|

В.Гэрэл: Монголынхоо урлагт хөрөнгө оруулалт хийж байна

Х.МОНГОЛХАТАН

 

 

Хүний нутагт хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө уран бүтээл туурвиж, дуучин болох хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн бүсгүйтэй уулзлаа. Урлагийн мэргэжил эзэмшиж, дуучин болох замыг сонгоогүй ч дуулах хүсэлдээ хөтлөгдөн олон сайхан дуу дуулж, заримыг нь өөрөө зохиожээ. 2009 онд анхны цомгоо "One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан тэрээр хоёр дахь цомгоо "Тэр гэрэл нь чи өөрөө” гэж нэрлэжээ. Дуучин В.Гэрэлтэй ярилцсанаа хүргэе.

-Шинэхэн цомгоо хэвлэлтээс аваад сэтгэл өндөр байгаа байх. Цомгийн сонин сайхнаас яриагаа эхлэе?

-Баярлалаа. Би кантри стилийн дуунуудаас бүрдсэн "Тэр гэрэл нь чи өөрөө” бие даасан хоёр дахь цомгоо гаргалаа. "Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг, "Ocean Grey”-ийн залуучууд миний дуунууд дээр ажилласан. Б.Ангирмаа эгч дуунуудын найруулга дээр үнэтэй зөвлөгөө өгсөн. Цомогт маань миний зохиосон гурван дуу бий. Аяыг нь өөрөө зохиож, үгийг нь яруу найрагч Б.Батрэгзэдмаа, Р.Эмүжин нарын шүлгээс хөгжимдөө тохируулан засч бүтээсэн. 

-Цомгийн нэр сонирхолтой санагдлаа. Та өөрийнхөө нэрийг оролцуулан цомгоо нэрлэв үү?

-"Тэр гэрэл нь чи өөрөө” дуугаараа цомгоо нэрлэсэн нь санамсаргүй тохиолдол байсан. Дуу нь их гоё болсон учраас цомгоо нэрлэхээр шийдсэн юм. Тэгээд дараа миний нэр орсныг анзаарсан. Яг өөрийн нэрээ оруулна гэж бодоогүй. Ер нь хүн өөрөө өөртөө эзэн байж чадвал тэр гэрэл нь чи өөрөө юм шүү гэдгийг л хэлэхийг хүссэн. Хэн ч хүнийг гэрэлтүүлэхгүй, өөрөө л өөрийгөө гэрэлтүүлнэ гэсэн өөдрөг санааг илэрхийлж байгаа юм.    

-Та Германд амьдардаг. Тэнд ямар ажил эрхэлдэг вэ?

-Би Герман Монголын хооронд илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг "Trans eurasia” компанитай. Энэ чиглэлээр 10 жил ажиллаж байна. Гэхдээ өөрийгөө чөлөөт уран бүтээлч гэж нэрлэх дуртай. Хобби сонирхлоороо дуу дуулж, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж явна. Урлаггүйгээр амьдрахгүй гэдгээ мэдэрсэн. Тиймээс чөлөөт цагаараа дуугаа дуулж, уран бүтээлээ хийж явна.

-Хэдийгээр та зохиогоогүй ч сонгосон дууны үгийг харахад өвөрмөц сэтгэлгээ харагдаж байна. "Намайг хайрлаад өгөөч”, "Хориглож байсан ч даашинзыг минь тайл” гэх мэт этгээд нэртэй дуунуудтай юм?

-Шүлгэн дээр ямар нэг стиль жанрт баригддаггүй. Зүгээр л тухайн хүний шүлгийг уншихад ая нь толгойд ороод ирдэг юм. Эсвэл шөнө нь дуу болгоод зүүдэлчихнэ. /Инээв/ Тэгээд л гитараа бариад дуугаа бичээд эхэлдэг дээ. Дотоод ертөнцөө дуугаараа илэрхийлдэг байх.  

-Ер нь та хэзээнээсээ дуулж эхэлсэн юм бэ?

-Би багаасаа дуулах дуртай охин байлаа. Нэг тод санагддаг дурсамжаасаа хуваалцая. Жаахан байхдаа зуслан дээр хүүхдийн дууны уралдаан болж байхаар нь сонирхоод яваад очсон. Аав, ээжүүд хүүхдүүдээ хөтөлж ирээд оролцуулж байхад би зохион байгуулагчаас нь гуйж байгаад "Чихэртэй зайрмаг” дууг дуулж түрүүлсэн. Шагналд нь гэрчилгээ, баримлын шавар, өнгийн будаг бэлэглэж билээ. Түүнээс хойш л байнга дуу сонсч, сонирхож, Алла Пугачева, Битлз, ‘Мodern talking’, дуучин Б.Сарантуяа, Б.Ангирмаа эгчийн дуунуудыг сонсох дуулах дуртай байлаа.

Би 14-15 насандаа анх гитар тоглож сурсан. Намайг гитар дарж сурах гэхэд ах маань "Чи солгой гартай юм чинь гитар дарж сурахгүй” гэж хэлж байсан. Тэгээд би шарандаа баруун гартаа гитараа бариад хүмүүсийн тоглохыг харж барилт сурсан даа. Түүнээс хойш найз нөхөд, ангийнхныхаа дунд, хаана ч явсан гитар дарж дуулна. Ангийнхаа төдийгүй бусад найз нөхдийнхөө ангийн тоглолтыг найруулдаг байв.

Англи дуу дуулаачдын хоёрдугаар байрын шагналт, Сурагчдын дууны уралдааны шагналт гээд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцдог байлаа.

-Дуу дуулаад, цомог гаргаад, дууныхаа үг аяыг зохиодог авьяаслаг хүнд ингэхэд мэргэжлийн диплом бий юу?

-Би таван ах, гурван эгчтэй айлын бага охин. Манай гэрийнхэн намайг урлагаар явуулах дургүй байсан. Манай ээж намайг юм оёулах дуртай байсан учраас хүчээр шахуу Техникийн их сургуулийн технологич инженерийн ангид элссэн ч онц төгссөн. Төгсөөд "Шилмэл загвар” компанид хоёр жил ажилласан.

Харин Германд нэг мундаг гитарын багшаар хичээл заалгасан. Тэр үед багш маань намайг өөрөө дууны ая зохиогоод үз гэж зориг өгсөн. Тэгээд би анхны дуугаа аавдаа зориулж хийж байлаа. Намайг Германд байхад аав минь насан өөд болсон юм. Гэтэл яг нас бардаг шөнө нь миний зүүдэнд орж ирсэн. Түүнээс хойш аав минь байнга бодогдоод, шөнө бүр ууртай зүүдлэгдээд байсан. Аавыг өнгөрснийг гэрийнхэн надад хэлээгүй, нуусан. Учир нь би тэр үед нь яг сургуульд орох гэж байсан юм. Магадгүй би аавынхаа ажил явдалд ирсэн бол сургуульдаа орж чадахгүй байсан байх. Тэгээд ажил явдал өнгөрсний дараа хэлсэн.

Би нэг шөнө аавтайгаа европоор аялж зүүдлээд өглөө нь босоод "Урд шөнө” дуугаа бичсэн. Тэр дууг зохиосны дараа аав сайхан ааштай, инээмсэглэж орж ирээд үнсээд явснаас хойш дахин зүүдлэгдээгүй. Ээждээ ч дуу зохиосон. Өөрийн хүссэн дуугаа л зохиодог доо.

-Мэргэжлийн хүмүүс таны дуу, цомогт ямар үнэлэлт өгч байна?

-Анхны цомгийн дуунуудаа сайн болсон гэж боддог. Гэхдээ зарим нэг дуунд шүүмжлэл ирж байсныг засч янзлаад явж байна. Харин шинэ цомгийг маань анхныхаас илүү сайн болсон гэж үнэлсэн. Би сонирхол хүслээрээ дуулдаг учраас өөрийнхөө л уран бүтээлээ хийж явна. Урлаг сонирхдог, урлагийг мэдэрдэг хүн бүр миний цомгийг сонсоод үзээрэй гэж хэлэх байна.

Уран бүтээлч хүн хийсэн бүтээснээ хүмүүст хүргэх ёстой юм байна. Нэг ч болов хүн миний дууг дуулаад явж байвал гоё санагдана. Түүнээс би олны танил, од болох гэж дуулаад байгаа юм биш. Ерөөсөө л хүсэл мөрөөдлөөрөө, дуулах дуртайдаа дуулж явна. Урлаг хүнийг оюун санааны хувьд тэжээдэг зүйл. Хэдий гэдэс цатгалан ч оюун санаа хоосон бол хүн аз жаргалгүй амьдардаг. Тиймээс урлагийг тархины талх гэдэг шүү дээ. Юм хийх гэж хичээж зүтгэж байгаа нэгэндээ урам өгөх сайхан үгсийг илгээцгээе гэж хэлмээр санагддаг.

-Германд амьдардаг танд гадаад зах зээл арай ойр байгаа байх. Гэтэл яагаад уран бүтээлээ Монголдоо хийгээд байна вэ?

-Би ажиллаж олсон мөнгөөрөө Монголынхоо урлагт хувь нэмэр оруулж байгаа юм. Учир нь монгол уран бүтээлчидтэй ажиллана гэдэг тэдэнд хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Тодорхой хэмжээгээр монголчууддаа шинэ уран бүтээлээрээ бэлэг барихыг хүссэн. Гадаадын хөгжимчидтэй ажиллаж болох ч би хүсээгүй. Надад алдар нэр чухал биш. Зүгээр л ажлаа хийгээд, олсон мөнгөөрөө уран бүтээлээ хийгээд явна.

Би 2009 онд "Ойд болсон хурим” нэртэй хүүхдийн үлгэрийн номыг монгол хэлэнд орчуулж хэвлүүлээд хүүхдийн асрамжийн хоёр газар бэлэглэсэн. Хүүхдүүд номтой нөхөрлөх ёстой. Бас байгаль, ан амьтнаа хайрлаж өсөөсэй гэж хүссэн. Энэ ажлаа ч цаашид хийх бодолтой байгаа. Ер нь цаашид олон зүйл хийх төлөвлөгөө бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2184
  • Mongolian action crew НАЙЗ богино хэмжээний кино.wmv Үзсэн   2413 2014-07-17
  • Инээх гээд байна уу, дуулах гээд байна уу ха ха Үзсэн   883 2016-11-22
  • “Хэргийн эзэн” Дэд сайд Ш.Лхамсүрэнд хариуцлага тооцох өдөр хэзээ вэ Ерөнхийлөгч өө Үзсэн   830 2018-04-27
  • "Яг түүн шиг" шоу дугаар 9 Хагас финал видео Үзсэн   1668 2016-07-08
  • Төгс сельфи хийх гэж байгаад галт тэргэнд мөргүүлэн үхэх шахав Үзсэн   806 2018-01-26
  • Манайх шиг түгжрэлтэй хотод бол их зүгээр юм байна даа… Үзсэн   767 2017-03-22
  • ДУУЧИН Л.ГАН-ЭРДЭНЭ ТАЛИЙГААЧ ДҮҮДЭЭ ЗОРИУЛЖ ДУУ ГАРГАЖЭЭ Үзсэн   930 2018-09-21
  • Game of Thrones наймдугаар улиралын албан ёсны трайлер Үзсэн   612 2018-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.