"In The Long Run" баримтат кино Патагониад нээлтээ хийлээ
"Монголчууд Уул амьтай гэж ярьдаг” хэмээн Монгол, Франц, Нидерландын снөүбоардчид Алтай Таван Богд руу гарсан адал явдлыг өгүүлэх In The Long Run баримтат киноны танилцуулга эхэлнэ.
Европын дөрвөн тамирчин, Монголын дөрвөн тамирчид хамтран Алтай Таван Богд руу түүхэнд анх удаа "Сплитбоард” буюу салгаад цана шиг ашигладаг снөүбоардтай оргил өөд авирчээ.
Аялал дөрвөн өдөр үргэлжилж, снөүбоардын мөр гараагүй замаар буусан аж. Европоос энд ирэх гэж тэд дөрвөн өөр онгоц сольж, Оросын Фургон машинаар долоон цаг давхиж, тэмээнд ачаагаа зүүгээд таван цаг алхаж байж эхний бааз дээрээ ирсэн хэмээн киног бүтээсэн Себ Жам өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Киног бүтээгчид өнгөрсөн зун Монголын мэргэжлийн Снөүбоардын холбооны урилгаар ирсэн бөгөөд Монголын Снөүрбоардчид хийсэн гурав дахь, гаднын тамирчидтай хамтран бүтээсэн анхны дэлгэцийн бүтээл энэ болж байна.
Өчигдөр Амстердамын Патагониад нээлтээ хийсэн энэхүү бүтээл олон улсын кино наадмуудад өрсөлдөж, ирэх жил Монголд нээлтээ хийх аж. Харин Монголын мэргэжлийн Снөүбоардын холбооныхон "Сүмбэр" хэмээх гурав дахь уран бүтээлээ мөн туурвиж байгаа юм байна.