|

Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО

 

Баянзүрх дүүргийн МАХН-ын мянгатын дарга, эрх зүйч Р.Өсөхбаяртай ярилцлаа.

Улстөрийн намууд УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын цалинг 5 сая төгрөг болгоно гэсэн санал нь иргэдийн эргэлзээ, үл итгэх байдал, мөн шүүмжлэл дагуулж байна?

Үүнд тайлбар өгөхөд манай ард иргэд ямар нэгэн тоо сонсохоор итгэдэггүй болчихож. Итгэлцэл гэдэг нь бодит байдлыг л шаардаж байгаа юм. Анх ардчилал гарсан 1989,1990 он гээд бодьё. Өнөөдөр бол миний мэдэж байгаагаар шүү, хамгийн үнэтэй байр бол "Асем Вилла” хаус 7 тэрбум орчим төгрөг байгаа. Тухайн үед хүмүүст 30 жилийн дараа 2020 он гэхэд хаус 7 тэрбум төгрөг болно, байшин их болж, зам түгжирнэ ээ. 500 саяас нэг тэрбум төгрөгийн байшинтай болно оо гэх юм бол тухайн үеийн хүмүүс итгэх нь байтугай бараг буудах байсан биз. Тэгэхээр үүнд цочих, түгдрэх хэрэггүй. Ойрхон БНСУлсын жишээн дээр ярья л даа. Манай Монголчууд ихээр очиж, ажил амьдралаа залгуулдаг орон. Сайн мэддэгийн хувьд хэлэхэд Солонгост очоод цэвэрлэгч хийх юм уу, цайны газарт аяга угаахад 1,5-2 сая вонны цалин авч байна. Тэр нь БНСУлсдаа хамгийн бага цалин мөртлөө Монгол төгрөгөөр 4-5 сая төгрөг боочихоод байгаа юм. МАХН-аас мөрийн хөтөлбөртөө оруулсан 5 сая төгрөг гэдэг бол энэ л цалин юм. Ер нь нэг дэлхийн улсууд юм бол нэг л цалин авах ёстой. Хэрэв бид нар дэлхийн дундаж цалин авна гэх юм бол 5-6 мянган доллар болчихно. Монгол төгрөгөөр 13,14 сая төгрөг болчихно. Тэр бол харин өнөөдөртөө биелэх ямар ч боломжгүй. Эдийн засагчид өнөөдрийн эдийн засгийн нөхцөлд тулгуурлаж яриад байгаа юм. Бид нар бол ирээдүй рүү зориод байгаа байхгүй юу даа. Байгалийн баялгаа зөв ашиглаад, шинэ мөнгөний бодлого хэрэгжүүлээд, орж ирсэн мөнгөөрөө томоохон хүнд үйлдвэрүүд барих гэж байгаа юм. Нефьт боловсруулах үйлдвэр, шилээ өөрсдөө хийдэг болох ч юм уу, гадагшаа урсаж байгаа вальютаа зогсоогоод, эндээ доллараа хадгалдаг байх, гаднаас доллар оруулж ирэх зорилготой.

Ер нь экспорт, импортийн хувьд ихэнх орнууд хуульчилсан байдаг л даа. Харьцуулсан эрх зүй үзэж байсан хүний хувьд би сайн мэдэж байна. Экспортыг маш ихээр нэмэгдүүлж, импортыг харьцангуй бага байхаар, 20% : 80% ч юм уу. Гадагшаа долларын урсцыг алдахгүй байх гэдэг тал дээр л байх ёстой. МАХН бол үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2024 оноос 5 сая төгрөг болгоно гэж байгаа.

АН бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3 сая төгрөг болгоно гэж байгаа шүү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол хадаас хадсан ч 3 сая төгрөг авна гэсэн үг. Тэгэхээр үүнийг 3-4 дахин үржүүлхээр 9-10 сая төгрөгийн цалин амлаж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дээр асар том зөрүү байгаа юм. Үг, өгүүлбэр, цэг таслалын ард маш том агуулга байгаа гэж ойлгож болно.

Иргэд маань сонгуульд МАХН ялах л юм бол маргааш нь 5 сая төгрөг болчих юм шиг ойлголттой байгаа учраас шүүмжлэлтэй хандаад байна. Таны сая тайлбарласнаар шат дараатайгаар хэрэгжүүлж, 2024 оноос дундаж хэмжээг 5 сая болгоно гэж байна?

Тийм. Шат дараатайгаар яваад 5 сая төгрөгт хүргэнэ гэж байгаа юм. Мэдээж нөхцөл бололцоондоо тулгуурлаж ярина. Ямар нэгэн судалгаагүйгээр хоосон амлах, популизм хийх цаг нь ч биш. Ард түмний саналыг авахын тулд худлаа ч хамаагүй амлаж, сонгогчдын сэтгэлийг татдаг тийм ёс суртахуун МАХН-д байхгүй. Энэ бол бодит судалгаатай. Шинэ мөнгөний бодлого, байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгосноор энэхүү асуудлууд шийдэгдэнэ. Үүн дээр эргэлзэж тээнэгэлзэж, гайхах хэрэггүй. Дэлхийн дундаж биш, дэлхийн бага байгаа цалинг Монголын дундаж цалин болгох юм. Дундаж цалин гэдэг маань 1-2 Их, дээд сургууль төгссөн, багаар ажиллах чадвартай, мэдлэг туршлагаараа илүү, давуу талтай, нэлээн бололцооны хүний авах цалин. Ингээд 5 сая төгрөгийн цалин авсан ч хүн хангалттай сайхан амьдарч чадахгүй. Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр байдаг "Амьдралд хүрэлцэхүйц цалин” гэдэг нь 5 сая төгрөгийн цалин гэж ойлгож болно.

Зарим хүмүүс Монгол улсын эдийн засаг, төсөв ийм цалинтай байхад хүрэлцэх болов уу? гэдэг дээр эргэлзээд байна л даа. Жишээ нь 2020, 2021 онд цаашаа ч мөн төлөх асар их өрүүд байгаа шүү дээ. Тэдгээр өрүүдийг төлөөд эхлэхээр эдийн засаг маань үүнийг даах болов уу? Мөн зөвхөн төрийн албан хаагч нарын цалинг нэмэх тухай яриад байна уу? Эсвэл?

Үүнийг бол нийтийг хамруулж ойлгох хэрэгтэй. Зөвхөн төрийн албан хаагч гэж ялгахгүйгээр дэлхийн цалин Монголд ийм байх ёстой гэдэг суурь зарчмаар авч үзэж байгаа юм. Үүнтэй уялдуулаад хэлэхэд асуудлууд нь өөр өөр өнцгөөс гарч ирэх ёстой. Өнөөдрийн эдийн засагт тулгуурдаж яриад байгаа байхгүй юу. Өнөөдөр ч гэсэн боломж байгаа. PPP буюу хүний худалдан авах чадварийг харьцуулсан дэлхийн статистикийг аваад үзэхээр болоод хүрээд байгаа юм. Гэхдээ ингээд болоод хүрэхээр манай өнөөдрийн жижиг эдийн засаг дийлэхгүй байх. Гэхдээ бид нар шинэ мөнгөний бодлого гаргаад, шинэ өөр эдийн засгийн хөтөлбөр дэвшүүлж байж, байгалийн баялгаа ард түмний өмч болгож байж, одоо энэ гадагшаа урсаад байгаа мөнгөө зогсоож байж, нэлээн томоохог далайцтай арга хэмжээ явагдсаны дараа энэ асуудлууд хэрэгжиж эхэлнэ. Ер нь өнөөдөр ч гэсэн ийм цалин авмаар л байна шүү дээ, тийм биз дээ?

МАХН-ын гишүүн, доктор Т.Баярхүү "Шинэ мөнгөний бодлого”-ийн талаар нэлээд ярьдаг. Энэ талаар та ч гэсэн товч ойлголт өгөхгүй юу?

Манай төгрөгийн баталгаа болоод байгаа алт, доллар гадны мөнгө байдаг байсан бол Монгол төгрөгийн баталгаа нь Монгол хүн өөрөө байя, Монголын үнэлэмж байя, Монголын баялаг байя л гэж байгаа юм. Гадны мөнгө бол ханшын савалгаа, инфляцид идэгддэг, мөнгөний ханшын уналт л байхгүй юу.

Т.Баярхүү дарга энэ асуудал дээр дэлгэрэнгүй сайн тайлбарлана. Би бол хуульч, эрхзүйч хүн учраас Т.Баярхүү дарга шиг өргөн дэлгэр мэдээлэл өгч чадахгүй. Т.Баярхүү доктор бол яг энэ чиглэлээр 10-аад жил амьдралаа зориулсан хүн учраас маш сайн мэдээлэл өгч чадна.

МАН нийгмийн даатгал төлдөг хүн бүрийг орон сууцтай болгоно гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ боломжтой юу?

Мэдээж боломжтой. Гэхдээ энэ ер нь ард түмнээ алагчлаад байдаг байхгүй юу. Сая тэтгэврийн зээл тэглэхэд зээлтэй хэсэг нь тэглэгдээд, зээлгүй хэсэг нь 1 сая төгрөгийн ваучер 2021 оноос гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхүүлээд нэг ийм улс төрийн заль хэрэглээд байдаг. Ер нь одоо нэгнийгээ ингэж зальдаж болохгүй ээ. 21-р зуун гарчихлаа. Хувьтай хүн шинэ зуун, шинэ мянган үздэг. За тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хэсэг нь яах юм бэ? Төлдөггүй хэсэг маш их байна шүү дээ. Манай МАХН бол "Өрх бүрийг” байхгүй юу. Өрх бүрээс нэг хүн төлөөлж ороод, өрх бүр орон сууцтай болно. Түүнээс нийгмийн даатгал төлдөг хүн гэхээр бас л буруу болоод байгаа юм. Наад нийгмийн даатгал төлдөг хүмүүс гэдэг нь Сингапурын жишээг л аваад байх шиг байгаа юм. Тэнд бол арай өөр бодлого, механизм хэрэгждэг. Ер нь бол аливаа бодлого шийдвэр хөрсөн дээрээ бууж байх ёстой. Манай намын бодлого, мөрийн хөтөлбөр бол бүх салбарыг хамруулсан. Мөрийн хөтөлбөр эцэслэгдээд гараад ирэхээр иргэд маань сайтар уншиж танилцаасай гэж бодож байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн коронавирустэй холбоотой эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг та хэрхэн дүгнэж байна вэ?

Ер нь бол зөв . Авч хэрэгжүүлэх ёстой. Харьцангуй оройтсон. Улстөрийн үүднээс би хардаж байгаа нь бол сонгууль дөхүүлээд ингэж байгаа болов уу даа эж хардсан. Гэхдээ энэ бол ганц Монголд авч байгаа арга хэмжээ биш. Дэлхийн улс орнууд дор дор нь, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсэн. Авахдаа бүр авсан шиг авсан. Иргэн бүртээ мөнгө тарааж байгаа. Иргэн бүр нь мөнгөтэй болчихоороо иргэн бүр нь мөнгөө үрээд эдийн засаг нь тэлэх ёстой байхгүй юу даа. Манайд бол бас л нөгөө сохолдгоороо яваад байгаа байхгүй юу даа. Муулж байгаа юм биш шүү. Улстөрийн намууд нэгнийгээ муулах нь өрөөсгөл. Би бас хүн муулахгүй байхыг илүү их зорьдог. Гэхдээ бодит үнэн нь ийм байгаад байгаа юм. ААН-ийн үйл ажиллагаа явуулж байгаа компани, цомхотгол хийгээгүй бол гээд, тийм үү? Тус тусад нь ахиад ингээд л алагчлаад байгаа юм, ард түмнээ. Ингэж болохгүй ээ. Ингэхээр нөгөө ажилгүй орлого хүмүүс нь яах юм бэ? Тэд нар чинь бас л гармаар байна шүү дээ. Бас л талхаа авмаар байна. Бас л үсээ засуулмаар байна. Бас л хоол унд, үзвэр үйлчилгээ юманд хамрагдмаар байна. Энэ хүмүүсээ бас хөрөнгөжүүлэхгүй, мөнгөжүүлэхгүйгээр болохгүй ээ.

Сая Хонконг иргэн бүртээ 10,000 Хонконг доллар өгсөн. Монгол төгрөгөөр 2 сая гаруй төгрөг. Ер нь дэлхий дахинд 1000 орчим доллар өгч байна. Энэ мөнгө яах вэ гэхээр эргээд л үрэгдэх байхгүй юу. Европын холбоонд цагаачаар очоод бүртгүүлхээр сард 600 евро гэх мэтчилэн өгдөг шүү дээ. Энэ чинь эргээд л эдийн засгаа аврах гээд байгаа арга хэмжээ. Түүнээс үйл ажиллагаа явуулж байгаа ААН, компаниуд нь эдийн засгаа авраад, ажилгүй хүмүүс нь авардаггүй гэсэн үг биш юм. Тэгэхээр адилхан л хүн учраас адилхан л өдөр тутмынхаа хэрэглээнд орно оо л гэсэн үг юм.

МАХН-д Н.Энхбаяраас өөр лидер байхгүй гэж шүүмжилдэг. Мөн шинээр батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн нэр дэвших эрхгүй болчихоод байгаа. МАХН-ын ирээдүйд санаа зовниж буй гишүүд дэмжигчид ч байна. Мөн энэ өөрчлөлтийг зөв гэж байгаа хүмүүс ч байна. Энэ тал дээр хуульч хүний хувьд ?

Энэ тал дээр бол бусад нам нь тэгвэл лидертэй юм уу? гэж л асуумаар байгаа юм. С.Эрдэнийг лидер гэх үү? Ухнаагийн Хүрэлсүхийг лидер гэх үү? Лидер хүн гэдэг бол нийгмээ чирдэг байхгүй юу. Зам гаргагч, мөр засагч. МАХН бол лидертэй нь үнэн. Манайх бол генералтай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж явсан Сайнхүүгийн Ганбаатар гэж хүн байна. Энэ хүмүүс манай лидерүүд, нүүр царай мөнөөсөө мөн. Тэгээд олон сайхан залуучууд байна. Энэ бүхнийг сонгуулийн явцад ард түмэн харж ажиглах байлгүй дээ. Монголчуудын нүдийг нь таглачихаагүй байгаа биз дээ. ҮХЦэц дээр маргаантай явж байгаа нь үнэн. Үнэхээр Монгол улсад хууль дүрэм мөрдөгддөг, "МАНАН” гэж байдаггүй юм бол, эрх зүйч хүний хувьд хэлэхэд хуулиа дагах юм бол Н.Энхбаяр гэдэг хүн дэвших ёстой. Сонгох, сонгогдох гээд 2 эрхтэй л байдаг юм. Энийг бол хэн ч, ямар ч органик хуулиар засч, гажуудуулах ёсгүй. Зүгээр хүч түрнэ гэх юм уу, энэ талаасаа ойлгож болно. Бүр муугаар бодоод, Монголд хууль номоороо явдаггүй нэг хэсэг байдаг шүү дээ. Үнэхээр ингээд хүч түрээд явах юм бол бас нэг өөрчилж болдоггүй юм байдаг юм. Хүмүүст хандаад хэлэхэд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог юм. Сая шинээр батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр хэмжээгүй эрхт Ерөнхий сайдыг хийчихлээ шүү дээ. Тэр Ерөнхий сайд нь болно гэсэн үг. Тэгэхээр бүр илүү хүчирхэг, илүү олуулаа гарч ирнэ гэсэн үг. Баг хамт олон нь намаа дэмжээд явна. Н.Энхбаяр гэдэг хүн Монгол улсын Ерөнхий сайд болох боломжтой, нээлттэй байгаа л гэж миний зүгээс хэлэх байна.

Төгсгөлд нь та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Яагаад МАХН-д элсэх болсон бэ?

Би 1982 онд төрсөн. Нохой жилтэй. Намайг Равжаагийн Өсөхбаяр гэдэг. 1999 онд 10-н жилийн 5-р дунд сургуулийг төгссөн. 2008 онд ТЕГ-ын Дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Сүүлд 2017 онд МУИС-д хууль зүйн ухааны магистар зэрэг хамгаалсан. МАХН-ын бага чуулганы гишүүн. БЗДүүргийн МАХН-ын даргын алба хашдаг. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувийн хэвшилд, бизнесийн салбарт ажиллаж байсан. Урьд нь улстөр, намын аль нэг байгууллагад ажиллаж байгаагүй. Анх удаа сонгосон нам маань МАХН. Төрийн албанд ажиллаж байгаагүй. Нэр цэвэр гэж ойлгож болно доо. МАХН-д яагаад элссэн бэ гэвэл миний үзэл баримтлалтай нийцсэн. Би зүүн төвийн үзэл баримтлалтай. Баруун төвийн үзэл баримтлал гэдэг бол та чадаж байвал амьдар, чадахгүй бол яахав дээ гэдэг, тийм үү? Манай зүүн төвийн үзэл баримтлал бол та чадсан ч, чадаагүй ч ингэж амьдрах ёстой. Ядаж таны авдаг цалин амьдралд чинь хүрэх ёстой, та орон сууцанд амьдрах ёстой. Ядуу давхарга гэж байсан ч маш бага байх ёстой. Чинээлэг дундаж давхарга байр ёстой. Баян давхарга байх ёстой. Татварын бодлогууд нь өөр, ийм үзэл баримтлуулад дээр уялдаж МАХН-ыг сонгосон. Хүн ер нь үзэл баримтлалаа дагадаг. Ийм л байна даа.

Баярлалаа.

Ч.Явуухүү

597
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.