|

Ж.Батзандан: Түүхийг хувьчлах гэж, түүхийн сайныг өөр дээрээ нааж асуудалд хандаж болохгүй

Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан. Уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 25-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Энэхүү шинэчилсэн тогтоолын төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооны өгсөн санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, хэлэлцэв. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат чуулганы индэрээс байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үгийг энд онцлон хүргэе. Тэрээр хэлэхдээ:

-Ахмад буурлуудынхаа хийж бүтээснийг алдаршуулж, мөнхжүүлэх нь сайн зүйл. Гэхдээ би нэг зүйлийг байнга хэлдэг.

Ю.Цэдэнбал даргыг хэлмэгдүүлсэн гэж. Социализмын үед "Тоглоомын БНУ” гэж номыг Баабар бичсэн. Тоглоомын БНУ-ын үед Монголын удирдагчид бие биенээ ээлжилж хэлмэгдүүлдэг байсан тухай тэр номонд бичсэн байдаг юм. Тоглоомын БНУ-ын түүх бол тийм л байсан. 1989, 1990 онд Цэдэнбал гуайг хэлмэгдүүлээд Орос руу цөлсөн. Тэр хүнийг тухайн үеийн Элчин сайд, тухайн үеийн төр засгийн удирдлагууд Монголд нь авчрах тухай, эх оронд нь ясыг нь тавих тухай нэг ч санал санаачлага гаргаагүй байдаг юм. Тэр хүнийг Орост насных нь эцэс хүртэл байлгаж байгаад өнгөрөөсөн ийм л гунигтай түүх болсон. Монголчууд, Монгол төр удирдагчаа харьд ясыг нь тавиулж байсан түүх, харьд цөлж байсан түүх бараг байхгүй. Энэ бол гашуун түүх.

Цэдэнбал гуай өөрөө олон сайн зүйл, бүтээн байгуулалтыг монгол оронд хийсэн. Цэдэнбал гуайн үед ч бас олон хэлмэгдүүлэлт явж байсан гэдгийг монголчууд мартаагүй байгаа.

Тэгэхээр 100 жилийн ойг тэмдэглэхдээ бид энэ түүхэн хүнээс ямар сургамж авах вэ гэдэг талаас нь бодож үзэх хэрэгтэй шүү гэдгийг би олон удаа хэлж байгаа. Лоохууз гуай, Сурмаажав гуай, Нямбуу гуайн гэр бүлийнхэн амьд байгаа. Тэр хүмүүс Цэдэнбалын 100 жилийг баяр бахдалтайгаар тэмдэглэж байгаа хүмүүсийг хараад сууж байгаа.

Хойч үедээ ямар сургамж үлдээх вэ гэж. КГБ-тэй холбоотой олон асуудал бий. Газар нутгаа алдсан олон асуудал байгаа. Энэ бол түүхийн хүнд үе байсан. Цэдэнбал гэж хүнийг өнөөдөр би муулахын тулд энийг хэлж байгаа юм биш шүү. Энэ хүнийг муулах эрх бидэнд байхгүй. Зүгээр л тэр түүх ямар түүх байсан юм бэ? Социализм, коммунизм, нацизмыг яагаад европын улсууд хуулиар хориглочихов. Кадр Януш, Хонникер, Чаушевский зэрэг түүхэн хүмүүсийн тухай европууд, дэлхий яаж харж байна вэ? Үүнийг бас бид нар нэг талаас нь бодож үзэх ёстой.

Жамсранжав, Батмөнх гуайн асуудлыг ярих ёстой. Ардчилсан хувьсгалыг хийхэд НАХЯамны дарга байсан тэр хүн, Батмөнх гуайн оруулсан гавъяа алдрын тухай бид ярих ёстой. Алдаа онооны тухай ч ярих ёстой.

Зүгээр Цэдэнбал гуайг бид магтаад өнгөрөөхөөр коммунизм сайхан болж харагдах гээд байж магадгүй. Энэ бол аюул. Коммунист, социалист лагерийн үед олон мянган хүний амьдралаар яаж тоглож байсныг бид жил болгон ярьж байх ёстой. Энэ танхимд хэлмэгдээгүй нэг ч хүний үр хүүхэд байхгүй. Хэлмэгдээгүй нэг ч айл манай улсад байхгүй. Үүнийг бас бодох ёстой.

Ер нь Монголоос өөр улсад коммунист удирдагчийнхаа намтрыг алдаршуулах, баярыг алдаршуулах тухай яриа одоохондоо гараагүй байгаа. Гэхдээ бид алдаршуулъя, тэмдэглэе гэдгийг ярьж байна. Би энийг эсэргүүцэхгүй, гэхдээ олон талаас нь харах ёстой гэдгийг л хэлээд байгаа юм.

Түүхийг шүүдэггүй гэж зарим хүмүүс яриад байна. Дэлхийн улс орнуудад бол түүхийг олон талаас нь шүүж, олон талаас нь эрдэмтэн мэргэд нь ярьж хэлэлцэж байгаа. Энийг бас хараарай.

Цэдэнбал даргын алдаа, гавъяаг алдаршуулахдаа 1964 оны Бүгд хурлыг мартаж болохгүй. 1984 онд Дарханд болсон Төмөр-Очир гуайг, Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарыгаа мартаж болохгүй шүү л гэж та нартаа хэлье.

МАХН гэдэг бол ганцхан Монгол ардын намын өвөг дээдэс биш ээ. Энэ Монголын орчин үеийн бүх намуудын үндэс суурийг тавьсан нам шүү. Тиймээс зөвхөн түүхийг хувьчлах гэж түүхийн сайныг өөр дээрээ наах гэж мууг нь бусад руу тохож асуудалд хандаж болохгүй. хэмээн саналаа хэлсэн юм.

 


Ю.Халиун


1075
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.