Б.Алтанжаргал: Ардын уртын дууг ухаж ойлговол бүгд ухаарлын үгтэй
Түүнийг мэддэг хүрээлэл шинэ уран бүтээл хийхийг хүлээж, хурдхан л цомгоо гаргаж тоглолтоо хийгээсэй гэж хүснэ. Тэрбээр 2006 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн ч өдгөө 10 жилийн дараа урлагтаа сэтгэл шулуудан орж байгаа ажээ.
Монгол ардын болон уртын дууны чиглэлээр эргэлт буцалтгүй тууштай уран бүтээл хийхээр зорьж буй энэ хүнийг Б.Алтанжаргал гэдэг. Анх "Дүүриймаа” дуугаараа олонд танигдсан тэрбээр өөрийн гэсэн томоохон фэний хүрээлэлтэй болоод буй.
Түүний талаар нэгэн залуу "ярилцаад суухад Б.Алтанжаргал энгийн нэг залуу. Харин дуулахаараа өөр болчихдог. Дуундаа орчихдог, төрмөл авьяастай хүн гэж хэлж болно. Дуугаа амилуулахын төлөө жүжиглэдэггүй, өөрийнхөөрөө дуулдаг нь хүмүүст их сайхан хүрдэг” хэмээн ярьсан юм.
Тиймдээ ч Б.Алтанжаргалын өөрийн гэсэн дуулах хэв маяг, түүгээрээ бусдыг өөртөө татдаг энэ чанар сонсогчдынх нь хүрээллийг өргөжүүлж байна.
Зуны гурван сар циркт ажиллаад тэндээсээ циркчин болж гурван жил морин дээр үсэрсэн дээ.
-Та их сургуулиа төгсөөд уран бүтээл хийв үү. Хаана ажиллаж байсан бэ?
-Мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Би дунд сургуульд байхдаа морин тойруулгад хичээллэж байлаа. Их сургууль төгссөний дараа циркийн морин шоунд намайг тоглооч гэсэн санал ирсэн юм. Зуны гурван сар циркт ажиллаад тэндээсээ циркчин болж гурван жил морин дээр үсэрсэн дээ. Хурдны морь унаж өссөн хөдөөний хүн миний хувьд морин циркийн үзүүлбэр хийнэ гэдэг нь үнэхээр сонирхолтой санагдсан учир тоглолтын багт жүжигчнээр ажилд орон Тайвань улсыг зорьсон. Харин одоо Багануур дүүрэгт "Багануур” хувьцаат компанийн уурхайд экскаваторын жолоочоор ажилладаг.
-Энэ хугацаанд уран бүтээлээ хийж байв уу?
-Тухайн үед үндэсний урлагийнхан ховордсон байсан. Энэ чиглэлээр хуруу дарам цөөн хүн төгсдөг байлаа. Үндэсний дуу хөгжмөө орчин үеийн хөгжимтэй хослуулан залуучуудад түлхүү таниулах бодол байсан тул 2012 оноос хойш дуугаа дуулж, дан ардын 10 гаруй дуутай болоод байна. Дуунуудаа эмхтгээд энэ ондоо цомог болгоод гаргачих байх.
-Та төрөл бүрийн салбар руу орсон хүн шиг санагдлаа. Цирк, уурхай, дуу хөгжим гээд л...
-Монголд 1994 оноос морин тойруулгын клуб ажиллаж эхэлсэн. Би багаасаа хурдны морь унадаг байсан болохоор сонирхлоороо тэнд хичээллэдэг байж байгаад орхисон. Гэтэл хамт хичээллэж байгаад циркт орсон нөхөд маань намайг дуудсан. Циркт тоглож байгаад Багануур руу гэр шилжээд, тэнд хэсэг амьдарсан даа.
Наймдугаар ангиасаа хойш ардын дуунд нэвт орчихсон. Хүүхдүүд рок поп, рэп энэ тэр гээд үсэрч дэвхцээд явж байхад би дээлтэй зогсож байдаг л хүүхэд байсан.
-Уртын дуучин болсон түүхээсээ хуваалцвал?
-Багадаа хонинд явахдаа сайхан "хашгирмаар” санагддаг байлаа. Өвөө, эмээ хоёр минь намайг сайхан гийнгоолдог, уртын дуу дуулж чадах авъяастай хэмээн магтдаг байсан. Гийнгоо нь унасан хүлгээ уяраан баясгаж, морио магтан дуулсан, хүч чадал, шандас нэмэх гайхамшигт аялгуу гэдгийг хүүхэд байхаасаа мэдэх тул их л хичээнгүйлэн гоолдог байсан санагдана. Тэр үеэс л би уртын дуучин болно гэсэн мөрөөдөлтэй болсон юм.
Миний ардын урлаг сонирхох болсон бас нэг шалтгаан Төв аймгийн Баянцагааны харьяат, алдарт дуучин Төмөрийн дуулсан дуу санаанаас гардаггүй. Би ч өөрөө энэ нутгийнх л даа. "Төмөр гуай та "Гоолингоо”-г аялаач” гэхэд "Зүүд ээ...” гээд л эхэлдэг. Тэр нь ерөөсөө санаанаас гардаггүй.
Явсаар байгаад ардын уртын дуунд дуртай болчихсон. Тэрийгээ дагаад дуу сураад сургуульд ардын дуугаа л дуулсаар байлаа. Тэгж яваад наймдугаар ангидаа дуучин Б.Лхамжав гуайн нэрэмжит уралдаан зарлахад хотод ирж оролцоод байр эзэлж байсан юм. Тухайн үед СУИС-ийн гавьяат багш Ц.Дэлгэр шүүгч хийж байгаад "аравдугаар ангиа төгсөөд над дээр ирээрэй” гэсэн. Тэгээд л уртын дуучин болсон доо.
Наймдугаар ангиасаа хойш ардын дуунд нэвт орчихсон. Хүүхдүүд рок поп, рэп энэ тэр гээд үсэрч дэвхцээд явж байхад би дээлтэй зогсож байдаг л хүүхэд байсан. Ардын уртын дуу хүнийг зөв зам руу чиглүүлдэг. Үгийг нь ухаж ойлгох юм бол дандаа ухаарлын үгтэй. Тэр бүгдийг судлаад сонирхоод байвал нэвт автдаг юм.
Дэлхийд дуурийн урлаг нэг номерт ордог гэж ярьдаг. Үнэндээ монгол үндэсний урлаг дэлхийд нэгт орно шүү дээ. Ямар ч хөгжимд захирагддаггүй. Хүний хоолойны багтаамж л байвал болно. Үнэхээр агуу.
-Шинээр уран бүтээлдээ орж байна гэсэн. Урьдны бүтээлүүдтэй харьцуулахад шинэлэг дуунууд хийх үү?
-Миний харж байгаагаар ардын дуунууд насны хязгаартай сонсогчидтой. Дундаж насныхан болон тэрнээс дээш насныхан илүү сонсдог. Тиймээс залуу хүмүүс рүү чиглэж яагаад болохгүй гэж. Монголын үндэсний урлаг бол арвин баялаг, хэмжээ хязгаарт захирагддаггүй. Тийм болохоор яаж ч хөгжмийн найруулга хийсэн хаана нь ч хүрэхээр далайц томтой уран бүтээлүүд байдаг. Этник стилиэр, хөгжим нь залуучууд сонирхохоор хийхийг зорьж байна. Би нэг дууг электро хэлбэр рүү оруулж үзсэн. Нийгмийн сүлжээнд тавихад хүмүүс сайхан хүлээж авч байна билээ.
-Уртын ардын дууг транс, электро хөгжимтэй хослуулна гэдэг сонирхолтой санагдлаа. Яагаад транс болгох санаа танд төрсөн юм бэ?
Тэр санаанаас огт гараагүй болохоор "Ганган хул”-ыг электро хөгжимтэй хослуулсан юм
-Хамгийн гол нь хэмжээгээ барьж, найруулгаа сайн хийж чадвал давгүй болно. Би "Ганган хул”-ыг тийм болгох гэж оролдсон. Яагаад надад тийм санаа төрсөн гэхээр циркийн манеж дээр хөгжимгүйгээр морин дээр тоглохоор хүнд огт хүрдэггүй. Янз бүрийн үзүүлбэр үзүүлэхээр хөгжимгүй үед хүмүүс гайхаж байх шиг хараад байдаг. Тэр үзүүлбэрт хүч нэмж, хүнийг огшоож байгаа гол зүйл бол хөгжим.
Мянган удаа мориныхоо гэдсэн доогуур орж, аюултай үзүүлбэр үзүүллээ гээд тэгж их хүнд хүрэхгүй шүү дээ. Харин тэр онцгой агшинд бөмбөр нүдэх чимээ өгчихвөл аюултай үйлдэл хийж байна гэдгийг үзэгчдэд мэдрүүлж чаддаг. Тэрэн шиг "Үүлэн бор”-ыг морины шоуны ард дуугарах хөгжим болгоод дундуур нь ташууртай, огцом ордог бөмбөрийн дуугаралттай, гоё авцалдаатай болгоод шоугаа хийсэн.
Циркчин Б.АлтанжаргалТоглолтоор очсон газар хааяа морь айгаад, сайн дасал болоогүй байж байхад шоу эхэлчихдэг. Тэгэхээр морь хэчнээн сайн үзүүлбэр хийж чадаагүй байсан ч хөгжим нь гоё бол үзүүлбэрээ тэр чигт нь аваад гарчихдаг. Харин тэр хөгжим Солонгосын одоо тоглож байгаа морин циркийн жүжигчдэд их хүрсэн байсан.
Тэр санаанаас огт гараагүй болохоор "Ганган хул”-ыг электро хөгжимтэй хослуулъя гээд "Color music”-ийн Сүхдамбатай ярилцаад хийсэн юм. Мэдээж хэмнэлээсээ шалтгаалаад транс болох дуу, болохгүй дуу гэж бий. Ардын дууны дундуур магадгүй рэп оруулж ч болно шүү дээ.
-Гэхдээ нөгөөтэйгүүр настай хүмүүс тэрийг ойшоохгүй л болов уу?
-Ойлгохгүй. Аягүй бол Б.Алтанжаргал сайхан дууг маань баллачихлаа гэх байх. Чиг шугамаа алдахгүй хүнд аятайхан хүргэх хэрэгтэй.
-Та "Дүүриймаа” дууг бас сэргээж, этник хэв маягаар дуулсан шүү дээ?
-Тийм. Би 2012 онд хамгийн анхны уран бүтээл Монгол ардын дуу "Дүүриймаа” хэмээх сайхан аялгуутай дууг дуулж анхны клипээ хийлгэсэн. Түүнээс хойш ажиллахын хажуугаар дуулсан дуу маань цөөхөн ч гэсэн нэмэгдсээр 10 ардын дууг дуулж бүтээл болгосон байна.
"Дүүриймаа" дууны клип
Нэрлэвэл "Дүүриймаа”, "Янлин хуар”, "Ганган хул”, "Сэр сэр салхи”, "Өдтэй бичиг”, "Хайлуур мөрөн”, "Цэнхэрлэн харагдах уулс”, МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан монгол ардын дуу "Аргагүй амраг”, ӨМӨЗО-ны алдарт дуучин Лхаасүрэн, Тува улсын туульч Цагаанзам, МУГЖ Т.Баясгалан нартай хамтран дуулсан "Зуун лангийн жороо луус”, СТА Д.Жавхаасайхан, СТА Д.Бурмаа, СТА А.Түмэн-Өлзий, дуучин Дагиймаа нартай хамтран "Гандий мод” дууг дуулсан.
Мөн 2009 онд тус дөрвөн уран бүтээлчидтэй хамтран "Тэгш таван өнгө” тайлан тоглолтыг Монгол Бөхийн Өргөөнд хийж байлаа. Бас телевизүүдийн Цагаан сар, Наадмын баярт зориулсан теле зохиомжуудад оролцон дуулж байсан.
УРТЫН ДУУЧИН Д.ЖАВХААСАЙХАН НАМАЙГ ХУРЦАЛДАГ
-Таныг сонсдог хүмүүс тоглолтоо хийгээч гэсэн хүсэлт тавьж байжээ?
-Ямартай ч цомгоо гаргасны дараа намайг сонсдог хуруу дарам хүмүүст зориулан нэг орой сайхан орчинд VIP тоглолт хийе гэсэн бодол байна. Дараа дараагийн тоглолтыг ардын тал руу чиглүүлсэн этник орчинг бүрдүүлье гэсэн бодол байна. Бүжиг, тайз гээд бүгдийг тийм уур амьсгалтай болгохыг хүсдэг. Тоглолтын агуулгыг нь ч тийм хэлбэрээр явуулъя гэж дотроо бодож мөрөөддөг. Үлдэцтэй, чанартай тайлан тоглолт хийнэ.
Монголын олон үндэстэн ястны дуунуудын онцогийг нь гаргаж сэргээн дуулахыг хүсч байна.
-Цаашдын зорилго тань юу байх бол?
-Цаашдаа ардын урлагаа өвлүүлж, үндэсний урлагаа дэмжиж явдаг хүний хувьд зорилго их байна. Эхлээд цомгоо гаргаж олон түмэндээ танилцуулъя.
Өмнө нь дан ганцаараа уран бүтээл хийж явдаг байлаа. Өөр ажилтай болохоор дуулаад явах хүндрэлтэй байсан тул саяхнаас нэг залуутай хамтраад уран бүтээлийн ажилд орчихоод явж байна. Бид хоёрын үндэсний урлагийг хөгжүүлэх тухай санаа оноо нэгддэг.
Миний ойрын томоохон зорилго бол Монголын олон үндэстэн ястны дуунуудыг тэр орчноор нь гаргахыг хүсч байна. Дунджаас дээш насныхны мартаж байгаа Дарьганга, Хөвсгөлийн хотон, Увсын дөрвөд, Завханы сартуул гэх мэт нутаг нутгийн онцлогтой аялгуунууд бий. Тэдгээр нь байгаль, тал хээр нутаг, уул устайгаа авцалдаатай, дуу хөгжим нь тийм илэрхийлэлтэй байсаар ирсэн. Тэр ястнуудын дуунуудыг сэргээж ард түмэндээ танилцуулах ойрын зорилго бий.
Бүх онцлогийг нь гаргаж дуулах зорилготой. Гэхдээ судалгаа их хийж, өмсөж байгаа хувцаснаас эхлээд, нутаг нутагт нь очиж, үзэж сонсож байж хийнэ. Цаг их орох байх.
-Урлагт ийм хайртай хэрнээ яагаад уурхайчин болсон юм бэ?
-Тайваньд жүжигчин хийж байхад Монголд байгаа ээжийн минь бие хүндээр өвдсөн тул би жүжигчнийхээ ажлыг 2008 онд орхин ээжийгээ асрахаар ирсэн. Намайг ирэхэд манайх Багануурт нүүж ирсэн байсан. Ээж минь 2006 онд Бээжин хотод бөөр солиулах хагалгаанд орсон тул хажууд нь заавал нэг хүн асрах хэрэгтэй болсон. Тэгээд л циркээ орхисон. Ингээд жил орчим урлаг, циркээ орхиод Багануурт амьдарсан. Тэгж яваад Багануурын уурхайд ажилд орсон юм. Ажлаа бүүр үүднээс нь, харуулаас эхэлсэн. Дараа нь жолоочоор ажиллаад, одоо би Монголд ганцхан байдаг экскаватор дээр ажилладаг.
Уурхайчин болоод урлагаас хөндийрсөн л дөө. Зурагт үзэхээр хааяа "шар” хөдлөөд уран бүтээл хиймээр санагддаг байлаа. Ер нь би яагаад ингэж яваа билээ гэж бодогддог байсан.
Тэр бүгдийг туулж чадна гэдэгт миний сэтгэл зүрх бэлэн болчихсон.
Намайг их хөглөдөг хүн бол уртын дуучин СТА Д.Жавхаасайхан. Бид хоёр нэг анги. Найз маань намайг урлагт буцаан оруулах гэж их хурцална аа.
Дангаараа уран бүтээл хийнэ гэдэг асар хол. Тэр тусмаа би нийслэлээс 130 км-ын цаана амьдарч байгаа учраас тодорхой хэмжээнд хоцрогдож байна.
Тиймээс эргээд дуундаа орж, сайн хөдөлмөрлөж, жаахан ч атугай түрүүлж алхах хэрэгтэй байгаа юм. Ардын урлаг шавхагдашгүй. Ямар ч дууг сонгож дуулсан бүгд л сургамжит. Хэрвээ би дуулж л чадвал хүнд хүрэх нь ойлгомжтой.
-Уртын дууны сайхан нь юунд байна вэ?
-Уртын дууг амьсгааныхаа хэрээр дуулна. Хэрвээ нэг хүн хүнд дурлаад дууллаа гэж бодъё. Тэр үгийг тухайн хүн юу бодож яаж хэлсэн байна гэдгийг дотроо бодоод гаргахаар, өөрийн эрхгүй үгнүүд нь мессеж шиг л ниснэ. Хүн хүний тогтсон хэв маяг гэж бий. Хэв маягийн хувьд өөрийгөө голохгүй түвшинд байдаг гэж боддог. Ардын дууг задгай хоолойгоор дуулдаг юм. Хоолой, амьсгаа, оюун ухааны потенциалын хэрээр дуулдаг .
-Урлагийн салбар маш хүнд гэж ярьдаг шүү дээ. Тэр бүхнийг даван туулаад явъя гэсэн чин зорилготой болжээ гэж ойлгож болох уу?
-Хүн мэдээж шантарна. Хормын дотор бүх юм утгагүй болно. Буцаад гоё урт шат тавьж өгнө. Шатнаас унана. Тэр бүгдийг туулж чадна гэдэгт миний сэтгэл зүрх бэлэн болчихсон. Хэдийгээр өөр мэргэжлийн ажил хийдэг байсан ч миний зорилго хэзээ ч бүдгэрч алга болоогүй.
Миний онцлог үндэсний урлагаараа дуулсаар байна. Оюутан байхдаа "Asian shop”гэж хамтлагийг анх үүсгэн байгуулалцаад, хоёр жил явсан. Гэтэл багш маань дургүйцээд "уртын дуучин хүн байж яагаад поп хамтлагт дуулаад байгаа юм” гэж зэмлэж билээ. Тэр надад туршлага болсон байх. Поп хөгжмийн мэдрэмжтэй, орчин үеийн хөгжимд арай дөхөм болсон болов уу гэж боддог юм. Поп хамтлагт байсан маань буруудаагүй байх гэж боддог.
-Манайд ардын уртын дуучид олон байна. Тэднээс таны ялгарах онцлог, хэв маяг ямар байх бол?
-Уран бүтээлч болгон өөрийн гэсэн имижтэй, ялгагдах онцлогтой байдаг. Урлагийн хүмүүс дуулж байгаа хэв маяг, тембрээр л ялгагдана. Өөрийн хоолойнд зохицсон зөв дуугаа дуулж, хөгжмийн найруулгаа аятайхан хийж чадвал ялгарна. Намайг хүмүүс сонсоод хүрээ маягаар дуулдаг юм байна гэдэг. Миний анх сонсож байсан дуучин Төмөр хүрээ маягаар дуулдаг байсан нь надад тогтсон юм болов уу.
Энэтхэгийн рок гитарчин, продюсер залууд миний дуу таалагдаад надтай хамтран ажиллах санал тавьсан.
-Компанийнхаа урлагийн үзлэгт их ордог байх тийм үү?
-Байгууллагын урлагийн үзлэгт нэг номерт орно. Гоцлол, хослон дуулдаг төрөл, эстрад гээд аль хэсэгт Алтанжаргал дуулж байгааг урлагийн наадамд оролцох гэж байгаа хүмүүс асуудаг гэсэн. Дүүргийн урлагийн наадмын бүх төрөлд ор гэдэг. Тэгэнгүүт сүүлдээ арга нь нарийсаад гоцлол дуунд орсон хүн эстрад дууны төрөлд зөвшөөрөхөө больсон доо /инээв/.
-Танай удамд урлагийн хүн байдаг уу?
-Манай эмээгийн ээж нутаг усандаа найр нээдэг хүн байсан юм билээ. Тэрнээс хойш байгаагүй. Би эхнэр, гурван настай охины хамт амьдардаг юм. Намайг дуулахаар эхнэр их дэмждэг, эмээ маань бас миний ганц "улаан фэн”. Би ийм дуу дууллаа гээд очихоор надад зөвлөж, хуучин цагт тэгж дуулдаг байсан гэхчлэн ончтой үг хэлж өгдөг юм.
-Таныг дэмждэг хэсэг бүлэг хүрээлэл нийгмийн сүлжээнд бас их байдаг юм билээ.
-Намайг сонсдог дэмждэг хүмүүстээ их баярлалаа. Саяхан Г.Өсөхбаяр аваргын дээлийг оёдог оёдолчин Г. Булган гээд эгч "Би чиний дууг сонсох дуртай. Чамд зориулж анхны уран бүтээлийн дээлийг оёж өгье” гэсэн. Маш сайхан санагдаж уран бүтээл хийх урам зориг минь илүү их нэмэгдсэн.
Нэг сонсогч "Хүүхэд маань нэг настай. Таны дууг сонсож унтдаг шүү” гэсэн. Бас Японд байдаг хүн "манай хүүхэд цэцэрлэгт явахын тулд заавал "Дүүриймаа”- сонсож байж явдаг” гэсэн. Тэрний доор нэг хүн сэтгэгдлээр "нээрэн хүүхдэдээ сонсгож унтуулбал гоё юм байна” гэж бичсэн байсан. Сайхан санагдсан шүү. Энэ бүгдээс их урам авах юм даа.
"Дүүриймаа” дууг гарахад FM радио, телевизээр их явж, түүнээс хойш энд төдийгүй, Өвөр Монголд ч хүмүүст их хүрсэн байсан. Гадаад хүмүүст миний дуу хүрсэн байна лээ. Мессенжерээр хөгжмийн академитай Энэтхэгийн рок гитарчин, продюсер залууд миний дуу таалагдаад надтай хамтран ажиллах санал тавьсан. Америкаас энд ирж тоглолтоо хийгээч, Солонгосоос цомог нь гарчихвал худалдаанд гаргаж өгье гэсэн саналууд ч ирсэн.
-Сайхан мэдээ байна. Танд амжилт хүсье.