|

Дүрвэгсдийн багийнханы түүх сэтгэл эмзэглүүлэм юм

Дэлхийн өнцөг булан бүрт, хүнд нөхцөл байдалд аж төрж байгаа олон сая дүрвэгсдэд "Итгэл найдвар өгөх" үүднээс олимпын түүхэнд анх удаа, дүрвэгсэдийн баг бүрдүүлэн оролцохоор болсон. Иргэний дайн, дотоод зөрчил мөргөлдөөн, террорист бүлэглэлээс зугтааж эх орноосоо дүрвэсэн 10 иргэн олон сая дүрвэгсдийг төлөөлөн тэд олимпод оролцож байгаа билээ.  Тэгвэл дүрвэгсдийн багт ямар түүхтэй хэн гэгч багтаж байгааг та бүхэнд сонирхуулж байна.

ПОПОЛЕ МИСЕНГА

Конго улсын жудоч Пополе Мисенга өчигдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд барилдаж шөвгийн 16-д БНСУ-ын бөх Пак Дон Ханд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнийг жудогийн татамигаас буух үед үзэгчид хүндэтгэл үзүүлэн алга ташиж байв. Тэрээр тэмцээнээс медаль хүртэж чадаагүй ч "Бид Риод хөл тавьснаараа алт хэдийнэ өөрсдийн медалиа хүртсэн. Энэ бол бидний амжилт" хэмээн ярьжээ. 
Пополе Мисенга нь Конгогийн иргэний дайнаас дүрвэж ойд ганцаараа найм хоног нуугдаж байсан аж. Тэрээр 2013 оны Дэлхийн аваргын дараа Бразилд суурьшсан юм. 
"Хоёр дүүгээ харалгүй удсан болохоор бараг царайг нь ч санахгүй байна. Нэг өдөр тэднийгээ энд авчирч хамт амьдрахыг хүсдэг" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ нүдэндээ нулимстай ярьсан юм.


 
ЁЛАНДЕ МАБИКА

Тэрээр эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Израйлийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Ёланде Мабика нь Конгогийн иргэний дайнаас мөн даажиж Бразилд ирсэн байна. 2013 оны Жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Пополе Мисенгатай хамт ирж оролцож байсан бөгөөд тэдний дасгалжуулагч нь мөнгө, пасспортыг нь аваад зугтсан гэдэг. Мисенга Мабика нар хоёр хоногийн дараа зочид буудлаасаа хөөгдөж, тусламж эрэн Конгогийн элчин сайдын яаманд очжээ. 2014 оны есдүгээр сард НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас түүнийг дүрвэгч хэмээн албан ёсоор зөвшөөрсөн байна.
Тэрээр энэ удаагийн олимпод орох бэлтгэлээ Бразил улсад базааж, Олон улсын олимпын хорооны туган дор жагссан юм.


 

ЖЭМС ЧЕНЖЕК

Өмнөд Суданы хөнгөн атлетикийн тамирчин. Тэрээр Кени улсад олимпын бэлтгэлээ хангажээ. 
Түүний эцэг Суданы иргэний дайны үед амь насаа алдсаны дараа буюу 13 настайдаа нутгаасаа дүрвэсэн байна. 2002 онд Какумагийн дүрвэгчдийн хуаранд бүгсээр 2014 оны арванхоёрдугаар сард албан ёсоор дүрвэгч хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас зөвшөөрөл өгчээ.
Тэрээр 2013 оноос хөнгөн атлетикаар хичээллэн Какумагийн дүрвэгчдийн хуаранд бэлтгэл хийдэг байв. 
Жэмс Ченжек эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцоно.


 

ЕЙЧ бур-БЕЙЛ

Өмнөд Суданы хөнгөн атлетикийн тамирчин. Одоо Кени улсад амьдардаг бөгөөд олимпын бэлтгэлээ тэнд хангасан байна. Энэ удаагийн олимпод эрэгтэйчүүдийн 800 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцоно.
2005 онд улсаасаа дүрвэн Какумагийн дүрвэгчдийн хуаранд 10 жил амьдарсан. Түүнд бэлтгэл хийх газар битгий хэл гутал ч байсангүй. Өглөөнөөс орой хүртэл мөнхий халуун. Гэсэн ч тэр шантралгүй бэлтгэлээ хийсээр 2015 онд Кени улсад иржээ. Тэрээр "Бид энэ олимпын бэлгэ тэмдэг болж байгаа гэж бодож байна" хэмээн ярьжээ.


 

ПАУЛО ЛОКОРО

Өмнөд Суданы хөнгөн атлетикийн тамирчин. Одоо Кени улсад амьдарч байгаа. Энэ удаагийн олимпод 1500 метрийн гүйлтэд оролцож байгаа. 
Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо гараагүй бөгөөд өөрөө ч энэ талаараа ярьдаггүй гэнэ.


 

 

ЁНАС КИНДЕ

Этиоп улсын тамирчин. Одоо Льюксенбург хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийж байна. 
2012 онд эх нутгаасанн дүрвэн Льюксенбургт ирсэн. Тэрээр таксины жолооч хийдэг байна. Энэ удаагийн олимпод алдарт тамирчин Ив Гёлдигийн удирдлаган дор бэлтгэлээ хангасан аж.




РАМИ АНИС

Сири улсын тамирчин. Бельги улсад олимпын бэлтгэлээ базааж, ОУОХ-ны далбаан дор жагсаж байна.
Түүний амьдагдаг Алеппо хотод хүчтэй мөргөлдөөн гараад байгаа учир Турк руу дүрвэж дараа нь Грект ирсэн байна. Түүний нагац ах нь Сирийн алдарт тамирчин, усан сэлэгч Мажик аж.
2011 онд төрөлх Алеппо хотод нь мөргөлдөөн гарч олон хүнийг барьцаалсан. Энэ үед түүний гэр бүл нь Истанбул хотноо дүрвэн иржээ. 
Тэрээр эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцож 56 дугаар байранд бичигдсэн. Одоо эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд оролцох гэж байна.




РӨҮС ЛОКОНЕЙН

Өмнөд Суданы хөнгөн атлетикийн тамирчин. Кени улсад аж төрж байгаа. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн төрөлд оролцохоор ирсэн. Тэрээр энэ удаагийн олимпын нээлтэд ОУОХ-ын далбааг барьж орж ирсэн билээ.
Түүний дасгалжуулагчаар холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг тогтоосон Кенийн тамирчин Тегла Лороуп ажиллажээ.




АНЖЕЛИНА ЛОХАЛИТ

Анжелина Надай Лохалит нь Өмнөд Суданы хөнгөн атлетикийн тамирчин. Одоо Кени улсад амьдарч, ажиллаж байгаа. 
Тэрээр 6 настай байхдаа буюу 2001 онд төрөлх нутгааса дүрвэсэн байна. Энэ удаагийн олимпод амжилттай оролцож эцэг эхээ албан ёсны дүрвэгч болгох зорилготой аж.




ЮСРА МАРДИНИ

Сири улсын тамирчин. Одоо Герман улсад амьдарч байгаа. Сирийн олимпын хорооноос усан спортын мэргэжлийн тамирчнаар сонгогдон 2012 оны Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог төрөл, 200 метрийн чөлөөт сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд тус тус оролцож байв.
Мардинигийн амьдарч байсан байр Сирийн иргэний дайны үед бөмбөгдөлтөд өртөж 2015 онд эгчтэйгээ эх нутгаасаа дүрвэсэн юм. Газар дундын тэнгисийг жижиг завиар туулан дүрвэж байх үед онгоц нь осолдож Мардини өөрийгөө оруулад 20 хүний амь насыг аварсан юм.
Өдгөө Германд гэр бүлийн хамт амьдарч буй тэрээр Риогийн олимпын наадам, Сири нутаг болон шинэ эх орноо төлөөлж тэдний бахархлыг төрүүлэхээр ирсэн хэмээн ярьжээ. Юсра Мардини Рио 2016 олипод эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд 45-р байр, 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 41-р байранд тус тус шалгарчээ.



 

Э.Нямцоож
427
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler