэг залуу. 

-Хайр гэж таны хувьд юу вэ?
-Та романтик хайрын талаар асууж байна уу? Хэрэв тийм бол би ганцаардмал залуу. Одоогоор миний амьдралд хэн ч байхгүй. Хэрэв надад хайр ирвэл би тэр хүнийг хүндэлж хайрлах байх. Ийм зүйл тохиодоно гэж найдаж байна. 

-Та өөрийгөө ганцаардмал залуу гэлээ. Үүгээрээ ямар нэгэн утга агуулж байна уу?
-Би үүндээ нэг их ач холбогдол өгөөд, санаа зовоод байдаггүй юм. Би жүжигчин хүн. Тиймээс таны асуусан асуултын хувьд надад ямар ч хариулт алга.


-Та Калифорни мужийн Баруун Холливудад амьдардаг. Таны хувийн орон зайг хүмүүс хүндэлж байна уу? Хүмүүст мэдэгдэхгүйгээр хэрхэн гадуур гардаг вэ?
-Миний өдрүүд их энгийн өнгөрдөг. Мэдээж, тэнд жуулчдын ачааны машинууд энд тэндгүй байдаг, тэд айлуудын гэрийн гадаа эргэлдэнэ. Би өглөө бүр гадаа гарч сониноо авахад тэд байж л байдаг. Заримдаа би торонд хашигдсан амьтан мэт санагддаг л юм. Харин Лос Анжелест хэн ч чамайг анзаарахгүй. 

Гадаа гарахаар л папарациуд араас дагана. Тиймээс би гадагш маш ховор гардаг юм. Заримдаа үнэхээр юу ч хийж чаддаггүй, тиймээс хааяа их уйддаг шүү. 

Сандра Буллок болон Киану Ривз  хоёр бие биедээ таалагддаг байсан ч тэр талаар ам нээлгүй өдийг хүрчээ

-Таныг мотоциклд нугасгүй гэдгийг чинь хүмүүс мэднэ. Чухам яагаад тэгтлээ дуртай байдаг юм бэ? (Тэрээр Калифорниа дахь "Arch Motorcycle” компанийн хамтран эзэмшигч юм)
-Би маш их, бүр маш их дуртай. Мотоциклийн гоо сайханд би татагддаг. Би түүний чичиргээ, давхих хурд, хөдөлгөөн, юунаас ч үл хамаарах төгс байдалд нь маш их дуртай. Түүний дээр суугаад дэлхийгээр хэрэн хэсэх ч боломжтой гээд бод л доо. 

Түүнийг унахад бие махбодийн баяр баясгланг эдэлдэг гэх үү нэг тийм сэтгэл татам гоё мэдрэмж төрдөг. Жолооны ард юм бодож, мэдэрч болно. Заримдаа тэгэх ч шаардлагагүй юу ч бодохгүй, мэдрэхгүй давхих хичнээн сайхан гэж санана.  

-Та анх рок од байхыг хүсдэг байсан уу?
-Үгүй ээ. Би хэзээ ч тэгэхийг хүсч байгаагүй. Би зүгээр л аливаа хөгжмийн зэмсгийн хөгөнд дуртай, анх тоглож үзэхэд маш хөгжилтэй санагдсан. Тэгээд хэсэг бүлэг найзуудтайгаа тоглодог байсан юм.

-Та тэр үед хэдтэй байсан бэ?
-Би 17 настай, намайг хөгжимд дуртай болгосон найз охин минь надаас эгч байсан. Бид машиныхаа ард дуу өсгөгч байрлуулчихаад Joy Division, the Violent Femmes хамтлагийн дуунуудыг хамгийн чанга дээр тавиад явдаг байлаа. Бид машиндаа дуугаа ч сонсоно, жаахан ууна, хааяа хийнэ. Заримдаа машиныхаа дээр өсгөгчөө тавьж байгаад цэцэрлэгт хүрээлэнд бүжиглэдэг байж билээ. 

-Хөгжим таны одоогийн амьдралд онцгой зүйл хэвээрээ юу?
-Dogstar хамтлаг маань тарсан ч бид хааяа хамт тоглодог юм. Би өөрөө басс гитартай, бид саяхан хоёр ч удаа хамт тоглосон. Гэхдээ зүгээр л хөгжилдөх гэж юм шүү. 

Тэрээр саяхны нэг өдөр Эллений ток шоунд оролцох үеэрээ "Хурд” кинонд хамтран тоглосон Сандра Буллокт сэтгэлтэй байсан талаараа хэлсэн нь олныг гайхашруулсан юм. Харин тус шоунд Сандра Буллок өмнө оролцохдоо мөн л Киану Ривзт сайн байсан гэдгээ хэлжээ. Тэгэхээр хоёр жүжигчин бие биедээ таалагддаг байсан ч тэр талаар ам нээлгүй өдийг хүрчээ. 


Эх сурвалж: The Jakarta Post


883
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.