Дэлхийн томоохон музейн нэг Чикагогийн The Field Museum of Natural History - ийн үзэгчдийн сонирхлыг татдаг нэгэн үзмэр бол АНУ-ын нэрт эрдэмтэн могой судлаач Karl Patterson Schmidt - ийн үхлийн тэмдэглэл байдаг. Тэрээр амьдралынхаа турш 200 гаруй хэвлээр явагчдыг олж нээсэн XX зууны хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг байсан юм.
Харамсалтай нь 1957 онд Африкийн хортой Boomslang могойн зулзаганд хатгуулж нас барсан түүхтэй. Тэрээр зулзага нь үхэлд хүргэх юм чинээ санаагүй байлаа.
Тэгвэл энэ төрлийн могойн биеийн урт дунджаар 1 м - 1.60 м харин жин нь 175 гр - 510 гр байдаг. Нас бие гүйцсэн Boomslang могойнд 1.6 мг - 8 мг хор агуулагддаг ба 170° хэм ангайж хатгана. Могой долоогоос найман шүдтэй ч нүднийх нь доор илүү хурц гурван шүд бий.
Ингээд Science Friday - ээс гаргасан түүний нас барахынхаа өмнө бичсэн тэмдэглэлээс хүргэе.
1957 оны есдүгээр сарын 25 - Нэгдүгээр хуудас
Lincoln Park Zoo - гээс авчирсан 76.2 см биетэй энэ могойг тодорхойлох хэцүү юм. Өмнөд Африкаас гаралтай могойн биеийн бүтцийг харвал нарийн шовх толгойтой, нурууны үе нь муруй хэлбэртэй цайвар өнгийн арьстай юм. Үнэнийг хэлэхэд ямар төрлийнх вэ гэдгийг нь хэлж мэдэхгүй л байна.
Гэхдээ Boomslang гэдэг нь тодорхой харагдаж байна. Түүнийг бариад автал түрэмгий авиртай жижигхэн Boomslang зүүн гарыг минь хатгаж орхилоо. Хатгасан газар нь нүх гарч баруун талынх нь хортой шүд нь 3 мм гүн оржээ.
1957 оны есдүгээр сарын 25 - Хоёрдугаар хуудас
16:30 - 17:30 цаг
Галт тэргэнд явж байхад дотор муухайрав. Гэхдээ бөөлжсөнгүй.
17:30 - 18:30 цаг
38.7° - ийн халуунтай байна. 17:30 цагийн үеэр амнаас ялангуяа буйлнаас цус алдаж эхлэв.
20:30 цаг
Хоёр зүсэм шарсан талх идэв.
21:00 - 00:00
Сайхан унтаж амарлаа.
00:20 цаг
Бага зэрэг цустай шээс гарав.
04:30 цаг
Дотор хүчтэй муухайрч бөөлжсөний дараа нэг аяга ус уулаа. Дотор онгойн арай дээрдэж 06:30 цаг хүртэл унтав.
1957 оны есдүгээр сарын 26 - Гуравдугаар хуудас
06:30 цаг
36.7°
- ийн халуунтай байна. Өглөөний цайндаа нүдэлж шарсан өндөгтэй талх мөн
эрдэнэшиш, хар кофе уув. Гурван цаг ерөөсөө шээсэнгүй. Ам хамарнаас цус
алдаж эхэллээ.
Эмчлэгч эмчийн тэмдэглэл
13:30 цаг
Өдрийн
хоолны дараа бөөлжиж маш их цус алдлаа. Биеийн байдал нь сайнгүй. Маш
их хөлөрсөн бас ярих хөдлөх чадваргүй болсон харагдана. Тэрээр 15:00
цагт амьсгал нь боогдож нас барав.
Хавсралт - Цогцост хийсэн шинжилгээ
Энэ могойн 0.006 мг хор шувууг хэдхэн минутын дотор хөнөөх чадалтай. Дотуур эсвэл гадуур цус алдуулснаар үхэлд хүргэдэг. Karl Patterson Schmidtхатгуулснаасаа хойш 24 цагийн дараа нас барсан юм. Түүний нүд, уушиг, бөөр, зүрх мөн тархинд нь цус харваж дотуур цус алдалтаар нас баржээ.
Нас барахаас нь хэдэн цагийн өмнө эмч дуудах уу гэхэд тэрээр хүсээгүй гэнэ. Хорны эсрэг ерөндөг зөвхөн Өмнөд Африкт л бий гэдгийг тэр мэдэж байлаа. Үхэлтэй нүүр тулсан хэн ч үхэхээс эмээн амьдрахын төлөө тэмцдэг атал тэр тэгээгүй юм.
Эх сурвалж:www.bunny.mn