|

Ингрид Бергман: Касабланка киноны зохиол зураг авалтынхаа үеэр өдөр өдрөөр бичигдэж байсан

Холливудын алтан үеийн сор бүтээлүүдийн нэг Касабланка киноны Ислагийн дүрээр олонд танигдсан Ингрид Бегрман бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр Швед эцэг, Герман ээжтэй бөгөөд 1915 оны наймдугаар сарын 29-ны өдөр Стокольм хотноо мэндэлжээ. Эцэг эх нь түүнийг Шведийн гүнж Ингридийн нэрээр нэрлэсэн байна.  Тэрээр яах аргагүй Холливудын анхны "жинхэнэ сурвалжтан”-ы нэг бөгөөд кино түүхчдийн онцолдгоор бүх цаг үеийн хамгийн интернациональч кино жүжигчин билээ.

 
Ингрид Бергман гурван удаагийн "Оскар”-ын шагнал хүртсэн хуруу дарам цөөн эмэгтэй жүжигчний нэг юм.

Кино урлагийн сахиусан тэнгэр Ингридийг 3 настай байхад нь эх нь нас барж, 10 жилийн дараа эцэг нь нас баржээ. 13 настай охиныг авга эгч нь  асрамжиндаа авсан ч 6 сарын дараа мөн л нас барсан гэнэ. Ингээд Ингрид 6 хүүхэдтэй нагац ах Оттогийнх руугаа нүүсэн байна. Хүүхэд насандаа эцэг эхийн хайрыг мэдрэлгүй, хатуу амьдрал туулж өссөн Ингридийг кино сонирхогч дунд танихгүй нэгэн үгүй биз ээ.

Ингээд алдарт жүжигчин Ингрид Бергманы 1974 онд өгч байсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Та "Касабланка” кинонд тоглож байхдаа одоогийнх шиг нэрд гарч, олонд өндөр үнэлэгдэнэ гэж бодож байсан уу? Ямар төсөөлөлтэй байсан бэ?

Яг юу болох гээд байгааг гол дүрд нь тоглосон би ч өөрөө сайн мэдээгүй. Киногоо агуу бүтээл болно гэж бодоогүй. Учир нь кино зохиол гэж байгаагүй болохоор зураг авалт ид дундаа байхад хүртэл үйл явдал хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй байлаа. Бүгд л гайхацгааж байсан. Зарим нь бухимдаж байсан. Харин олон жилийн дараа эргээд үзэхэд үнэхээр сайхан кино болжээ гэж боддог. Бүх дүр нь сэтгэлд үлдсэн кино.

Тэгвэл Касабланка кино санаандгүй бүтсэн гэсэн үг үү?

Тийм. Кино зохиол нь өдөр өдөртөө бичигдэж байсан. Кино хэрхэн төгсөхийг мэдэж байсан хүн байхгүй. Жишээ нь миний дүр болох Исла гэхэд аль эрд нь хайртай болох ёстойгоо ч мэдэхгүй байлаа. "Касабланка”-г хэрхэн төгсгөх дээр хоёр санал байсан. Нэг нь, би нөхрөө дагаад явна. Нөгөө нь, Касабланкад үлдэнэ. Тэгээд хоёр янзаар зураг авалт хийхээр болсон. Гэтэл найруулагч маань эхний авсан зургийг монтажласны дараа дахин зураг авах хэрэггүй гэж шийдсэн юм.

Таны хамтран тоглогч жүжигчин Хамфри Богартын талаарх ярихгүй юу. Та хоёр кино зураг авалтын үеэр хэр ойр дотно байсан бэ?

Тэр бол маш сайн жүжигчин. Ер бусын, дур булаам хүн байсан. Бараг бүх кинондоо нэг л хүрэм, нэг л бүрх малгай өмсдөг гэмээр даруухан хүн. Бас сайхан хоолойтой. Баргил бүдүүн хоолой нь одоо ч чихэнд сонсогдох шиг. Гэхдээ бид дотно харилцаатай болоогүй. Би өмнө нь энэ талаар ярилцлага өгч байсан. Би түүнийг үнссэн болохоос сайн таньж амжаагүй гэж...

Мэдээж сайн танихгүй хүнтэйгээ романтик кинонд тоглох амаргүй байсан байх?

Бидний мэргэжил шүү дээ.гэхдээ түүн шиг эр хүн өөдөөс хайр гэрэлтсэн харцаар хараад байхад дүрдээ аргагүй ордог юм билээ.

 
Таныг анх Америкт ирэхэд чинь "дүр төрх нь кино дэлгэцэнд тохиромжгүй” гэж голсон гэдэг. Энэ үнэн үү?

Тийм ээ. Намайг дэндүү өндөр байна гэсэн. Бас үсээ өөрчил, шүдээ засуул, хөмсөгөө нарийсга гэж зөвлөж байлаа. Энэ бүгдээс илүү нэрийг маань өөрчлөх гэсэн нь их хүнд туссан. Уичр нь Шведэд Бергман гэдэг нэр их түгээмэл. Харин Америкчууд үүнийг Герман нэр гэж үзсэн. Гэсэн ч би нэрээ солиогүй.

Та тэгвэл их зөрүүд хүн байх нь ээ?

Зөрүүд гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ялангуяа ажил мэргэжлийн тал дээр би бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэхийг хүсдэг. Дүрийнхээ төлөө би юу ч хийхэд бэлэн. "For Whom the Bell Tolls” кинонд тоглохыг тулд би найруулагчийнх нь өмнө өвдөг сөгдөж байлаа. Тэр надаас "Үсээ тайруулж чадах уу?” гэхэд нь "Сайхан дүрийн төлөө үс битгийхэл толгойгоо ч авахуулна” гэж хэлж байсан үе бий. Би хүний үгээр явах дургүй ч бусдын санаа бодлыг хүндэлж, хэний ч үгийг сонсоход бэлэн.

Шведүүд англи хэлээр сайн ярьдаг. Гэхдээ өөр хэлээр ярьж, жүжиглэнэ гэдэг амаргүй. Танд хэлний бэрхшээл тулгарч байв уу?

Би хэлний сайн багштай. Тэр багш маань анхны киноноос эхлээд одоо хүртэл надтай хамт байна. Өмнө нь би өөр хэлээр ярьж, жүжиглэхээс айж байсан. Энэ үед багш маань намайг зоригжуулж, сандарсан ч гэсэн үгээ марталгүй дүрээ үзэгчдэд хүргэх чадварыг зааж өгч байлаа. Холливуд руу орохоосоо өмнө би Герман кинонд тоглож байсан. Тэр кино хэдий амжилт олоогүй ч өөр хэл дээр жүжиглэж, ярих том боломж олгосон.

Та Холливудын цөөн хэдэн кинонд тоглоод л олны танил, алдартай жүжигчин болсон. Ашиг орлогоороо ч тэргүүлэх болсон. Гэтэл 1950 онд нэгэн шуугиан дэгдээж...энэ талаар ярьвал дургүйцэхгүй биз дээ?

Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн. Одоо хүн бүр л тэр талаар мэднэ.

Италийн нэрт найруулагч Росселлинитэй хайр сэтгэлийн холбоотой болж хүүхдийг нь та төрүүлсэн. Тухайн үед та хоёр хоёулаа гэр бүлтэй байсан. Олныг гайхшруулж нэлээдгүй шуугиан дэгдээсэн байдаг...

Хүн болгон л бид хоёрын тухай ярьж байсан. Миний хувийн амьдрал бол миний л асуудал. Тэр үед ч одоо ч ийм л бодолтой байдаг. Би өөрийгөө өмөөрхгүй. Гэхдээ л намайг танихгүй, бидний амьдралыг мэдэхгүй хүмүүс биднийг шүүж, доромжилж байсан нь үнэхээр шударга бус хэрэг. Бүр Америкийн Сенатын гишүүд хүртэл намайг улс нийгэмд хор хохирол учруулсан, олон нийтэд муу үлгэр дууриал болсон гэж Америкаас хөөх тухай ярьж байсан. Одоо ч тэр явдал бараг мартагдаж. Америкийн үзэгчид намайг хүндэлж хайрласан хэвээр байна. Би Америкийн газар шороон дээр хүссэн үедээ хөл тавих эрхтэй байна. Тэр явдлаас бүтэн 23 жилийн дараа Сенатын нэг гишүүн надаас албан ёсоор өршөөл эрсэн. Ингэж бодохоор муу муухай үеийг даван туулахын тулд хүн урт наслах л хэрэгтэй юм. Гэхдээ олон нийт яагаад гэнэтхэн миний эсрэг боссонд би гайхдаггүй. Миний Итали явахаасаа өмнө бүтээсэн дүрүүд голдуу цэвэр ариун, гэнэн цайлган эмэгтэйчүүдийн дүр байлаа. Үзэгчид намайг бүтээсэн дүрүүд шигээ, гэлэнмаа шиг, гэгээнтэн шиг гэж санасан. Гэтэл би жирийн л нэг жүжигчин, бусад шиг л хүн.

Ноён Росселлини та хоёр одоо хоёр тийшээ болсон. Таны хэлсэнчлэн тэр явдлаас хойш олон жил өнгөрчээ. Хэрвээ өнгөрсөн бүхнийг өөрчлөх боломж олдвол та өөр шийдвэр гаргах уу?

Үгүй. Энэ миний л сонголт.
 
 
1942 он - "Касабланка"
 
1944 он -"Gaslight"
  
1952 он - "Europe 51" 

 
1970 он - "Cactus Flower"
 
1982 он - "A Woman Called Golda" 
 
Алдарт жүжигчин Ингрид Бергман Академи авардсаас 3 удаа, Эмми авардсаас 2 удаа, "Алтан бөмбөрцөг" наадмаас 4 удаа шилдэг эмэгтэй дүрийн шагналыг тус тус хүртэж байв. тэрээр 1982 онд 67 насандаа хөхний хорт хавдраар нас баржээ.
 
Э.Нямцоож 
 

876
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.