|

ДиКаприо: “Амилсан чөтгөр” миний тоглож байсан кинонууд дотроос хамгийн хэцүү нь

-Оскар 2016-

Бидний сэтгэл зүрхэнд хоногшсон "Титаник”, "Чадвал намайг барь”, "Ромео, Жульетта", "Хараагдсан арал”, "Нисгэгч” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлж, үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин бол Леонардо ДиКаприо. Тэрбээр маш олон киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн ч Кино академийн хамгийн дээд шагнал болох "Оскар"-ыг хүртэж амжаагүй яваа.

Тэгвэл Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээл "Амилсан чөтгөр"-ийг үзсэн кино шүүмжлэгчид энэхүү киноны гол дүрийг бүтээсэн Леонардо ДиКаприод түүний хүсэмжит "Оскар"-ыг зөгнөж байна.

Бодит түүхээс сэдэвлэсэн уг кинонд үхэл, сэхлийн дундуур амь сөрөн гарч чадсан Хью Гласс гэгчийн тухай өгүүлдэг.

Харин жүжигчин энэ талаар огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой. Түүний анхаарлыг илүү татаж байгаа зүйл бол бид бүгдэд нөлөөлж буй дэлхийн дулаарал, байгаль орчны асуудал аж.

"Амилсан чөтгөр" кино болон зураг авалтын талаар түүний Wired.com цахим хуудсанд нийтлэгдсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-"Амилсан чөтгөр” киног үзээд хамгийн түрүүнд "Маш их хүйтэн байсан байх даа” гэж бодогдсон шүү.
-Зураг авалтын үед хэцүү зүйлүүд зөндөө тохиолдсон. Гэхдээ бид бүгд бие махбодийн хувьд тус тусын бэлтгэлээ сайн хангасан байсан. Маш өргөн бүрэлдэхүүнтэй кино зураг авалтын багийнхан маань алс орших олон өндөр уулсаар хүрээлэгдсэн Калгаригаас Ванкувер хүртэл явсан. "Хүн шувуу” /2015 оны Оскарын "Шилдэг кино” шагналыг хүртсэн / киноны адил найруулагч Алехандро Гонсалес Иньярриту зургийн найруулагч Эммануэль Любецкигийн хамт киноны хамгийн гол гол зургуудыг авсан.

-Хью Глассийн дүр таныг юугаараа татав?
-Хью Глассийн амьдрал бол бодит түүх. Тэрээр зэрлэг баавгайн дайралтаас амьд үлдэж, нөгөө ертөнцөөс эргэн ирдэг. Гласс Америкийн өмнө нь судлагдаагүй газар нутгаар явж, хэдэн мянган км-ийг туулдаг. Миний хувьд бол энэ зохиол энгийн түүх байсан. Харин энэ зохиол Алехандрогийн гарт орохдоо жинхэнэ бодит байдлын нэг хэсэг болсон. Хью Глассийн амьдралаар кино хийнэ гэдэг маш хэцүү учир найруулагч болгон энэ ажлыг хийж чадахгүй. Учир нь кино зохиол хоёр жилийн дотор бүтсэн. Алехандрогоос өмнө Глассийн дүрийг илүү тод гаргаж ирээгүй байсан. Харин кино зохиол бүрэн дууссаны дараа уншаад би Хью Гласстай шинээр дахин уулзсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Үүний дараа би амьдралын хамгийн чухал дүрүүдийн нэгийг хамаг чадлаараа өвөрмөцөөр илэрхийлэхээр шийдсэн.

-Зураг авалт өвлийн хүйтэнд болдог. Энэ бүхэн танд ямар байсан бэ. "Би энийг яах гэж хийж  байгаа юм бэ" гэж өөрөөсөө асуух тохиолдол гарч байв уу? 
-Өдөр бүр л хэцүү байсан. "Амилсан чөтгөр” бол миний тоглож байсан кинонууд дотроос хамгийн хэцүү нь байсан. Киног үзээд та ямар их тэсвэр тэвчээр, хатуужил шаардлагатайг ойлгох байх.

-Хамгийн хэцүү, халширмаар нь юу байсан бэ?
-Миний хувьд хамгийн хэцүү зүйл зайрмагтсан гол гатлах хэсэг байсан /инээв/. Миний нөмөрсөн баавгай, хандгайны арьс нороод 100 фунт /ойролцоогоор 46 кг/ жинтэй болсон. Даарах өдөр бүрийн зураг авалтын үеэр тохиолддог асуудал болсон доо.

-Зургийн багийнхан яаж ажилласан бэ. Танд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх түргэн тусламжийн машин бэлэн байсан гэж сонссон?
-Тийм түргэн тусламжийн машин бэлэн байсан. Зайрмагтсан гол руу ордог зураг авалт болгоны дараа миний гар хөлийг дуулаацуулах аварга том үс хатаагч бас бэлэн байсан. Есөн сарын хугацаанд үргэлжилсэн зураг авалтын турш зураг авалт бүрийн дараа хэрэглэдэг тэр том үсний сэнс намайг үнэхээр залхааж байсан шүү.

-Тэгэхээр гол руу ордог хэсгийг нэлээд олон удаа авсан байх нь ээ.
-Алехандро болон Чиво энэ үзэгдлийг байгалийн гэрэлд авахыг илүүд үзсэн. Хэдэн сарын турш сургуулилт хийсэн. Жүжигчин хүн Швейцарь цагны араа шиг байх ёстой. Учир нь эргэн тойрон камер байгаа тэр хугацаанд дүрээ төгс харуулах үүрэгтэй. Иймээс бид өдөр болгон сургуулилт хийдэг байсан. Дараа нь өдөр хоёр баг байгалийн гэрэлд зураг авалт явагддаг байлаа. Энэ нь кино байгальтай илүү ойр яг бодит байдлыг харуулсан бүтээл. Баавгай над руу дайрч байгаа хэсэгт та баавгайны амьсгалыг мэдрэх жишээний.


-Цас орох тал дээр кино багийхан нилээд хүндрэлтэй учирсан гэж сонссон?
-Зураг авалтын үеэр маш олон хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгарсан. Учир нь энэ жил хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн халуун зун болсон. Канадын Калгаригийн ойролцоо биднийг гэнэтийн цаг агаарын үзэгдэл хүлээж байсан. Бид цас орно гэж зөгнөж байсан хэдий ч, салхи, шуурга дэгдэж, мөсөн бүрхүүл үүсч, дараа нь бүр гэнэтийн дулаарал эхэлсэн. Нэг өдөр зураг авалт хийх гэтэл цаг агаар хасах 40 хэмд хүрч, камерууд маань ажиллаагүй. Дараа нь хоёр удаа ч маш зузаан цас хайлчихсан. Цастай байгалийн зураг авах ёстой байтал ямар ч цас орохгүй байсны улмаас хоёр, гурван долоо хоногоор зураг авалт хойшлогдох үе ч байсан.

-Кино зураг авалтыг цааш үргэлжлүүлэхийн тулд цас хайсан уу?
-Бид Өмнөд туйл руу явсан. Бид Аргентиний өмнөд хэсэг рүү явж, манай гаригийн хамгийн урд байрлах тосгонд очиж, тэндээс цас олсон.

-Та маш их туршлага хуримтлуулсан байх тийм үү?
-Би зэрлэг байгалиар хүрээлэгдсэн газарт байх дуртай. Би усанд шумбах дуртай, Амазон мөрөнд шумбаж байлаа.

-Та чадвардаг жүжигчин болохоос гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийгэмд дуу хоолойгоо хүргэж яваа хүмүүсийн нэг. Байгаль орчны асуудалд хэзээнээс анхаарлаа хандуулж эхэлсэн бэ. Юунаас эхлэлтэй вэ?
-Би бага байхаасаа байгаль орчны асуудалд сонирхолтой хүүхэд байсан. Титаник кинонд тоглосны дараа амралтаа авсан. Энэ үед би шинжлэх ухаан түүн дотор биологийн шинжлэх ухааныг судалж эхэлсэн. Байгалийн тухай баримтат кино үзэж, түүхэн музейгээр их явдаг байлаа. Титаникийн дараа сонирхлоороо дагаж, байгаль орчны асуудалд илүү идэвхтэй оролцохоор шийдсэн дээ.

Цагаан ордонд Альбер Гортой танилцах боломж тохиосон. Тэрээр самбар дээр манай гаригийг түүний эргэн тойронд уур амьсгалыг зурсан. Альбер надад "Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний өмнө ноцтой аюул учруулж байна” гэж хэлсэн нь одоог хүртэл санаанаас гардаггүй. Түүний энэ үг эргэлт буцалтгүйгээр энэ замд орох түлхэц болсон доо. 1999 онд би өөрийн сангаа үүсгэн байгуулсан. Ингээд л би уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар нийгэмд дуу хоолойгоо өргөж эхэлсэн.

Парист болсон Дэлхийн уур амьсгалын эсрэг чуулга уулзалтын үеэр

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ?
-Энэ жил манай дэлхий дээр хэвийн бус дулаахан, долоо болон аравдугаар сар болж, ерөнхийдөө түүхэн дэх хамгийн дулаан жилээр тодроод байна. Дэлхийн дулаарал бол шинжлэх ухааны уран зөгнөл биш юм. Энэ бол бодит байдал, хүн бүрт нөлөөлж буй бодит байдал. Дэлхий даяар гэнэтийн байгалийн гамшиг, түүний аймшигт үр нөлөө үзэгдэж байна. Одоо ингэж байгаа юм чинь, ойрын ирээдүйд юу болох бол? Энэ маш чухал асуудал. Дэлхийн бүх хүмүүс үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна.

Кино академийн дээд шагналд таван удаа нэр дэвшсэн ч Оскар хүртэж амжаагүй яваа Леог энэ жил Оскар хүртэх үү үгүй юу гэсэн таамаг, мөрий цөөнгүй бий.

Энэ жил Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарласны дараа Леонардо ДиКаприо "Бид "Оскар" авахын төлөө ажлаа хийдэггүй. Ажилдаа хайртай болохоор хийдэг. Эргээд харахад бахархмаар тийм кино бүтээхийн тулд би ажилладаг. Кино зураг авалтын үеэр дүрээ бүтээхийн тулд хамаг чадлаараа ажилласан. Харин кино маань шагнал авах эсэхийг та бүхэн л шийднэ” гэж хэлж байсан юм.

Х.Көгершин | GoGo.mn

1330
  • MiXX - Хаалгаа нээ /шинэ клип/ Үзсэн   1558 2014-08-16
  • Муусайн хөдөөнийхөөн араамандаа яажигнаарай Үзсэн   944 2014-11-10
  • Булчингаараа хөгжимдөгч /Видео/ Үзсэн   1563 2015-04-03
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг - Н.Энхболд Үзсэн   953 2016-06-04
  • NB & SALLY дуучин Баажий, Эркэ нар оролцжээ Үзсэн   1642 2014-12-01
  • Дандийгийн шинэ клип Тавтай морил Үзсэн   1745 2014-07-31
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   948 2016-10-17
  • Бичлэг: Монгол Улсад оршин суух гадаадын иргэдэд зориулсан санамж Үзсэн   895 2017-04-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.