“Би Н.Алтанхуягийн хүн” хэмээн дөвчигнөх “бяцхан” дарангуйлагч буюу Засгийн газрын автобааз дахь будлиан
Засгийн газрын Авто бааз хэмээх 80 шахам жилийн түүхтэй газар бий. Дарга нарт автомашины төвлөрсөн үйлчилгээ үзүүлдэг энэ баазыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцдаг. Эндэхийн даргаар 2012 оны сонгуулийн дараахан Т.Нямдорж гэгчийг томилжээ. Мань хүн өөрийгөө "Би "Алтангадас”-ын буюу Н.Алтанхуягийн хүн гэж аархаж, сайрхдаг "өвчтэй” нэгэн аж. "Өвчтэй” гэдгийг бичээчийн хувьд хашилтанд хийлээ. Аягүй бол эрүүгийн хууль бариад "гүтэглээ, доромжиллоо ” гээд цам харайж мэднэ. Тэр ингэж бас чадах эр бололтой юм билээ. Тэрбээр урьд нь "Айзам” хамтлаг, "Магнай трейд” компани зэрэгт ажиллаж байсан, эрх зүйч мэргэжилтэй ч хөдөлмөрийн эрх зүйн харилцааны наад захын хэм хэмжээг гажуудуулж явна.
Уг нь Засгийн газрын авто бааз нь төрийн үйлчилгээний газар тул эндэхийн дарга нар нам мам гэж ярих ёсгүй юм. Гэлээ ч манай ихэнх төрийн байгууллагад ажиллагсад сонгуулийн үр дүнгээр ялсан намынх нь томоохон дарга нарын шахаагаар ажилд орчихоод "Би тэрний хүн, энүүний намд байдаг. Намайг хэн ч дийлэхгүй” гэх мэтээр "солиорцгоодог” болоод удаж байгаа. Т.Нямдорж ч тэндий л өрөөсөн "дугуй” аж.
Саяхан тус автобаазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, жолооч нар нь Т.Нямдорж даргынхаа хууль бус явдлуудыг засуулах, болохгүй бол бүр огцруулж хаяхаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр дээр захидал илгээжээ.
Энэхүү нээлттэй захидалд 80 хүн гарын үсгээ зурсан байна. Өнгөрсөн хавар ч бас багахан хэмжээний тэмцэл хийгээд авчээ. Гэвч амжилт олоогүй. Яасан гэхээр даргын шахалт хавчилтыг ҮЭХ нь дийлээгүй гэж буй.
Хөдөлмөрийн хуулиар хамтын гэрээ хийгдсэн боловч гэрээний үүргээ баазын захиргаа үндсэндээ биелүүлсэнгүй. ҮЭХ-ны гишүүдийн татварыг хүн тус бүр дээр сарын цалингийн 1 хувиар тооцож санхүү нь суутгах учиртай ч Т.Нямдорж дарга татгалзсанаас болоод татвар бүрдэж чадахаа больжээ. Ингээд ҮЭХ санхүүгийн чадамжгүй болсон байна.
Т.Нямдорж дарга баазынхаа жолооч нарын ажлын цагийг өглөө 7 цагаас орой 19 цаг хүртэл тогтоосон нь бас л хууль зөрчсөн байна. Захидалд энэ тухай тодорхой бичжээ. Баазын жолооч нар 10-12 цаг ажиллаж буй нь яах аргагүй хөдөлмөрийн мөлжлөг. Ядаж илүү цагийн мөнгийг нь бодитоор тогтоож өгсөнгүй. ҮЭХ-оос баазын захиргаатай байгуулсан 2013-2015 оны хамтын гэрээний заалтыг ийнхүү зөрчсөөр байна.
Цалингийн шатлалыг нь ч хууль бусаар хассанд жолооч нар дургүйцжээ. Захидалд "Т.Нямдоржоос өмнө ажиллаж байсан баазын дарга Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.3 дахь заалтууд, мөн тухайн үед мөрдөн хэрэгжиж байсан "Ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр”-ийн 3.1-д заасныг үндэслэн жолооч нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг алдаатай шийдвэр хэмээн үзэж жолооч, ажилчдын цалинг Т.Нямдоржийн тушаалаар 20 хувь хассан юм. Гэтэл энэ үед Засгийн газрын 75 дугаар тогтоол гарч төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн…Нэгэнт цалин нэмэх тухай Засгийн газрын тогтоол гарсан тул хассан 20 хувийнхаа 10 хувийг нэмсэн болж үнэндээ зөрүүнд нь жолооч, ажилчдын цалин 10 хувиар буурч жолооч бид хохирсон юм” гэжээ. Ингэж Т.Нямдорж хууль бусаар ажилчид, жолооч нарынхаа цалинг бууруулсан байв. Урьд нь 500-650 мянган төгрөгийн цалин авч байсан жолоч нар одоо 500 мянга хүрэхгүй цалинтай болжээ. Жишээ нь энд нэг хүнийх нь үндсэн цалингийн тооцоо байна. Тэрбээр 2014 оны 1 дүгээр сард 452. 133. 00 төгрөг авч байсан бол 2014 оны 5 дугаар сард 432.496.00 төгрөг болсон байх юм.
Цалин бууруулсан Т.Нямдорж харин нэг удаа ажилчдынхаа цалингаас 75 мянган төгрөг суутгаж оронд нь дуучин Лхагвасүрэнгийн "Толин хул” тоглолтын тасалбар, хоёр ширхэг срочкин цамцын хамт шахсан байлаа.
/жолооч нарынхаа цалингаас хэлэлгүйгээр суутгасан 75 мянган төгрөгийнхөө оронд шахсан цамц, тоглолтын билет/
Жолооч ажилчид хэдийгээр дургүйцсэн ч ажилгүй болохоос айгаад чимээгүй өнгөрчээ. Мөн замын хөдөлгөөний хяналтаар илэрсэн зөрчилд тооцох хариуцлага, торгуулийн дагуу суутгах 8-10 мянган төгрөгийг 20 мянган болгож өсгөн цалингаас нь суутгадаг моод энэ бааз дээр амь бөхтэй байна. Илүү суутгасан 10 мянган төгрөгийн хуримтлал хаашаа ордогийг хэн ч мэддэггүй. Жолооч нарт үүнийг мэдэх эрх, боломж ч олддоггүй ажээ.
/Дүрэм зөрчсөн жолооч нараас 10000 төгрөгийг суутгах ёстой ч 20 000 төгрөг авсан баримт/
Жолооч нарынхаа ур чадварын нэмэгдлийн 20 хувийн урамшууллыг бүрэн олгодоггүй атлаа баазын захиргааны хэдхэн хүнд онцгой эрх олгож, тэдний нэмэгдэлийг олгож, дээр нь баазаас дуртай үедээ машин авч хэдэн мянган километр зам туулснаар тооцоо хийж буй нь яавч шударга харилцаа биш юм.
Тус баазад ийнхүү ялгаварлал, талцал дэндэж байна. Жолооч нарынхаа 13 дахь цалинг олгохдоо удирдлагадаа Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шаардлага тавьдагаас "эсэргүү” хэмээгдэх болсон гурван хүндээ өгөөгүй байх жишээтэй. Ухаандаа Т.Нямдорж дарга тэднийг "хашрааж” байгаа нь энэ юм байлгүй.
Т.Нямдорж бааздаа эрх мэдлээ хэтрүүлэн жижиг сажиг сэлбэг шахахаас гадна автомашин "сожиж” яваа нь олны дургүйцлийг төрүүлсээр байна. Хувьдаа унаж байсан, 2008 оны Ланд-200 маркын машинаа 2010 оных болгож засаад байгууллагадаа 80 саяар заржээ. Үүнийгээ удалгүй Замын-Үүдийн чөлөөт бүс рүү явуултал тэндээ очоод мотор нь эвдэрч улсаас 20 сая төгрөгөөр шинэ мотор авч тавьсан гэх яриа жолооч нарын дунд домог мэт яригдаж буй. Мөн /Линкольн/ маркын автомашиныг Т.Нямдорж баазаасаа 5 сая төгрөгөөр авч өндөр үнээр заржээ. Түүнчлэн баазынхаа 77-79 УБҮ дугаартай Ниссан потроль жийпийг Төв аймгийн ТӨ 00-08 дугаартай люксус-470 маркын машинаар сольсон байх юм. Баазынхаа хучин грашийн модыг ч хуу хамж аваад Найрамдал зуслан дахь гэртээ буулгасан нь олны хараанд өртөв. Энэ оны 11 дүгээр сард Итали улс руу нягтлан бодогчдын уулзалтанд Т.Нямдорж дарга баазаасаа 10 гаруй сая төгрөг гарган зардал хийж явсан нь бас бөөн асуудал болж буй ажээ. Өнгөрсөн зун Хурд хамтлагийн 20 жилийн ойд Т.Нямдорж нь мөн баазаасаа 10 сая төгрөг хандивлаж хууль журам зөрчсөн байна. Энэ байгууллага нь бусад байгууллагад мөнгө хандивлаад байх бяртай байгууллага биш. Энэ 10 сая төгрөгөөр жишээ нь аккумлятор, дугуй авбал хичнээн авто машины асуудлыг шийдэх байсан бол… Ингэж л өөрийн хувийн компани мэт авирлаж байгаа нь энэ..
Засгийн газрын авто бааз хэмээх энэхүү 200 гаруй жолооч ажиллагсадтай, 180 гаруй автомашинтай аж ахуйд үндсэндээ Т.Нямдорж гэгчийн хэмжээгүй ноёрхол ийнхүү газар авч байна. Түүний бусдыг заналхийлэх, зодох, айлган сүрдүүлэх ааш авирын дор жолооч ажилчдынх нь тэсвэр тэвчээр алдарч буй бололтой. Тиймээс тэд "Т.Нямдоржийн ажил байдал, ааш зан, арга барилд үнэлэлт дүгнэлт өгч, огцруулан, өөр захирал томилж өгөхийг хүсч байна” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ханджээ. Хэрхэхийг С.Баярцогт дарга шийдэх биз.
Жич: Өнгөрсөн хавар, зун Т.Нямдоржийн танхай балмад явдал, хууль бус үйлдлүүдийн талаар olloo.mn сайтад нийтэлснийг та бүхэн сонирхон уншиж болох бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бас нэгэн ноцтой зөрчлийнх нь бичлэгийг үзэхэд илүүдэхгүй.
http://www.olloo.mn/n/4118.html
Эх сурвалж: Түмэн.мн Б.Отгонбаяр