|

У.Цогтбаяр: Инээдэм гэдэг миний хувь тавилан байжээ

Жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа. "Эмоци” продакшны жүжигчин тэрбээр насанд хүрэгчдэд зориулсан "+17” цувралын дүр, үг хэллэгээрээ сүүлийн үед "алдаршаад” байгаа билээ. Түүний гол дүрийг нь бүтээсэн "Bad angel” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхлээд байгаа юм.

 

Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр...

"Дарханы Цогтоо” байгаад "+17-ын Цогтоо” хэмээгдэх болж. Нэлээд "алдаршжээ”

Харин од болсоон хаха. Аймаар гоё байна аа. Надтай адилхан авьяастай түмэн залуу байгаа. Хувь тавилангаараа юмуу, хувь ерөөлөөр бид хоёр ёндоорлоо. Бэрхшээл бүхнийг бялуу гэдгийг ясандаа тултал ойлгосон. Хэцүү үе байсан ч азарга амжилтанд хүрнэ гэж би яаж мэдэх вэ дээ хаха.

"+17” цуврал алгасалгүй үзмээр, үзэхдээ хүүхдээсээ нуумаар контент болсон. Санаа нь яаж гарсан юм бэ?

"Оранж” интертайнментынхан надтай холбогдож, "Станд ап шоу хийгээч” гэсэн санал тавьсан. Тухайн үед би өөрийн цахим хуудсандаа богинохон  комединууд оруулдаг, мөн "Эмоци” продакшиндаа ажиллаад дөрвөн жил болсон байсан. "Оранж”-ийнхан тоглосон номерыг маань үзээд санал тавьсан уу, фэйсбүүк дэх маазраа маань нөлөөлсөн үү бүү мэд.

Тийм санал аваад өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ ганц хүн тоглолт авч явахад хэцүү Тиймээс чадварлаг жүжигчидтэй хамтраад ажиллавал болох байх гэсэн бодол төрсөн. Догдолж хөөрч хүлээж авсан. Тэгээд Жижгээ ахад хэлсэн. Жижгээ ах маань Оросын шоунуудыг үзэхийг зөвлөсөн. Ингээд "Америк, Орост байдаг шиг хоёр гол дүрийн жүжигчинтэй, насанд хүрэгчдэд зориулсан шоу хийвэл ямар вэ” гэдэг саналыг "Орэнж”-ийнханд эргээд тавьсан, тэд ч зөвшөөрсөн. Ингээд л монголд байгаа хамгийн шилдэг бүхнийг цуглуулж, багаа бүрдүүлээд ажилдаа орсон доо.  

"+17”-ийн трейллер цацагдаж эхэлсэн хоёр дахь өдрөөс Жижгээ ах бид хоёрын амьдрал орвонгоороо эргэсэн. Од болсоон хаха.

Харин зарим ээж, аав нар "Манай хүүхэдтэй зургаа авахуулчихаач” гээд байдаг хаха. "Хүүе, та нар чинь хүүхдэдээ томчуудын юм үзүүлээд байдаг юм уу” гэхээр инээгээд "Юнивишний төлбөр 200 гарсаан” л гэдэг. Өөрсдөө мэдэж байгаа юм байгаа биз хаха.

"+17” цуврал чинь бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа гэж сонслоо.  Амташсан хэрээ 13 дахидгийн  жишээ болоод байна уу даа.

Уран сайхны кино бүтээх нь Жижгээ ах бид хоёрын мөрөөдөл байсаар ирсэн. Нөгөө талаас "+17” цуврал маань 9 дугаар гаргалаа. Дараагийн цувралаа "Bad angel” нэртэй бүрэн хэмжээний кино болгож, цаг гаруй хугацаанд үзэгчдийн сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмжийг алдагдуулалгүй "барих”-д хүч сорьсон, удахгүй үзэгчдээрээ дүнгээ тавиулна даа.

Шар будаатай цайны үлдэгдэл монголын үзэгчдийг инээлгэхэд нөр их үүрэг гүйцэтгэсэн юм шүү...

"Bad angel кино хэзээ нээлтээ хийх вэ. Нээрээ "Киноны нээлтдээ тасарсан костьюм өмсөхийн тулд турж байна” гэсэн пост оруулсан байсан. Миний нүдээр өөрөө тарган харагдахгүй л байна.

Кино маань энэ сарын 23-нд нээлтээ хийнэ. Турахаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Оюутан ахуй цагаасаа хойш хөтлөгч хийхдээ гангардаг байсан хэдэн костьюм маань жадайгаад эхэлсэн. Товчнууд нь тас үсэрч, өмнө байгаа хүний нүдийг сохлох нөхцөл байдал үүссэн тул таргалалттайгаа багагүй хугацаанд тэмцлээ. Үр дүнд нь гэдэс, харвин багасаад байна.

Турах гэдэг эмэгтэйчүүдийн мөнхийн сэдэв байсаар иржээ. Богино хугацаанд жингээ хасах туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөөч.

Бүсгүйчүүд тураад яадгийн. Тарган хүүхнүүд тал бүрийн ашигтай. Махлагууд нь махлагаараа байж бай. Тэгэхгүй бол туранхайнууд нь ялгарч гоё харагдахгүй. Тиймээс туранхайнууд нь тарганууддаа баярлаж яв. Хоол авч өг, маружин авч өг хаха. Хоол гэснээс, ярилцлага өгч буй завшааныг ашиглаад Кино урлагийн дээд сургуулийн цайны газрын тогооч Нансаа эгч, Анхаа эгч хоёртоо баярлаж явдагаа хэлье.

Жаахан тодорхой ярь л даа.

Жижгээ ах бид хоёр Янзага цайны печень идэж л амьдардаг байлаа. Пирожки идвэл хөлс гардаг оюутнууд байсан. Тэр үед сургуулийн цайны газарт түлэгдсэн  пирожки, сүүлтэй, шар будаатай цайны үлдэгдэл ууж баярладаг байлаа.  Тогооны ёроолд үлдсэн будаатай цайгаа өгдөг байсан эгч нартаа талархаж явдаг. Бид хоёр шөнөжингөө жүжгээ бэлдэхэд тэр шар будаа л хүч энерги  өгдөг байжээ хаха. Тиймээс шавхруу шар будаатай цай монголын үзэгчдийг инээлгэхэд нөр их үүрэг гүйцэтгэсэн юм шүү.

                                                                                                                Жижгээ ах СУИС-аас хөөгдөж ирээд...

Жижгээ ахтайгаа яаж танилцаж, хамтрагчид болсон бэ?

Жижгээ ах  СУИС-аас хөөгдөөд, манай сургуульд ирсэн. (Ахыгаа хөөгдсөн гэж хэлээд их л муухай юм боллоо хаха. Доод курсынхаа дүүг загнаад, тэр нь асуудал болсон юм шиг байгаа юм). Тэгээд КУДС-д ирэхэд нь би их л сайхан сэтгэлээр угтаж авсан юм шиг байгаа юм, тэрийгээ ч би сайн мэддэггүй.

Жижгээ ах их л хүнлэг, нинжин сэтэлтэй, хамгийн гол нь инээдмийн санагдаад байдаг. Намайг хоёрдугаар курст байхад гуравдугаар курст шилжин ирж байлаа. Ахтайгаа арваад жил ах дүү болж явжээ.

Оюутан байхад Жижгээ ах "Хаан бууз”-д менежер хийдэг, би "Монголианс” ресторанд зөөгчөөр ажилладаг байсан. Тэр их ажлын дараа өнөө будаатай цайны үлдэгдлийг хүртчихээд, шөнөжин жүжгээ бэлдэнэ шүү дээ. Ер нь хошин урлагт ачаалал даадаг залуус л үлддэг юм шиг санагддаг. Жижгээ ах маань "Маск” продакшнд 10 дахь жилдээ, би "Эмоци” продакшнд дөрөвдэх жилдээ ажиллаж байна.

Өөрийн чинь хувьд "Эмоци”-ийн гишүүн болох ямар тохиол бүрдсэн бэ?

"Эмоци” продакшн юу юугүй дөнгөж төгссөн жүжигчдийг дуул, бүжиглэ гээд шалгаад байдаггүй. Хүн бай, сэтгэлтэй бай л гэдэг. Үнэнгээ хэлэхэд "Эмоци”  продакшны удирдлагуудтай найз ахыг би танидаг. Тэгээд л "Намайг оруулаад өгөөч” гэж гуйсан. Тэр ах цааш нь хэлж өгсөн. "Эмоци” продакшны удирдлагууд "Хүрээд ир” гэсэн. Бас л "шалгах байх даа” гэсэн айдастай очсон ч үүд хаалга нь нээлттэй мөртлөө, залуучуудыг богино хугацаанд юу сурч байгааг нь харж,  сэтгэлтэй ажиллахыг нь чухалчилж байсан. Ер нь сэтгэлгүй л бол дан авьяастай байгаад хамт олон болж чадахгүй шүү дээ.

Тасартлаа согтсон ч "Унааны мөнгөтэй юу” гээд түрийвчээ онгойлгодог хүн бол Б.Баатархүү ах...

Мэргэжлийнхэн дотроо хайрлаж, үлгэрлэж явдаг жүжигчин чинь хэн бэ?

Тодорхой шалтгааны улмаас намайг "Эмоци” продакшнаас "гаргах” гэж байхад Б.Баатархүү ах маань өөрийн нэрээр намайг дааж, удирдлагуудаас гуйгаад авч үлдэж байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь Б.Баатархүү ахтай салшгүй холбоотой. Ах маань  "Чи үнэн тоглооод сурчих. Үнэн тоглоод сурвал хэтрүүлэг хийх амархан” гэж захидаг. Үхэл амьдралын зааг дээр ирээд буцсан хүн хүн чанартай байдаг юм шиг санагддаг. Тасартлаа согтсон ч "Унааны мөнгөтэй юу” гээд түрийвчээ онгойлгодог тийм л хүн.

Залуу хүн их өлсөнө өө. Өлсөхөөрөө Б.Баатархүү ахындаа очоод л суучихна, яах ч гэж байгаа юм хахаха. Тэр үйлдлийг маань Б.Баатархүү ахын эхнэр маш сайн ойлгоно. Сайхан халуун хоол цай, талх боорцог, юу байгаагаа л өгнө, их баярлаж явдаг аа. Б.Баатархүү ах маань тун ч мужик хүн. Олны нүдэн дээр магтах гэхээр магтуулахгүй, уурлана. Тиймээс магтахаасаа айгаад байдаг юм хаха.

Анхнаасаа л хошин урлагийн жүжигчин болохыг мөрөөдөж байсан уу. Яагаад заавал жүжигчин гэж?

Бага байхдаа  "Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн эхэнд явдаг инээдмийн хөтөлбөрийг хүлээж байгаад үзчихээд унтдаг байлаа. Тухайн үед аав маань өнгөрчихсөн, хүнд хэцүү, жаахан хүүхэд хэдий ч гунигтай үе байсан юм. Тухайн үед л баяртай ч, гунигтай ч хүмүүсийг инээлгэж, зовлонг нь мартуулж чаддаг жүжигчдийг биширч, тэдэн шиг болохыг мөрөөдөж эхэлсэн. Дөрөвдүгээр ангиасаа ахлах сургуулиа төгстлөө инээдмийн жижигхэн тоглолтод оролцож, Дархандаа, Улаанбаатарт ирж тавьдаг хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ингэж явсаар Кино урлагийн дээд сургуулийн оюутан болж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарынхаа шавь болсон. Монголын театрын бурхадын шавь болоод дөрвөн жил сурсны дараа драмын урлаг сайхан санагдаж, дурлаж эхэлсэн. Хошин шог, инээдмээр яадаг юм гээд, багын мөрөөдлөө орхиж эхэлсэн хэхэ. Ромео, Отелло, Яго болохыг хүссэн. Ингээд сургуулиа төгсөөд театрт орохыг хүссэн ч бүтдэггүй. Продакшнууд ч авдаггүй, ажил олддоггүй ээ хаха.

Ямар сайндаа ТВ-д киноны дуу оруулагчаар ажилд орлоо. Сарын хугацаанд  дагалдан хийх ёстой байсан ч долоо хоног ажиллаад жинхэлчихэв. Энэ үедээ телевизэд дурлаж эхэллээ. "Алтан шонхор авна аа” гээд мөрөөдөж явлаа. Гэтэл байхгүй ээ. Орон тооны цомхотголоор ажилгүй боллоо хахаха. Энэ хэцүү үед "Эмоци” продакшнд орох боломж бүрдэж, насан туршийнхаа хоолтой золгосон юм.

Тэгээд драмын мөрөөдөл юу болсон бэ, одоо ч оршсоор уу?

Улсын хэмжээнд "Шинэ үе” театр гээд тэмцээн болдог. Би драмын жүжигт тоглоод тэр тэмцээнээс шагнал авч байсан. Тиймээс Цогтоод драмын авьяас бас байгаа байх. Гэхдээ үзэгчид намайг инээдмийн жанраар таалж байгаа болохоор би инээдмээрээ л явна. Магадгүй драмаар явах өдөр ирж болно. Одоохондоо надад сайхан байгаа нь инээдэм л байна. Хорт хавдартай хүнд эмч "Инээ” гэж зөвлөдөг шүү дээ. Өнөөгийн стресстэй нийгэмд инээдэм дутагдаж байна. Нийгэмдээ хэрэгтэй зүйлийг өгч байна гэдэг буянтай л ажил л даа. Хамба ламаас ч илүү. Ер нь миний хувь тавилан инээдэм байжээ хахах.

Чатад хариу бичсэн л бол дуусаа, аваад суучихсан...

 

Гэр бүлийнхнээ танилцуулаач.

Эхнэр З.Хүслэн, долоон сартай хүүгийнхээ хамт амьдардаг. Жаахан байхад маань аав маань бурхан болж, оюутан болох үед ээж маань тэнгэрт одсон. Охин дүүгээ хөтлөөд, чемодантай хувцасаа чирээд Улаанбаатарт ирж байлаа. Сургуулийн төлбөрөө төлөх, дүүгээ, өөрийгөө тэжээх, хувцаслах, байрныхаа түрээсийг төлөх гээд галзуу юм шиг ажилладаг байсан. Хөдөлмөр тухайн үедээ асар их өөрчлөлтийг өгөхгүй ч цаг хугацааны дараа маш их дүнг харуулдгийг харсан.

Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?

Хүмүүс нандин, сайхан танилцсан байх гэж боддог байх, үгүй. Фэйсбүүкээр л танилцсан ш дээ. Хөөрхөн охин байгаад байхаар нь муу ч үгүй жүжигчин хүн байж "Hi”  гэх нь хаашаа юм. Эхлээд андуурсан болж юм явуулаад, уучлал гуйж бичээд... хариу байхгүй хаха. Дахиад "Уучилсан биз дээ” гэж бичээд, гэтэл мань хүн "Зүгээрээ” гээд өгөөшинд ороод ирж байгаа юм. Тэгээд л төлөвлөгөө ёсоор өрнүүлчихнэ шүү дээ. Хариу л өгсөн бол дуусаа, би өрнүүлээд, аваад суучих чадвартай хаха.

Шинэхэн аав байна шүү дээ. Аав байх ямар байна, ямар баймаар юм байна?

Би бүх л цаг хугацаанд ажлаа хийх дуртай. Тэнд ажлынхантайгаа инээлдээд л, солиороод л байж баймаар. Гэтэл би чадахгүй байгаа байхгүй юу. Нууц тушаал даалгавар авчихсан юм шиг, гэрлүүгээ өөрөө мэдэлгүй яарна. Ядарч орж ирээд  хүүгээ харахад бүх зүйл сайхан. "Миний л хүү” гээд хүүгээ өмчирхөөд, хайрлаад, харамлаад, түүний төлөө тэмцээд л... гайхалтай. 

Би борогдуу амьдралыг туулж ирсэн болохоор үр хүүхдэдээ тийм зүйлийг амсуулахгүй гэж л боддог. Өөрөө өөртөө амлаж амьдрана даа.

"+17”-оос хангалттай "подхийсэн”...

Нэлээд хүнд хэцүүг туулж, өнөөдөрт иржээ. Одоо ганц охин дүүгээ биш, бүхэл бүтэн гэр бүлээ авч явах үүрэгтэй. Шударга хэл л дээ. Орлого арвин уу?

Шударга л хэлье. "+17” цувралыг хийсний дараа Жижгээ ах бид хоёр санаанд оромгүй их орлоготой болсон. Бид хоёр үнэндээ хангалттай "подхийсэн” Мөнгөнөөс гадна үзэгчдийн итгэл бидэнд юунаас ч илүү хөрөнгө оруулалт болсон. Одоо хаана ч явахад сайхан болсон ш дээ. Таксины жолооч ах "Чиний тоглолтыг хулгайн сидигээр үзчихсэн юмаа” гээд мөнгө авахгүй тохиолдол байна. Зах дээр чихэр зардаг эгч хүртэл чихэрнээсээ атгаад өгнө. Энэ чинь хайр биз дээ.

Эхнэр З.Хүслэн: Анхны уулзалтан дээрээ үнсэхэд нь "Энэ ч худлаа гар байна даа” гэж бодсон  

Тухайн үед би урлаг нэлээд сонирхдог байлаа. Тэр үедээ л Цогтоо руу фэйсбүүкээр найзын хүсэлт явуулчихсан юм шиг байгаа юм. Гэтэл "Андуурчихлаа, уучлаарай” нтр гээд чатаар бичээд байсан. Тэгээд яриа өдөөд эхэллээ...

...Анхны уулзалтан дээрээ намайг хальт үнссэн юм. Тэгэнгүүт нь "Энэ ч худлаа гар байна даа. Урлагийнхан хөнгөн хийсвэр хүмүүс байдаг гэсэн” гэж бодож эхэлсэн. Гэхдээ, Цогтоогийн нүд бусдаас огт өөр. Нэг тийм тайван, үнэн.

Бид байнга, өдөр бүр л уулздаг байлаа.  Аадар бороо л болзоонд саад болдог байсан байх. Би дандаа л сонсдог байсан. Харин Цогтоо дандаа ярина. Кино хийж байгаа юм шиг тэрүүгээр баахан юм үзүүлээд л, тасралтгүй яриад л байна. Ингэж явсаар нэг л мэдэхэд хэдэн сар өнгөрчихсөн, асуудал өрнөчихсөн, амьдрал яригдаж эхэлсэн байлаа. (инээв)

Цогтоо: Төлөвлөгөөний дагуу өрнүүлчихсэн юм чинь хахаха

Зорилгогүй хүсэлт явуулсан нь нөхрөө олжээ. Зөвдөв үү, яав?

Явуулсандаа баярладаг ш дээ.


 


 



1612
  • Хятад эмээ дагавар зээ охиныхоо хөлийг мопедоор дайрч хашрааж байгаа бичлэг /аймшиг/ Үзсэн   1629 2017-01-05
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1316 2014-08-08
  • Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээ Үзсэн   698 2020-11-06
  • Зөрүүд эрийг номхотгосон нь УСК Үзсэн   2581 2018-06-04
  • Путин: 200 орос яаж хэдэн мянган англичуудыг хэмх нүдсэн нь ойлгомжгүй VIDEO Үзсэн   1342 2016-06-22
  • Найзууд ийм айхтар байгаа шд Үзсэн   1323 2014-08-12
  • ”Шпагетти” хийх арга /видео/ Үзсэн   1635 2016-10-10
  • Шинэ үе - Жинхэнэ жентелмэн гэртээ байдаг Үзсэн   4664 2014-11-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.